БОАЖ-ын сайд гэр хороололд мод тарилаа
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2016.10.10

БОАЖ-ын сайд гэр хороололд мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хорооны ард иргэдтэй хамт мод тарьж, тарьц, суулгац өглөө.

Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-намрын мод тарилтыг БОАЖЯ-наас хашаандаа мод тарьж ургуулах хүсэл сонирхолтой иргэдийг дэмжиж, тэдэнд зориулсан сургалт зохион байгуулж, суулгац, шороогоор хангаж ажилласнаараа онцлог байсан юм. Энэ ажлын хүрээнд Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоотой хамтран Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 300 орчим иргэнд мод тарьж, ургуулах сургалтыг зохион байгуулж, тарьж, суулгацаар дэмжжээ. 

Мод тарих үйл ажиллагааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлчүүд агаар, орчны бохирдол ихтэй гэр хорооллын гудамж талбайд мод, сөөг олноор тарьж, эрүүл ногоон орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон хүлэмжийн хийг бууруулах хамгийн сайн арга бол ногоон моддыг тарьж ургуулах юм. Мөн утаа, тортгийг өөртөө шингээж, цэвэр агаар хүчилтөрөгч ялгаруулдаг учраас мод тарьж, ургуулахад ард иргэдийг идэвх санаачлагатай ажиллахыг уриаллаа.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хашаанд нь очиж мод тарьсан айлуудын нэг бол Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны өндөр настан К.Кумарзак гуайнх. Тэрбээр хоёр, гурван жилийн өмнө хашаандаа жимсний мод тарьж эхэлсэн нь бяцхан төгөл маягтай болжээ.

Тэрбээр “Ач нартаа зориулж мод тарьж эхэлсэн. Тарьсан мод маань ногоороод харагдах сайхан л юм билээ” хэмээн ярилаа. Өнгөрсөн жил БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачлагаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж, модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хийсэн нь үр дүнгээ өгсөн. 

Тус хөдөлгөөнд 227.4 мянган иргэд, 12.8 мянган аж ахуйн нэгж байгууллага оролцож нийт 30 гаруй төрлийн 1.78 сая мод тарьж ургуулсан. Мөн хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 44.4 мянган өрх хашаандаа 296.9 ширхэг мод тарьж ургуулжээ. Цаашид модыг тариад орхих биш, ургуулах нь чухал учраас айл өрхүүдийн хашаандаа мод тарих ажлыг илүү дэмжиж, эзэнтэй мод илүү ургана гэсэн бодлогыг барьж ажиллах ажээ.