Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж байна
2016.10.04

Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж байна

Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны 04-05 сард хөөргөхөөр бэлтгэж байна. Энэ хүрээнд МУИС-ийн баг, хамт олныг өнөөдөр /2016.10.04/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзлаа. 

МУИС нь Япон улсын Кюүшүгийн Технологийн Институттай хамтран “BIRDS” төслийн хүрээнд Монгол Улсын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. 2014 оноос эхэлсэн “Инженер технологийн дээд боловсрол төсөл”-ийн хүрээнд сансар судлалын ахисан түвшний сургалт явуулах, залуу багш нарыг  Япон улсад сургах, мэргэжил дээшлүүлэх, хиймэл дагуулыг удирдах антенийг МУИС-д суурилуулах зэргээр оролцож байгаа аж.

ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй  “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл  юм. Энэ хүрээнд  Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын таван  хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулна.

МУИС-ийн залуу багш, эрдэмтэд Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансарын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээж байна. Нано хиймэл дагуул бүтээх, турших, дэлхийн шилдэг гурван лабораторын нэг нь Кюүшүгийн ТИС-д байдаг бөгөөд залуу боловсон хүчнээ бэлтгэх, туршилтын лабораторуудыг ашиглах, бүтээсэн дагуулаа сансарын тойрог гаргах бүхий л үйл ажиллагааны нийт зардлыг 12 сая иенд багтаан гүйцэтгэхээр МУИС, КТИС хоорондын гэрээ байгуулжээ.

Монголын анхны хиймэл дагуул 400 км өндөрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой.Түүнээс гадна сонирхогчийн радио долгионы уртаар дуут дохио, мэдээлэл дамжуулна.

Анхны хиймэл дагуулын техникийн эдгээр шийдлүүдийг гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулахад ашиглахаар Улсын онцгой комисс, ОБЕГ-тай  хамтран ажиллаж байна.