БСШУС-ын сайд АШУҮИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилчидтай уулзлаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.10.04

БСШУС-ын сайд АШУҮИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилчидтай уулзлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь АШУҮИС-ийн үйл ажиллагаатай танилцан багш, ажилчидтай уулзлаа. Уулзалтын үеэр АШУҮИС-ийн цаашдын бодлого, үйл ажиллагааны тухай тус сургуулийн захирал Г.Батбаатар товч танилцуулсан юм.  

Тухайлбал, АШУҮИС түүхэндээ анх удаа их сургуулийн эмнэлэг барих төслийг “Жайка” олон улсын байгууллагатай хамтран эхлүүлжээ. Төслийн барилгын ажлыг өнгөрсөн 4 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд ирэх 2018 оны зургадугаар сард түлхүүр гардаж авах аж.

Мөн өнгөрсөн онд АШУҮИС-ийн хамт олон улсын төсвийн 2 тэрбум, сургуулийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон давхар номын санг ашиглалтад оруулжээ. Ийнхүү тус сургуулийн оюутнууд 100 хувь номын сангаараа үйлчлүүлэх боломж бүрдэж, номын фондоо 20-25 хувиар шинэчилсэн байна.

Тус сургуульд эдүгээ дэлхийн 10 гаруй орны оюутан залуус суралцаж байна. Өнгөрсөн онд тус сургууль 100 гаруй оюутанд 70 сая төгрөгийн тэтгэлэг олгосон бол энэ онд 250 сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөөд байгаагаа энэ үеэр дуулгалаа.

Энэ мэтчилэн 2024 он хүртэл хөгжлийн бодлогоо тодорхойлсон АШУҮИС-ийн хамт олон хийсэн, бүтээсэн ажлаа салбарын сайддаа дуулгав. Түүнчлэн хүлээгдэж буй хэд, хэдэн төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа учир дэмжлэг хүслээ. Тухайлбал, сургуулийн эмнэлгийн барилгын тавилга, эд хогшилд шаардлагатай 1,5 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгаж өгөхийг хүсэв.

Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарал хандуулахыг хүслээ. Харин БСШУС-ын сайд Ж.Батсуурь улс орны өмнө хамгийн чухал үүрэг хүлээсэн боловсон хүчин бэлтгэдэг хариуцлага өндөртэй сургуулийн хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа Монголын анхны их сургуулийн харьяа эмнэлгийн үйл ажиллагааг саадгүй явуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр анхаарах болно гэдгийг онцлон тэмдэглэв.