Ж.Батсуурь: "Цөм" хөтөлбөрийг гаргасан хүмүүс нь ч өөрсдөө юу хийснээ мэдэхгүй байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
2016.10.03

Ж.Батсуурь: "Цөм" хөтөлбөрийг гаргасан хүмүүс нь ч өөрсдөө юу хийснээ мэдэхгүй байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.

- Багш нарын баярын өдөр тохиож байна. Ярилцлагынхаа эхэнд мянга мянган багшид хандаж мэндчилгээ дэвшүүлэх болов уу?

Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жил, Монголын багш нарын баярыг тэмдэглэж эхэлсний 50 жил тохиож байна. Монголын мянга мянган багш нартаа хандаж ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж байна.

Манай боловсролын салбарын үүрэг, зорилго тодорхой. Цэцэрлэгт сургуулийн өмнөх, дунд сургуулиудад бүрэн дунд боловсрол, их дээд сургуулиудад дээд боловсрол олгож байна. Энэ үйлстээ сэтгэлтэй, анхааралтай ажиллаарай гэж багш нартаа захидаг.

Бидний зүгээс бүх шатны суралцагчдын сурлагын чанарт онцгой анхаарал хандуулна. Стандартын боловсролын чанарын шинэ шатанд гаргах хөтөлбөр бий. Хүүхэд бүртэй тулж ажиллах ёстой. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, сургуулиудыг дээд тал нь хоёр ээлжтэй байх зорилго тавиад ажиллаж байна.

-Багш нарын цалин хангамж тааруу гэх яриа байнга гардаг. Төсөв хүнд байгаа үед багш нар цалингаа нэмүүлэхийг тэгтлээ шаардахгүй байгаа. Харин насаараатөрд ажилласан багш нар тэтгэвэртээ гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг нь хассанд гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Тэтгэмжийг хасаж, танахаас өөр аргагүй байдалд байна уу?

Хууль тогтоогчдын бүрэн эрхийн асуудал. 2017 оны төсвийг хэлэлцэхэд шийдвэр гарна байх. Гэхдээ энэ тэтгэлэг, тэтгэмжийг байгаа түвшнээс нь дордуулахгүй гэдэгт итгэж байна.

-Ахмад багш нарын төлөөллийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо танай яамтай хамтран хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Ахмад багш нар мэдлэг, туршлагаа салбартаа зориулмаар байгаагаа илэрхийлсэн. Тэднийг зөвлөх багшаар ч юм уу ажиллуулах боломж бий болов уу?

Тухайн сургуулийн бүрэн эрхийн асуудал шүү дээ. Жилд мянга, мянган залуус сургуулиа төгсдөг. Тэднийгээ ажилгүй, орлогогүй байлгах хэцүү. Харин ахмадууд маань тэтгэврээ авч байгаа. Тэгэхдээ ахмад багш нарынхаа туршлагыг ашиглалгүй яахав. Багш нарын холбоо ч үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Тухайн сургуульд ямар хүнийг ажиллуулах нь аймаг, дүүрэг, нийслэлийн боловсролын газар, сургуулийн эрх хэмжээний асуудал.

-Боловсролын салбарт сүүлийн хэдэн жил том шинэчлэл хийлээ гэсэн. 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжлээ. Сүүлийн дөрвөн жил “Цөм” хөтөлбөр хэрэгжсэн. Энэ шинэчлэл үргэлжлэх үү?

Тэртэй тэргүй боловсролын систем үүсч, хөгжөөд 90 гаруй жил болж байна. Бүхий л хугацаандаа бүрэн дунд боловсрол олгож ирсэн. Суралцсан хүүхдүүд гадаад, дотоодын их дээд сургуулийн шаардлага хангаад л суралцаж байлаа.

Шинэчлэл гээд 12 жилийн тогтолцоонд шилжлээ. Ийм ч стандарт, тийм ч “Цөм”, “Авьяас" хөтөлбөр гээд янз янзын чамин нэр зүүгээд тэр нь иргэдэд өөр өөр ойлголт төрүүлэх болсон. Боловсролын салбарыг бүрмөсөн шинэчилж байна гэж ойлгох хүмүүс ч байна.

Угаасаа л дэлхийн бүх улс орнуудын стандартын дагуу хичээлээ зааж байгаа. Өөрчлөгдсөн зүйл үгүй. Харин яаж хүүхдэд тэр хичээлийг эзэмшүүлэх вэ гээд арга технологи өөр өөр байгаа.

Түүнээс хэн нэгэн нь гарч ирээд шинэ зүйл яриад, түүндээ гоё нэр өгөөд байх чухал биш л дээ. “Цөм” гэдэг нь юу ч гэсэн үг юм. 10, 11, 12 дугаар ангид хичээл сонгоно ч гэх шиг.

Сонгоогүй хичээлээ яах билээ. Багш нар түрүүчээсээ өргөдлөө бариад ирж байх жишээтэй. Манай сургуульд миний зааж байсан хичээлийг байхгүй болгочихлоо гэж байна. Ийм байж болохгүй. Заавал судлах хичээлийг сурах бичгийн хүрээнд үзэж дуусгана, бүх цагийнхаа тав, арван хувьд нь нэг хоёр хичээлийг гүнзгийрүүлж үзэж болох юм.

Гэтэл нэг хичээлийг сонгон суралцаж урагш нь давшсаар байгаад их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст үздэг хичээлээ судалчихдаг. Нөгөө сонгоогүй хичээлээ мэдэхгүй дунд сургуулиа төгсдөг. Уг нь тэр хүүхэд дээд сургуулийн хичээлийг тэнд нь үзэх л гэж дотоод гадаадын их, дээд сургуульд элсдэг.

Тэгэхээр нэг, хоер хичээлийг сонгоод бусад сургалтын хөтөлбөрөө орхигдуулах нь зохисгүй. Монгол хүүхэд байж монгол хэлээ мэдэхгүй, зөв бичиж чадахгүй байх тохиолдол маш их гарч байна. Их, дээд сургуулийн багш нар ч тэгж шүүмжилдэг.

-Тэгэхээр өмнөх дөрвөн жилд хэрэгжсэн “Цөм” хөтөлбөр өөрчлөгдөнө гэсэн үг үү?

Яагаад ч “Цөм” гэдэг нэр өгөөд байгаа юм. Тэртэй тэргүй бүрэн дунд боловсролын агуулга дэлхий нийтээрээ нэг байдаг шүү дээ. Дэлхийн стандартыг хангаж, хаана ч сургуульд сурах боломжийг л бүрдүүлэх үүрэг манай салбарт ноогдож байгаа. Багш нар дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмшүүлэх ёстой.

Гэтэл математик үзээгүй юм шиг эсвэл монгол хэлээ мэдэхгүй төгсч болохгүй. Сургалтын хөтөлбөрт “Цөм" ч юм уу, өөр чамин нэр өгөхөд өөр болчихдог юм биш. Өөрчлөөд ч байх юм байхгүй. Харин Монгол Улсын хэмжээнд бүрэн дунд боловсрол олгож байгаа бүх сургууль яг ижил түвшинд боловсрол олгох үүрэгтэй. Бүх хичээл сурах бичигтэй байх ёстой. Сурах бичгийн агуулгыг дур зоргоороо өөрчлөх асуудал сүүлийн жилүүдэд маш их ноёрхсон байна.

-Сурах бичиг сургалтын стандартдаа тохирохгүй байна гэж үү?

Сурах бичгийн агуулгыг судлах ажлын хэсэг байгуулаад ажиллуулж байна. Дунд сургуулийн багш хэд, хэдэн сурах бичиг барьж ирээд надтай уулзсан. “Энэ сурах бичгийг юу гэж ойлгох вэ. Түүхийн сурах бичиг гэхэд Монгол Улсынхаа түүхийг үзэх гээд байгаа юм уу, дэлхийн түүх судлах гээд байгаа юм уу ойлгогдохгүй” гэж хэлсэн.

Холион бантан болсон сурах бичиг ашиглаж байгаа юм байна л гэж ойлгосон. Хүүхдэд эзэмшүүлэх нь бүү хэл багш нь ойлгодоггүй ном байна. Энэ жил аравдугаар анги сурах бичиггүй. “Цөм” хөтөлбөрийн дагуу хичээлээ сонгочихно гээд байгаа. “Цөм” хөтөлбөрийг гаргасан Боловсролын хүрээлэнгийнхэн, яамныхан гээд албан тушаалтнуудтай уулзлаа.

Яг тэр хөтөлбөрөө мэдэж байгаа хүн алга. Хичээл сонгоно гэнэ, хэдэн цаг сонгох нь тодорхойгүй. Математикийн хичээлийг гурван жил сонгосон хүүхэд хаана хүрэх нь бас л тодорхойгүй. Гүнзгийрүүлсэн сургалттай гэж ярьдаг. Гүнзгийрүүлж байна гээд урагш нь давхиад их, дээд сургуулийн хичээл үзчихдэг.

Энэ бол ерөнхий боловсролын түвшинд байх шаардлагагүй. Харин 12 жилд үзэх хичээлээ бүгдийг нь эзэмшсэн үү гэдэг нь чухал. Гэтэл одоо бүх хичээлээ эзэмшсэн хүүхэд маш бага. Зарим нь бүр ойлголт ч байхгүй болчихсон. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудад түвшин тогтоох шалгалт явуулж, судалж үзэхээр ажиллаж байна.

Ядаж монгол хэлний түвшин нь ямар байгааг судалж тогтоогоод цаашид яахаа тодорхойлъё. Их, дээд сургуулийн багш нар “Оюутнууд ядаж элсэлтийнхээ онооны түвшинд байж чадахгүй байна” гэж халаглаж байна. Үүнийг л бид засч залруулах ёстой.

-Ё.Отгонбаяр сайдын үед Кембрижийн стандартыг нэвтрүүлнэ гээд дөрвөн лаборатори сургууль ажиллуулж эхэлсэн. Тэр сургуульд суралцах хүсэлтэй маш олон хүүхэд байдаг. Кембрижийн хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүд дэлхийн нэртэй их, дээд сургуульд элсч байгаа дүн ч байна.

Маш их өртөгтэй сургуулиуд шүү дээ. Тийм ч учраас онцгойрсон. Эцэг, эхчүүд хүүхдээ оруулах гэж маш их хөөцөлддөг. Нэг аймгийн нэг сургуулийг өөр болгоё гээд төсөв хөрөнгийг нь зуу, зуун саяар нэмээд байвал онцгойроод өөр л болно. Монгол Улсын 330 суманд байгаа ерөнхий боловсролын сургуулиуд адил түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой.

Харин аймаг бүрт лаборатори сургууль бий. Хичээлийн хөтөлбөрийг шинэчлэхдээ тэр сургуулиуддаа туршилтын журмаар эхлүүлдэг. Үр дүнтэй байвал бүх сургуульд дамжуулж хэрэглэдэг. Боловсролын яамны бааз, түшиц гэсэн үг л дээ. Тийм зорилгоор л байгуулагдсан сургуулиуд л даа. Түүнээс бүх сургуулиа Кембрижийн стандарттай болгоё гэвэл зуу, зуун жил шаардлагатай байх.

-Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг ч өөрчилсөн. Нэгдүгээр курст ерөнхий эрдмийн хичээл үзэж, хоёрдугаар дамжаанаасаа мэргэжлээ сонгодог. Үүнээс болж мэргэжлийнхээ хичээлийг гурван жилд багтааж судалж чаддаггүй. Зарим багш нарын заадаг хичээл сонгогдоогүйгээс болж ажилгүй болж байгаа гэж багш нар ярих юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчин бэлтгэх зорилготой л доо. Гэхдээ хичээл сонгосноор шаардлага багатай, сул шаардлагаар дүн тавьдаг багш сонгох хандлага байдаг. Сургалт гэдэг бол нарийн яривал хатуу дэгтэй л байх ёстой.

-Сургуулийг дээд тал нь хоёр ээлжтэй болгох зорилт тавьж ажиллаж байгаа гэлээ. Тэгтэл өнөөдөр нийслэлийн цөөнгүй сургууль гурван ээлжээр ажиллаж байна. Цөөнгүй сургууль, цэцэрлэгийн барилгыг царцаасан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Зөвхөн манай салбарын 360 гаруй барилгыг энэ онд байтугай ирэх онд дуусгаж чадахааргүи төсөв шаардлагатай байгаа. Үүн дээр дээр шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлага маш их байна. Нийслэлд гэхэд маш олон цэцэрлэг мэргэжлийн хяналтын дүгнэлтээр актлагдчихсан. Нөгөө талд нийслэлд цэцэрлэггүй 40-өөд мянган хүүхэд байна.

Гурваас дээш ээлжээр хичээллэж байгаа 36 сургууль байна. Тэднийг хоёр ээлжинд оруулахын тулд нэмж сургууль бариулахаас аргагүй. Нийслэлд сургууль, цэцэрлэг барихад хамгийн том бэрхшээл нь газрын асуудал. Газрын нөхөн олговор олгоё гэхээр зөвхөн нөхөн олговор нь нэг сургууль барих өртөг болчих гээд байдаг. Бид Улаанбаатар хотын захиргаатай ярилцаж байна. Газартай боллоо гэхэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр бүр шинэ сургууль цэцэрлэг бариад байх боломж хомс.

Улсын хэмжээнд манай салбарын 4800 орчим барилга, обьект бий. Тэдний засварын зардалд маш их мөнгө шаардагддаг. Зарим нь 40-50 жил болчихсон, урсгал их засвар шаардлагатай болчихсон. Засвар хийхгүй бол ашиглалтаас гарчих гээд байдаг. Тиймээс засварыг маш цаг хугацаанд нь чанартай хиймээр байдаг. Яамны дэргэд барилга захиалагчийн алба байсныг татан буулгаад Барилгын хөгжлийн төв рүү шилжүүлчихэж.

Яам бодлогын газар гээд барилга, обьектуудаа хариуцахаа больчихсон. Сум, аймаг нь ч сургууль, цэцэрлэгийнхээ барилгыг хариуцдаггүй. Тэгсэн атлаа боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа хүссэн ч, эс хүссэн ч манай яам руу асуудал нь ирдэг. Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ажиллахад сумын дотуур байр халаалтаа авч чадахгүй болчихсон.

Сум нь мөнгөгүй гээд засч өгдөггүй гээд яаманд хандаж байх жишээтэй. Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг 10 сая төгрөгөөр засвар хийхгүй бол халаалтаа авч чадахгүй гээд мөнгө нэхэж байдаг. Гэтэл манайд тийм мөнгө байхгүй. Явж үзээд, шинжлээд төсөвт суулгаад, засварын компанид захиалга өгдөг ажлын алба ч манайд байхгүй. Энэ мэт бэрхшээл их байна.

-Боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаар салбарын яам анхаарахаас аргагүй л дээ.

Хөдөө ажиллаж байхад музейн барилга дотор, гадаргүй ус гоожчихсон. Яаралтай засвар хийчихвэл боломжийн барилга. Харин нэг жил өнжчихвөл ашиглах боломжгүй болох гээд байдаг. Баруун аймгуудад ч сургуулийн барилга мөөгөнцөртөөд багш, сурагчид нь түүнээсээ халдвар авчихсан байх жишээтэй. Үүнд анхаарлаа хандуулахаас аргагүй.

Тиймээс гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг татахаар хичээж байна. Гэхдээ дэндүү олон барилга, обьекттой салбар. 5-10-хан тэрбум төгрөг төсөвт суулгадаг. Тэр мөнгө нь засвар хийх гэхээр аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог. Тиймээс Сангийн яамныхан ойлгож, дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Барилга захиалагчийн албыг сэргээж анхаарал хандуулахгүй бол дэмий хөрөнгө үрэгдэх ч магадлалтай.

Монголын Үндэсний номын сангийн захирал “Энэ жил 95 жилийн ой тохиох гэж байна. Би орж гарч байгаа хүмүүсээс ичээд байна. Жаахан будагны мөнгө өгөөч. Хаалгаа будчихмаар байна” гэж байна лээ. Гэтэл яаманд гаргаад өгөх мөнгө байхгүй. Хүмүүс “Энэ яамны байж байгаа царайг хар” л гэж ярьдаг шүү дээ. Энэ мэт бэрхшээл байна.

-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй сургууль барьсан. Азийн хөгжлийн банкнаас танай салбарт бас төсөл хэрэгжүүлж байсан. Энэ мэт төсөл, хөтөлбөр татах боломж бий юү?

Хятад, Японы Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслөөр сургууль, цэцэрлэг барих боломж байгаа. Концессоор ч барилга бариулах боломж байгаа. Гэтэл манай яамны эрх мэдэлтнүүд тал тал тийш нь тараагаад хаана юу байгаа нь мэдэгдэхээ больчихсон. Заримыг нь гацааж зогсоогоод хугацаа алдчихсан. Энэ бүхнийг цэгцлэхээр ажиллаж байна.

Хотын захиргаатай хамтран судалгаа гаргаад хаана, хэзээ, ямар барилга барих шаардлага байгааг тодруулаад анхаарч ажиллахаар боллоо. Аймаг, дүүргүүдэд байгаа дуусаагүй барилгын талаар судалгаа гаргуулж авлаа. Ашиглагдаж байгаа барилга, обьектуудын насжилтыг тогтоохоор бас ажиллаж байна. Төсөл, хөтөлбөр татахаар ажиллаад эхэлсэн.

-Танай нам оюутны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон. Гэтэл оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээлийг зогсоочихлоо.

Энэ хичээлийн жилд оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хагаст нь олгосон. Үлдсэн оюутнуудад олгохоор төсвийн тодотголд тусгаад шийдвэрлэсэн. Бүх оюутан тэтгэлгээ бүрэн авна гэсэн үг. Үүнээс гадна “Боловсролын зээлийн сан” байгуулж байгаа.

Ирэх долоо хоногийн хуралдаанаар журам нь тодорхой болчих байх. Оюутнуудын сургалтын төлбөрийг төсвөөс арилжааны банкаар дамжуулж гаргаад сургууль руу нь шилжүүлдэг байхаар тогтох болов уу.