“Монголын ЖДҮ-дэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр нээлтээ хийлээ
2016.09.29

“Монголын ЖДҮ-дэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр нээлтээ хийлээ

Европын Холбооны Азийн Хөрөнгө Оруулалтын Сан (АХОС)-аас санхүүжиж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ хөтөлбөрийн нээлтийн хурлыг Монгол дахь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 2016 оны 9 сарын 28-ны Лхагва гарагт зохион байгууллаа.

Монголын ЖДҮ-дэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр нь 2016-2019 онд хэрэгжинэ. Мөн уулзалт дээр 300 гаруй ЖДҮ-ийг шууд хэлбэрээр, ЖДҮ-ийн бодлогыг дэмжих хөтөлбөрөөр дамжуулан хэдэн мянган аж ахуйн нэгжийг шууд бусаар дэмжиж, 2011-2016 онд хэрэгжиж дууссан Монголын ЖДҮ-ийн хөгжлийн хотолбор-иин үр дүнг танилцууллаа.

     2016 оны 6 сараас хэрэгжиж эхэлсэн шинэ хөтөлбөр нь 9.3 сая еврогийн өртөгтэй ба ЖДҮ-ийн санхүүжилт ба ноу-хау-ийн хүртээмжийг сайжруулж, улмаар Монгол улсын эдийн засгийн төрөлжүүлэлтийг дэмжих зорилготой юм.

   ЕСБХБ-ны Монгол дахь Суурин Төлөөлөгч Мэтью Ле Блан, “Монголын эдийн засгийг том экспортлогч компаниудад чиглэсэн уул уурхайн салбар ба дотооддоо бараа үйлчилгээ нийлүүлэгч ЖДҮ-дэд чиглэсэн орон нутгийн эдийн засаг гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэж хэлж болно. Уул уурхайн салбараас гадна, нийт компаниудын 82 хувийг эзлэн, нийт ажил эрхлэлтийн 70 хувийг (2013-2014 он) бүрдүүлж буй ЖДҮ-үүд Монгол улсын эдийн засагт давамгайлж байна” гэжээ.

     “Гэсэн хэдий ч, Монголд ЖДҮ-ийн өсч, төрөлжих боломжийг хазаарлаж буй олон тооны хязгаарлалт байна. Эдгээрт санхүүгийн салбарын буурай хөгжил, хөрөнгийн зах зээлийн хязгаарлалт, мөн бизнес эрхлэгчид, тэдгээрийн ажилчид дунд удирдлагын ур чадвар сайжруулах арга барилын хүртээмж муу зэрэг хүчин зүйлс багтана. Монголын хувийн хэвшлийг дэмжиж, ЖДҮ-д амжилтад хүрэхэд шаардагдах санхүүжилт, ноу-хауг олж авахад туслах ЕСБХБ-ны төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэж байгаа энэхүү хөтөлбөр нь ЕСБХБ-ны Жижиг Бизнес Санаачилгын нэг хэсэг юм.”

   Хөтөлбөр нь ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахдаа: 1) ЖДҮ-дэд зээлдүүлэх зорилгоор орон нутгийн түнш санхүүгийн байгууллагад зээлийн шугам олгох, 2) орон нутгийн түнш санхүүгийн байгууллагуудтай хамтран ЖДҮ-дэд олгох зээлийн эрсдэлийг хуваалцах замаар зээл олголтыг өргөжүүлэх зэрэг аргаар тусална.

    Мөн түүнчлэн хөтөлбөр нь маркетинг, санхүүгийн удирдлага, стратеги зэрэг өргөн хүрээнд өрсөлдөх чадвар сайжруулах төслүүд дээр ЖДҮ-ийг орон нутгийн зөвлөхтэй хамтран ажиллахад туслан чадавхыг бэхжүүлэх, ноу-хау хүртээмжийг дээшлүүлэх боломжийг олгоно. Бизнесийн орчин, дотоодын санхүүгийн зуучлалыг сайжруулахад чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлж түнш санхүүгийн байгууллага, бизнесийн холбоодод тусална.

   Хөтөлбөр нь уул уурхай, олборлох салбараас бусад салбаруудад үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг, дунд компаниудад чиглэсэн ба хөдөө орон нутгийн ЖДҮ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэх үүднээс Монгол улсын 21 аймгийг хамрахаар зорьж байна.

   Хөтөлбөр нь хувийн хэвшил, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих ЕСБХБ-ны төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэж дараах харилцан холбоо бүхий дөрвөн хэрэгслийг санал болгоно. Үүнд:

 Хэрэгсэл 1: Бичил болон жижиг компаниудад зориулсан зээлийг түнш санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ЖДҮ-дэд олгох шууд бус санхүүжилт,

 Хэрэгсэл 2: Түнш санхүүгийн байгууллагуудтай хамтран жижиг болон дунд хэмжээний компаниудад олгох зээлийг хамтран санхүүжүүлэх/эрсдэл хуваах,

 Хэрэгсэл 3: ЖДҮ-дэд бизнесийн зөвлөгөө өгөх,

 Хэрэгсэл 4: Санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, бизнесийн холбоодыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын дэмжлэг