"Улаанбаатарын намар" 9 дүгээр сарын 30-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачилгаар 9 дүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно.
Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих зорилготой юм. Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллана.
Мөн “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөд рок попын одод ая дуугаа өргөх юм. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллана.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх дөрвөн жил их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулснаа Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцоорой.