Д.Цогтбаатар: Бид хүүхдэд төсөвгүй гэж хэлэх эрхгүй
Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн дээврийг засварлах үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Б.Цогтбаатар танилцлаа.
Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.Одгэрэл "Манай цэцэрлэг 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ энэ хичээлийн жилд 570 гаруй хүүхэд хүлээн авсан. Манай цэцэрлэгийн дээвэр муудаж, борооны ус гоожоод байсан учраас дээд давхрын ангиудад хүүхэд хүлээж авах боломжгүй байсан.
Иймээс бид бүхэн энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт хүсэлт хүргүүлж, улмаар хөрөнгөө шийдүүлснээр дээврийн засварын ажлаа эхлүүлээд байна. Нэг ангийн дээврийг дүүргийн засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж засварласан. Бусад ангийн дээврийг засварлахад улсаас 37.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Ингэснээр хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд хүлээж авах болсон" гэлээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Сарын өмнө энэ цэцэрлэгт ирэхэд үйл ажиллагаа явуулахад маш хүнд байсан. Ингээд бид хотын удирдлагуудтай уулзаад “Энэ асуудлыг яаралтай шийдэхэд онцгой анхаарч өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан.
Хотын дарга С.Батболд, Хөрөнгө оруулалт хариуцсан дарга Баярхүү нар цаг тухайд түргэн шуурхай арга хэмжээ авч, цэцэрлэгийн дээвэр засварлах хөрөнгийг шийдэж өгсөнд баяртай байна. Тиймээс бид дулааны улиралд багтааж, засварын ажлаа дуусгахаар ажиллаж байна.
Хүүхдүүд ангидаа орчихсон, дотор талын бүх засвар хийсэн. Цэцэрлэгийн ачаалал бол зөвхөн энэ дүүргийн асуудал биш улс орон даяар нөхцөл байдал хэцүү байна. Ер нь хэд хэдэн цэцэрлэг дээврийн асуудалтай байна. Үүн дээр гадаад, дотоодын нөөц бололцоог сайн ашиглах хэрэгтэй. Цэцэрлэгийн хамт олон их зүтгэл, санаачилгатай ажиллаж байна.
Хүүхэд аюулгүй орчинд өсч хүмүүжнэ гэдэг номер нэг асуудал. Хүүхдүүд аюулгүй байдлаа бүрэн хангасан цэцэрлэгт явж байж эцэг эх нь санаа зовохгүйгээр ажлаа хийж, улс орон хөгжинө. Бид төсөв байхгүй гэх тайлбарыг хүүхдэд хэлэх эрхгүй. Бид хүүхдүүдэд тав тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж өгөх үүрэгтэй. Үүнийхээ төлөө ажиллах ёстой” гэлээ.