Номын баяр нээлтээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон юм. Уламжлал ёсоор өнөөдөр /2016.09.16/ тав дахь удаагаа Сүхбаатарын талбайд “Номын баярын өдөр”-ийн нээлт болов.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким нарын хүндэт зочид оролцлоо.
Номын баярын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлсэн үгэндээ “Энэхүү баярын өдрийг 2012 оноос өнөөг хүртэл “Олуулаа уншъя”, “Номын аялалд гарцгаая”, “Бид номд дуртай ард түмэн” зэрэг уриатайгаар улс орон даяар ёслон тэмдэглэснээр өнөө жил тав дахь жилтэйгээ золгож байна” гэв.
Номын баярт “Монголын нууц товчоо”-г 180 метр урт торгон дээр урласан нь энэ жилийн номын баярын гол чимэг байсан юм. Мөн энэ үеэр нийслэлийн ЕБС-иас шалгарсан номонд дуртай хүүхдүүдийг “Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэг”-ээр шагнасан бол ажил, үйлсээрээ манлайлсан номын санчдыг Жуух бичгээр шагнаж, урамшууллаа.