БСШУС-ын сайд Баянхонгор, Өвөрхангай аймагуудад ажиллалаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.09.21

БСШУС-ын сайд Баянхонгор, Өвөрхангай аймагуудад ажиллалаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 18-19-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.

Сайдаар томилогдсоноос хойшхи анхны томилолтоо Өвөрхангай, Баянхонгор аймгаас эхэлсэн тэрбээр салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж боловсрол, соёл, спортын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.  

Салбарын сайд орон нутагт ажиллах үеэрээ “Үдийн цай”, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон бусад урсгал зардлаас үүсээд байсан өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээ дуулгалаа. Тодруулбал, Өвөрхангай аймагт 680 сая, Баянхонгор аймагт 380 сая төгрөгийн өр төлбөр хуримтлагдаад байсныг БСШУС-ын сайд Ж.Батсуурь төсвийн тодотголд суулгаж, шийдвэрлэлээ. Мөн удахгүй тохиох “Монголын багш нарын өдөр”-ийг тохиолдуулан ажил, үйлсээрээ хамт олноо манлайлсан багш, ажилчдыг шагнаж, урамшууллаа. 

Өвөрхангай аймагт 400 гаруй иргэн соёлын өвийг хамгаалж байна

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Өвөрхангай аймагт салбарын багш, ажилтан, албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, цаашид хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл хийлээ.

Мөн орон нутагт ажиллах үеэрээ царцаагдсан барилга, объекттэй газар дээр нь танилцсан юм. Өвөрхангай аймгийн Уянга сумын соёлын төвийн барилгын ажлыг дуусгах шаардлагатай байгаа бөгөөд Тарагт, Гучин-Ус сумдын соёлын төвийн барилгын насжилт дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэв.

Мөн уулзалтын үеэр соёлын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын нийгмийн хангамж, цалин хөлсний асуудлыг тодорхой шат дарааллаар нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ. БСШУCЯ-ны хувьд Соёлын тухай хуулийг УИХ-д өргөн барихаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд тус хуульд салбарын ажилтан, албан хаагчдын цалин, нийгмийн хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр тусгажээ. Тус аймагт одоогоор соёлын өвийг хамгаалагч 400 гаруй иргэн байдаг аж.

Цаашид соёлын өвийг хамгаалагч иргэдэд олгодог урамшууллыг тогтмол олгосноор иргэдийн идэвх нэмэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой талаар Арвайхээр сумын Алтан тал багийн иргэн хэлж байв. Улсын хэмжээнд боловсролын салбарт царцаагдсан барилга, объект 300 гаруй байгааг салбарын сайд уулзалтын үеэр мэдээллээ. Арвайхээр суманд баригдаж буй “Мэргэд” сургуулийн шинэ байрны ажил 2014 оны есдүгээр сард эхэлжээ.