Ц.Сандуй: Бид түүхээсээ суралцах ёстой
Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй
2016.09.16

Ц.Сандуй: Бид түүхээсээ суралцах ёстой

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Хурлыг нээж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй “Энэхүү онол практикийн бага хуралд хүрэлцэн ирж, мэдлэг, туршлага, судалгаа, шинжилгээний бүтээлийнхээ талаар санал солилцож, бодит үнэн түүхийг залуу, хойч үедээ таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна” гэлээ.

Түүнчлэн “Ю.Цэдэнбал нь Монголын төрийг 44 жил, улс төрийн ууган хүчнийг 40 жилийн турш тэргүүлж ирсэн шилдэг улс төрч, ард түмний нэрт удирдагч төдийгүй Монголын цэрэг, армийн нэрт зүтгэлтний нэг байсан юм.

Түүний тууштай эх оронч бодлогын үр дүнд манай улс НҮБ -ын бүрэн эрхт гишүүнээр элсэж, хөдөө нутгийг гэрэл гэгээтэй, соёлтой болгож, хөдөө аж ахуйг хоршоолох, атар газар эзэмших, говь нутгийг усжуулах, хотыг хөгжүүлэх их үйлс өрнөж, орон сууцны хорооллыг сүндэрлүүлэн, Сансар огторгуйд Монгол гэсэн нэрийг тамгалж, төмөр зам барьж, томоохон хотуудыг босгосон гэдгийг бид мэднэ.

Бид түүхээсээ суралцах ёстой. Өнөөгийн нам төрийн удирдлагууд бид Монголын ард түмний бахархал, үнэт зүйлээ эрхэмлэх, хүний эрхийг дээдлэх, эв нэгдлийг хангах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх, шударга ёсыг бэхжүүлж, авлига, хээл хахуульгүй орчныг бүрдүүлж, байгаль орчноо хамгаалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар Ю. Цэдэнбал даргын хэрэгжүүлж байсан алсын хараатай бодлого, хөтөлбөрийн үр дүнд хүрсэн туршлага, бүтээн байгуулалтын сургамжийг мартах ёсгүй’’ гэлээ.

Мөн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож, илтгэл тавилаа. Хуралд Ю. Цэдэнбалын амьдрал, замнал түүхийг судалсан эрдэмтэд, түүхчид оролцож. Упс орны хөгжилд оруулсан гавьяа, бодит хийсэн ажил, амьдралынх нь тухай судалгаа шинжилгээнд тулгуурласан бүтээлүүдээ ч хэлэлцүүлж, санал солилцсон юм.