ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТ
Үйлдвэрлэл чухал гэдгийг ямарч тэнэг хүн ойлгоно. Бид сүүлийн 25 жил хэрэглэгч улсаар төсөөлөгдөн иржээ, бидний бүтээж буй нь хэрэглээнээсээ илүү гарч үзээгүй, гадаад худалдааны тэнцэл нь сөрөг үзүүлэлттэй байсан.
Доктор (PhD) Д.Баттогтох
2015 оны дунджаар манай улсын нийт экспортын 89 хувийг уул уурхай, 7 хувийг мал аж ахуйн гаралтай түүхий эд, зөвхөн 4 хувийг нь дунд, эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Нийт 1020 аж ахуйн нэгж, иргэн бараа, бүтээгдэхүүн экспортлосны зөвхөн 100 орчим нь эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн байна.
Энэ нь дотоодын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн мөчлөгийг дагаж хэлбэлзэх, орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал өсөх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. Энэ нөхцөл байдал нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус салбарын экспортыг бодитой дэмжих шаардлагыг бий болгож байна.
Эдийн засгийг солонгоруулах, тэлэх сонгодог арга бол аж үйлдвэрийг хөгжүүлэх. Инноваци, мэдлэг шингэсэн экспортын үйлдвэрлэлийг дэмжснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, гадаад валютын тогтвортой орлогыг бий болгох, дотоодын бараа, үйлчилгээний нийлүүлэлт, чанарыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх ач холбогдолтой юм.
Эдийн засгийг солонгоруулах, тэлэх сонгодог арга бол аж үйлдвэрийг хөгжүүлэх.
Тэгвэл аливаа улс орны аж үйлдвэрийн хөгжил нь үйлдвэрийн салбарыг харъяалан зангидан, шийдвэрлэж байдаг бодлого тодорхойлогч төрийн захиргааны төв байгууллагын бүтэц зохион байгуулалттай салшгүй холбоотой юм.
Монгол улс 1923 онд хөдөө аж ахуй, худалдаа, аж үйлдвэр, тээвэр холбоо зэрэг салбарыг бүхэлд нь зохицуулах чиг үүрэг бүхий “Аж ахуйн” яамыг байгуулсан бөгөөд үүний дараа 1929 оны 12-р сард “Худалдаа ба Аж үйлдвэр”-ийн яамыг өрх тусгайлан байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн яам 90 гаруй жилийн хугацаанд худалдааны салбартай 5 удаа, хөдөө аж ахуйн салбартай 4 удаа нэгдэж, салж байжээ.
Өнгөрсөн 92 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн яам 14 удаа өөрчлөгдсөн ба нэг удаагийн өөрчлөлтийн дундаж хугацаа 7 жил, үүний дотор 1990 он хүртэлх хугацаанд дунджаар 10 жил тутамд, харин сүүлийн 25 жилийн хугацаанд дунджаар 4 жил тутамд яамдын зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна. Энэ нь ялангуяа сүүлийн жилүүдэд сонгуулийн жилийн хугацаатай уялдсан байдал ажиглагдаж байна.
Яамдын өөрчлөлтүүд болон үйлдвэрлэлийн салбарын удирдлагын харъяалал нь ингэж олон өөрчлөгдөж байгаа нь нэг талаас манай улсын аж үйлдвэрийн салбар тогтвортой удирдлагаар хангагдаж байгаагүй мэт боловч түүхэн энэ урт хугацаанд салбарын үйлдвэрлэлийн удирдлагын хэлбэр, бүтэц байнга боловсронгуй болж хөгжиж ирснийг дурьдах хэрэгтэй.
Түүнчлэн, энэхүү төрийн захиргааны төв байгууллага нь аж үйлдвэрийн асуудлыг дангаар эрхэлсэн яам байх үедээ буюу 1944-1968 он /24 жил/ болон 1968-1987 онуудад /20 жил/ хамгийн удаан хугацаанд оршин тогтнон үйлдвэрлэлийн салбарт илүү бодит дэмжилгийг өгснөөс хархад Аж үйлдвэрийн асуудал Монгол улсын хөгжилд хэр чухалыг илтгэж байна.
Ардын хувьсгалын дараагаар 1923 онд “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичгийг боловсруулан гаргасан нь “Аж үйлдвэр” хэмээх ойлголтыг шинээр үүсгэн хөгжүүлэхийг хөндсөн анхны баримт бичиг болсон юм.
Манай улсын үндэсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийг үйлдвэржилтийн хөгжлийн үе шатаар нь Эхлэл, Өрнөл,Уналт, Сэргэлтийн гэсэн дөрвөн үе шатанд хуваан үзэж болох юм.
ЭХЛЭЛ:
Аж үйлдвэрийн салбар 1920-1960-аад он хүртэлх үе шатанд манай улсын эдийн засагт биеэ даасан цоо шинэ салбар болон үүсч хөгжиж чадсан,
Нийслэл хүрээнд гадаад иргэдийн шевро, буу засварлах, хэвлэл, цахилгаан гэрлийн гэх мэт хэдхэн тооны жижиг үйлдвэр ажиллаж байсныг хувьсгал ялсны дараа Монголын төр өөрийн мэдэлд авч эхэлсэн аж үйлдвэрийн салбар, 1930 онд бага чадлын цахилгаан станц барьж ашиглалтанд оруулан, 1940 онд хөнгөн хүнсний болон уул уурхайн үйлдвэрүүдээр хүрээгээ тэлэн улмаар 1960-иад онд үйлдвэржилт эрчимжин хуучин ажиллаж байсан томоохон үйлдвэрүүдийг үндсэнд нь шинэчлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, зорилтийг дэвшүүлэн ажиллаж байв.
ӨРНӨЛ:
Аж үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх буюу 1960-1990-ээд он хүртэлх хугацаанд үйлдвэржилтийн процесс гүнзгийрэн улсын эдийн засагт аж үйлдвэрийн эзлэх байр суурь эрс нэмэгдсэн. Социализмын үед дэвшүүлэн тавьж байсан үйлдвэржүүлэх бодлогын эцсийн зорилго нь дан ганц мал аж ахуйн орон байсан Монгол улсыг аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгох, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн шилдэг өв уламжлалыг дэлхийн техник технологийн дэвшилтэт ололтуудаар баяжуулан ХХ зууны дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн шинэ соёл иргэншил, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршин байсан. Энэ хугацаанд Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн нийт хэмжээ эрчимтэй өсөхийн зэрэгцээ, нийт хэмжээнд түлш эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж байсан нь аж үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтөөс харагддаг.
УНАЛТ:
1990 –ээд онд социалист орнуудын зах зээл нээлттэй болж, дэлхийн эдийн засагтай шууд интеграцид орсноор манай зорилтот зах зээлрүү нийлүүлэгдэж байсан бараа бүтээгдэхүүн уналтанд орж эхэлсэн.
Түүнчлэн, энэ үед эдийн засгийн хамтын ажиллагаатай орнууд ялангуяа ЗХУ-ын тусламж дэмжлэг байхгүй болж ирснээр үйлдвэрлэлээ явуулах санхүү эдийн засгийн боломж хомсдож ирсэн. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж буй аль ч орны хувьд эхний шатанд хэрэгжүүлдэг арга хэмжээ нь хувьчлал юм.
1995 оны байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарагдаж байсан 30 гаруй улсын үйлдвэрүүд хувьцаат компани болсон ба эдгээрийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон байна. Аж үйлдвэрийг хөгжүүлэх хууль эрх зүйн болон эдийн засгийн таатай орчин бүрдэж чадаагүйн улмаас бүх л компаниуд худалдаа хийхээр хошуурцгааж байв.
Хүн амын өргөн хэрэглээний барааны хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээр хангахаасаа илүү импортын бараагаар хангах сонирхол нийт хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд адилхан төрж байсан. Улмаар хуучин байсан үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж хуучирч, тоногдон, технологи нь хоцрогдож, ажиллах хүч, материал түүхий эдийн олдоц хомсдсон зэрэг нь үндэсний үйлдвэрлэлийг уналтанд оруулсан юм.
Энэ үед Засгийн газар болон харъяалж буй яамны зүгээс тодорхой удирдлагаар хангаж чадаагүйгээс үндэсний үйлдвэрлэл үнэхээр бүрэн уналтын байдалд ороод байсан.
СЭРГЭЛТ:
Монголын төр 2014 онд дахин Аж үйлдвэрийн яамтай болж, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үндэсний үйлдвэржилтийг дэмжих эрхзүйн шинэчлэлийн эхлэлийг тавилаа.
Монгол Улс дунд орлоготой, эдийн засгийн хурдан өсөлттэй орон болж байгаа учир үйлдвэржилтийн хөгжлийн хандлага анхан шатны боловсруулалтаас илүү гүн боловсруулалтад шилжих болж, төрийн бодлого ч энэ чиглэлд түлхүү тодорхойлогдсон.
Аж үйлдвэрийн яам өнгөрсөн хугацаанд нийгэм-эдийн засгийн нөөц, чадамжид тулгуурлан 2015-2030 онд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан УИХ-аар батлуулсан.
Бодлогын эхний үе шатанд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх “дунд хугацааны стратеги” хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол улстай хамтын ажиллагаатай дэлхийн улс орнуудтай эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн “Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр” –ийг,
Экспортод чиглэсэн, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” -ийг дагалдах хуулиудын хамт боловсруулан Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан.
“Худалдааны тухай хууль” -ийн төслийг УИХ-д өргөн барьж, “Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулан, хөрш болон бусад оронтой тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж байна.
Инноваци, мэдлэг шингэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэхэд чиглэгдсэн экспортыг дэмжих хөтөлбөрийг мөн Засгийн газраар батлууллаа.
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналтын үед суурь буюу хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал иймээс Аж үйлдвэрийн яамнаас нефть боловсруулах, ган хайлах, зэс цэвэршүүлэх үйлдвэрийн ажлыг эхлүүлэн үйлдвэрийн байршил, байгаль орчны нөлөөлөл, ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлүүлсэн. Эдгээр суурь аж үйлдвэр хөгжихгүйгээр улс оронд үйлдвэржилт, ЖДҮ-ийн хөгжил, ажлын байр, тогтмол орлогын тухай ярих нь учир дутагдалтай юм.
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналтын үед суурь буюу хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал
Аль ч улс оронд Эдийн асгийн хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг барьдаг. Иймээс Аж үйлдвэрийн яам Төрийн зүгээс олгогдох зээл, Засгийн газрын баталгааг үйлдвэрийн тэргүүлэх чиглэл, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт олгох, төрийн болон орон нутгын худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих зэрэг бодит арга хэмжээ авч ирсэн.
Энэхүү төрийн тодорхой бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл идэвхжиж, нийгмийн уур амьсгалд дотоодын бараа бүтээгдэхүүнээ хэрэглэх дадал хэвшиж, эх оронч худалдан авалт хийх хандлага өсч, ялангуяа үндэсний хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэнийг онцлон хэрэгтэй байх.
Энэ бүх ажлыг сайн удирдагч, сайн баггүйгээр гүйцэтгэх нь боломжгүй юм. Аж үйлдвэрийн яам байгуулагдан ажилсан 1.5 жилийн богино хугацаанд Дондогдоржын Эрдэнэбат сайдын удирдлага, манлайлал дор залуус бид Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгэн түүхэн цаг үеийг бичилцлээ. Бид бүхний сэтгэлээ гарган бүтээсэн, бий болгосон энэ бүхэн Монгол улсын хөгжил дэвшил, олон мянган үйлдвэрлэгч баялаг бүтээгч нарт хүрсэн гэдэгт итгэдэг.
Улс орны үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын дархлаа буюу үйлдвэржилтийг бий болгоход олон саад бэрхшээл тулгарч байгаа ч, эх орныхоо хөгжлийн төлөө хүн бүр сэтгэл гарган, хөдөлмөрлөж, бүтээж байж хамтдаа хөгжинө гэдгийг үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, бодлого тодорхойлогч Аж үйлдвэрийн яамныхан харуулж чадсаныг цохон тэмдэглэх хэрэгтэй байх.
Аж үйлдвэрийн асуудал нь хэсэг хэсгээр бус нэг цөм ухагдахуун болж улс ороны хөгжил, эдийн засагтаа бодит дэмжилэг болдгыг манай улсын түүх, олон улсын туршлага харуулж буйг үе үеийн засгийн газар төрийн санамжинд хадгалах буй заа.