АСЕМ-ыг амжилттай зохион байгууллаа
2016.07.18

АСЕМ-ыг амжилттай зохион байгууллаа

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад өнөөдөр өндөрлөж байна. Уулзалтыг дүгнэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Дональд Туск нар мэдээлэл хийлээ.

АСЕМ-ын уулзалтанд АСЕМ-ын гишүүн 51 орон, олон улсын хоёр байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцсон юм. Эдгээр төлөөлөгчийн 60 гаруй дээд түвшний байсан бөгөөд төрийн тэргүүний түвшинд 11, Засгийн газрын 23 тэргүүн, Гадаад хэргийн 13 сайд байжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын уулзалтыг дүгнэж хэлэхдээ:

 

“Бид хоёр өдөр хуралдлаа. АСЕМ-ын 11 дүгээр дээд түвшний уулзалтыг амжилттай явуулж өндөрлөж байна. Энэ хурлаас чухал шийдвэрүүд гарсан. Эхнийх нь Улаанбаатарын тунхаглал, удаах нь Даргын мэдэгдэл гэсэн хоёр том баримт бичиг. Энэхүү дээд түвшний уулзалтын үеэр Ази-Европын 20 жилийн ойг тэмдэглэлээ. АСЕМ-ын уулзалтын өмнөх өдөр Францад аймшигт халдлага гарсан. Бид Франц улсын ард түмэнтэй, Европын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа. Монгол Улс терроризмтэй тэмцэхэд бэлэн байна. Энэ бол хурлын чухал хэсэг байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн АСЕМ-ын хүрээнд нийтдээ 62 уулзалт боллоо. АСЕМ-д хүрэлцэн ирсэн улс орны удирдагч, дээд түвшний төлөөлөгчид өөр хоорондоо 100 гаруй албан ёсны уулзалт хийжээ. АСЕМ-ын уулзалтаар Бизнесийн уулзалт, Ард түмний чуулга уулзалт, Парламентын чуулга уулзалт, Залуучуудын чуулга уулзалтаас гарсан баримт бичгийн тайланг сонслоо. АСЕМ-ын уулзалтад зүориулж бэсрэг наадам зохион байгууллаа. Наадам бол манай түүх, соёл бүх зүйлийг өөртөө шингээсэн зүйл.

Олон зочдод манай хоол таалагдсан. Бидний зочломтгой занг сайшааж байсан. АСЕМ бол 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явц. Монгол Улс 100 жилийн дараа АСЕМ зохион байгуулж магадгүй” гэлээ.


Европын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Дональд Туск:

 

“Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Элбэгдорж танд талархаж байна. АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд зохион байгууллаа. Үүний хажуугаар хэзээ ч мартагдахгүй аяллыг Монголд хийлээ. Ялангуяа өчигдөр болсон наадам таалагдлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр Франц улсад халдлага гарч, Турк улсад төрийн эргэлт хийхийг оролдлоо. Энэ бүхэн мэдээж хэрэг дэлхийн хэмжээний уулзалтын зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай асуудал байлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлийг илэрхийлж, ойлголцох ёстой гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр өглөө Туркийн асуудлын талаар Европын холбооны лидерүүд ярилцсан. Турк бол манай Европын холбооны чухал түнш юм. Европын холбоо ардчилсан замаар сонгогдсон Засгийн газар болоод ардчиллын институтыг ямагт дэмжсээр ирсэн, хуулийн засаглалыг дэмждэг. Тиймээс туркчууд Үндсэн хуулийн аргаар засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байсан. Европын холбоо Ази тивтэй түншилж хамтран ажиллаж байгааг чухал гэж үздэг.

Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг. Дэлхийн худалдаа болон ДНБ-нд эзлэх хэмжээ их. Тиймээс бидний чухал түнш юм. Ээлж дараалан гарч буй террорист халдлага бол манай хоёр тивд аль алинд нь нөлөөлж буй аюултай үзэгдэл. Тиймээс хоёр тив хамтран тэмцэх шаардлагатайг сануулсан үйл явдал боллоо гэж харж байна. Энэ дээд хэмжээний уулзалтын үед дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг ярилцсан. Мөн дүрвэгсдийн асуудлыг ярилцсан. Есдүгээр сард Хятад улсад “Их 20”-ын уулзалт болно. Энэ үеэр Европ болон Азийн хамтын ажиллагааны нэг чухал зүйл нь аюулгүй байдал юм гэдэг дээр санал нэгдсэн.

2018 онд АСЕМ-ын дараагийн уулзалт Брюселд болно. Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Монголын ард түмэнд талархал илэрхийлж байна” гэсэн юм.