Ерөнхий сайд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайдтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдлог хүлээн авч уулзлаа.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтад БНПУ-ын Ерөнхий сайд оролцож байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын гуравдагч хөрш болох Европын Холбооны гишүүн Польш Улстай харилцах харилцаанд манай улс чухал ач холбогдол өгдгийг илэрхийллээ.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргээд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгож, дараагийн хуралдаанд бэлтгэх нь чухал болохыг тэмдэглээд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт идэвхтэй хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
БНПУ-ын Засгийн газраас авахаар тохиролцсон 50 сая еврогийн экспортын зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, уул уурхайн болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар Ерөнхий сайд нар санал солилцлоо.