Монгол Улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хүний хөгжлийн үндэсний зургаа дахь илтгэлийг танилцууллаа
2016.06.15

Монгол Улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хүний хөгжлийн үндэсний зургаа дахь илтгэлийг танилцууллаа

    Энэхүү үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НҮБ-ийн Суурин зохицуулагч, НҮБ-ын Хүний хөгжлийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Мөн илтгэлийн танилцуулгын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, илтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Монгол Улсын Хүний хөгжлийн зургаадугаар илтгэлийн сэдэв нь "Ирээдүйн сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо" юм. Манай улсад 15-34 насны нэг сай гаруй залуучууд аж төрж байна гэсэн тоон мэдээлэл бий. Энэ нь нийт хүн амын 34,9 хувийг эзэлж байгаа нь хүн амын хамгийн том бүлэг болж байна.

      Энэхүү илтгэлийн гол агуулга нь Монголын сайн сайхан ирээдүйг цогцлоон бүтээхэд залуучуудын оруулах хувь нэмрийг тодорхойлоход оршиж байгаа юм. Тиймдээ ч тус илтгэлийг боловсруулахдаа Монголын залуучууд эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшлийн үр шим, боломжийг хэр зэрэг хүртэж байна вэ, Өөрсдийн эрхэмлэдэг, эрхэмлэх үндэстэй тийм үр дүнд хүрэх сонголтыг хийхэд тэдэнд ямар сорилтууд тулгарч байна вэ, Эдгээр сорилтыг шийдвэрлэх ямар бодлого байна вэ, Залуучуудыг улс орныхоо хөгжил дэвшилд оролцуулахад хамтрагчид, түншүүд ямар арга хэмжээг авч болох вэ, Эдгээр асуудлыг судлахдаа залуучуудын чадамжийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг өргөжүүлэх, залуучуудыг эрх мэдэлжүүлэх, хүний аюулгүй байдлыг нь бэхжүүлэх зэрэг хүний хөгжлийн дөрвөн гол тулгуур зарчмын ойлголтыг дүн шинжилгээнийхээ суурь, хүрээ болгож ажилласан байна. 
      Түүнчлэн Монгол Улсын Хүний хөгжлийн үндэсний зургаа дахь илтгэлийн нүүрний зургаар улс орныхоо ирээдүйн хөгжилд залуучуудын оролцоо хэрхэн чухал болохыг илэрхийлсэн байна. Тодруулбал, Монгол гэрээр хүний хөгжилд суурилсан залуучуудын талаарх төр засгийн бодлогын дөрвөн гол тулгуур чиглэлийг, Гэрийн ханыг нийгмийн анз бүрийн бүлгийн төлөөлөл болох залуучууд хамтын хүчээр бат бэх тулж байгааг, Гэрийн тооноор солонгорон цацарч буй олон өнгийн туяа нь дэлхийн нийтийн өмнө тавигдаж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг илэрхийлж, хүнд ээлтэй, найдвартай, хүртээмжтэй зэргийг улбар шар өнгөөр дэвсгэр болгожээ.