УИХ-ын байнгын хороодын гишүүд АНУ-ын Конгрессын гишүүдтэй санал солилцов
2016.05.30

УИХ-ын байнгын хороодын гишүүд АНУ-ын Конгрессын гишүүдтэй санал солилцов

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүдтэй УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр /2016.05.29/ уулзаж санал солилцов.

Уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар нар оролцов. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд Конгрессын гишүүдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, АНУ-ын Конгрессын гишүүн асан Д.Драйр тэргүүтэй төлөөлөгчид 2011 онд Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байсан. Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж, парламентын найрамдлын бүлгүүд харилцан байгуулагдсан, АНУ-ын Конгрессоос Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасныг онцлон дурдаад хөтөлбөрийн хүрээнд хоёр тал идэвхтэй хамран ажиллаж хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаа хоёр орны харилцааны чухал хэсэг болон хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

 

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам, УИХ-ын гишүүдийг цаг зав гарган хүлээн авч санал бодлоо хуваалцаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд ардчиллыг тогтооход хоёр парламентын үр дүнтэй хамтын ажиллагаа хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэлээ.

Тэрбээр бид бүгд сонгогчдоо төлөөлөн ажилладаг. Хэдий тийм ч сонгогчид парламентад сэтгэл дундуур байх нь аль ч улсад байдаг зүйл гээд парламентад итгэх сонгогчдын итгэлийг дээшлүүлэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар санал солилцохыг хүслээ.

Мөн шилдэг туршлагаа харилцан солилцох хүсэлтэй байгаагаа дурдаад УИХ-ын байнгын хороодын үйл ажиллагаанд иргэд сэтгэл хангалуун байдаг эсэх, байнгын хороодын ажлын албаны хүний нөөц хангалттай эсэх, байнгын хороодын бүрэлдэхүүнд намын төлөөлөл тэнцвэртэй байдаг эсэх, шийдвэр гаргах тал дээр гишүүд хэр чөлөөтэй байдаг талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. 

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өгсөн хариултдаа, УИХ сайн хуулиуд баталдаг ч хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатай. Тиймээс парламентын хяналт шалгалтын чиг үүргийг боловсронгуй болгох тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв. Байнгын хорооны ажиллах нөхцөл, бие даасан байдалд хууль эрх зүйн орчноос гадна парламентын бүрэлдэхүүн ихээхэн нөлөөлдөг. Энэ удаагийн парламентад аль ч нам олонхи болж чадаагүй ч байнгын хорооны бүрэлдэхүүнд бүх намын төлөөллийг тэнцүү оруулах зарчим барьж ажилласан. Байнгын хорооны ажлын алба чадварлаг байх ёстой. Тиймээс ажлын албыг чадавхижуулж бэхжүүлэх талаар УИХ анхаарч ажиллаж ирсэн гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, энэ удаагийн УИХ эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан нь чухал алхам болсон гэж үзэж буйгаа хэлээд 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсантай дүйцэхүйц эрх зүйн шинэчлэлийг хийж, хүний эрхийг баталгаажуулсныг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 2012 оны ээлжит сонгуулиар сонгогчдын 25 хувийн саналыг авч, Ардчилсан намтай Засгийн газрыг хамтран байгуулж ажилласан гээд УИХ-ын гишүүд хэдийгээр өөр өөр намд харьяалагддаг ч гэсэн улс орны бодлогын гол асуудлууд дээр санал нэгдэн ажиллаж ирсэн хэмээлээ. Тэрбээр нийгэм хэт туйлширснаас батлагдсан хууль тогтоомж хэрэгжихгүй байх, хүний эрх зөрчигдөх явдал байгааг үгүйсгэх аргагүй гэдгийг хэллээ. 

Уулзалтын үеэр АНУ-ын Конгрессын гишүүд ард түмнийг сэтгэл хангалуун байлгахын төлөө парламент, түүний байнгын хорооны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа, УИХ-ын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд албан тушаалтнаас мэдээлэл, тайлбар авах эрх зүйн орчин бүрдсэн эсэх талаар гишүүдтэй санал солилцсон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.