Монгол Улсын Гадаад харилцааны тухай
Өргөн барьсан огноо: 2016.04.08
Хуулийн төслийг санаачлагч: УИХ-ын гишүүн Г.Батчимэг, С.Оюун, Н.Энхболд, Д.Дэмбэрэл
Даяаршлын энэхүү эрин үед улс орнуудын харилцан хамаарал улам бүр өсч, олон улсын харилцаанд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын гадаад харилцаа, жил ирэх тусам өргөжин тэлж байна. Тиймээс гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгохын тулд Монгол улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Тус хуулийн төсөлд Монгол улсын гадаад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, бодлогын нэгдмэл байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах талаар өөрчлөлтүүдийг хийжээ. Хуулийн төсөл зургаан бүлэг 15 зүйлтэй. Нэг болон хоёрдугаарт бүлэгт гадаад харилцааны тухай хууль тогтоомжийн нэр томьёо, хуулийн үйлчлэх хүрээ, гадаад бодлогод өөрчлөлт оруулахтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн.
Харин гуравдугаар бүлэгт төрийн гадаад арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, гадаад арга хэмжээний төлөвлөлтийг хангах зэргийг тусгасан байна.
Мөн хуулийн төсөлд Монгол Улсын албан ёсны байр суурийг илэрхийлэх, ОУ-ын гэрээ байгуулах болон хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ.
Гадаад бодлогын талаар баримталсан, үйлчилж буй хууль тогтоолын төслүүдэд гадаад харилцаатай холбоотой олон зүйл заалт орсон байдаг ч өнөөг хүртэл хэрэгждэггүй тал бий. Тухайлбал төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нар гадаад улсад айлчлал хийж, төрийн өмнөөс амлалт авах, зээл тусламж хүсэх, гэрээ байгуулах, Монгол улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай төрийн захиргааны төв байгууллагаар дамжилгүйгээр шууд харилцах зэрэг дутагдлууд гарсаар байна.
Тиймээс уг хуулиар эдгээр зөрчлийг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцохыг зорьжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гадаад бодлогыг нэгдмэл, тогтвортой болгох, төрийн гадаад арга хэмжээний төлөвлөлт, төсвийн зарцуулалтыг үр ашигтай болгох, Монгол улсын гадаад нэр хүнд дээшилж, гадаад харилцаанд оролцогч байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, гадаадын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг бодитой үр дүн гарна гэж тооцжээ.