Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипалатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипилаг хүлээн авч уулзав.
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож байгаа Финландын Ерөнхий сайдад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийллээ.
Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипила Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргээд Ази Европын дээд түвшний уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад талархал илэрхийлье гэж хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс чухал үүрэгтэй болохыг онцлоод хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үеэр яригдсан Монгол Улсад цаа бугын аж ахуй хөгжүүлэх, цаачдын ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжүүлэх, тухайлбал, өвлийн спортын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчилсан томоохон үзэсгэлэнг Скандинавын орнуудад гаргах талаар Ерөнхий сайд нар санал солилцлоо.