Х.Баттулгыг IJF-ийн Алтан медалиар шагналаа
2016.07.04

Х.Баттулгыг IJF-ийн Алтан медалиар шагналаа

Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй "Чингис хаан" гран при тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөнө.

Энэхүү тэмцээнийг Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Олимпийн өмнөхөн болж буй тус тэмцээнд дэлхийн 13 орны 134 жүдоч эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр\2016.07.02\ боллоо. Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад Олон улсын жүдо бөхийн холбооны “Алтан медаль”-ийг IJF-ийн Спорт хариуцсан захирал Владимир Барта гардуулан өгсөн.

Олон улсын жүдо бөхийн холбооны нэр хүндтэй шагналыг авах үеэр Х.Баттулга “Монголын жүдо бөхийн спортын амжилт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ хугацаанд миний хичээл зүтгэлийг үнэлж, нэр хүндтэй шагналаар шагнаж байгаад Олон улсын жүдо бөхийн холбоонд талархлаа. Энэ бол манай баг хамт олны минь хамтын хүч байлаа. Удахгүй болох Бразилийн олимпийн наадамд баг тамирчид маань амжилттай оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэндээ баярлалаа.” гэсэн юм.   

Мөн энэ өдөр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваагийн төрсөн өдөр тохиосон бөгөөд түүнд IJF-ийн Алтан картыг гардуулан өглөө.

Нээлтийн ажиллагаанд Монголын өсвөрийн тамирчид үзүүлэх тоглолтыг сонирхуулсан юм.   

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын медальтнууд тодорсон. Монголын баг тамирчид хоёр алтан медаль хүртсэн бол Япон, ОХУ-ын баг нэг аваргатай тэмцээнийг өндөрлүүлсэн.

ДҮН:

Эрэгтэй

73 кг: \11 тамирчин\

  • Алтан медаль: Погэл Лэо \ОХУ\
  • Мөнгөн медаль: Б.Батгэрэл
  • Хүрэл медаль: Г.Паган \Азарбайжан\, Н.Хадбаатар

 

81 кг: \11\

  • Алтан медаль: Н.Давгасүрэн
  • Мөнгөн медаль: М.Жаромир \Чех\
  • Хүрэл медаль: Вон Жун, Ли Ху-Жун \хоёул БНСУ\

 

 

ЭМЭГТЭЙ:

63 кг: \9 тамирчин\

  • Алтан медаль: Б.Мөнгөнчимэг
  • Мөнгөн медаль: Б.Ганхайч
  • Хүрэл медаль: Нишикава Махо, Ёнэзава Кахо \хоёул Япон\

 

70 кг: \9 тамирчин\

  • Алтан медаль: Икэ Эрина \Япон\
  • Мөнгөн медаль: Ц.Наранжаргал
  • Хүрэл медаль: М.Барбара\Хорват\, М.Даваасүрэн

 

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн медальтнууд тодорно.

Одоогоор Монгол Улсын баг 6 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон \2+1+3\, ОХУ \1+0+0\, Казахстан, Чехийн баг тамирчид удаалж байна.