Б.Төмөрчулуун: Урвадаг мөнгөнд найдах хэрэггүй, уг гарвалаа үржүүл
"Сэргэн Мандалт" группын үүсгэн байгуулагч, НИТХ-ын тэргүүлэгч Б.Төмөрчулуун
2016.06.03

Б.Төмөрчулуун: Урвадаг мөнгөнд найдах хэрэггүй, уг гарвалаа үржүүл

Чоно борооноор гэгчээр зуны налгар цагаар хүмүүс налайж суух зуур валютын ханш дөрөө чангалсаар. Гэтэл үүнтэй давхцан манай улсын зээлжих зэрэглэл буурсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч байна.Эдийн засаг муудаж буй энэ цагаар дээрх мэдээлэл бизнесийнхэнд хүнд цохилт болно хэмээн эдийн засагчид хэлж байгаа юм. Тиймээс энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа "Сэргэн Мандалт" группын үүсгэн байгуулагч, НИТХ-ын тэргүүлэгч Б.Төмөрчулууныг урьлаа.

-Сайн байна уу. Та сайхан наадав уу. Зуны дэлгэр цаг ч манайхны амралтын улирал гэхээр болжээ. Таны бизнесийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Найр наадам ч чухал биш Монгол-Үйлдвэр  хоёр л чухал байна. Би ч 20 гаруй жил үйлдвэрлэл эрхэлж байна. Бид наймаа хийж үзээгүй. Эрдэнэт шиг том үйлдвэр одоогоор байгуулж чадаагүй л явна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд тоо нь олширч байгаа боловч дорвитой томорсон нь алга.

Үйлдвэр байгуулах залуус маань хаана явна, хаана бэлтгэж байна гэдэг миний санааг зовоож байна. Нэг их зугаа цэнгээн хөөцөлдсөн залуус олшрох гээд байна уу даа. Үнэн хэрэгтээ манай улс залуучуудаараа юу хийлгэх гэж байгаа нь тодорхой биш. Манай залуучууд дийлэнх нь гараад явчихсан.

Гэхдээ тэдний сэтгэл зүрх эх орон, аав ээжийнхээ төлөө цохилж байгаа юм. Манай нэг инженер залуу хаягдал шилээр сандал хийж Чингисийн талбай дээр тавьсан. Тэрхүү сандлын зургийг цахим ертөнцөөр тарааж үзлээ. Маш олон лайк дарж байгаа боловч нэг ч хүн худалдаж авахгүй байна. Тэгсэн хэрнээ тэд энэ сандал хэрэгтэй гэх юм.

-Үнэн хэрэгтээ сандал хэрэгтэй байгаа ч санхүүгийн боломж болохгүй байж болно шүү дээ?

-Мөнгөгүй дээ ч биш болов уу. Яагаад гэвэл зугаа цэнгээнд хайр гамгүй мөнгө зарцуулж байна. Магадгүй тэр сандал арай үнэтэй санагдаж байж ч болно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төсвийн хөрөнгөөр ч болов худалдан авч болно.

-Манайд бизнес хийх орчин ямар байдаг вэ, таныхаар?

-Миний бодлоор үйлдвэрлэл явуулахад их тайван орчин. Гэхдээ хэн эрт босч, хэн хөдөлмөрлөж байна вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Мэдээж зээлийн нөхцлийг өөр болгох хэрэгтэй. Худалдаа, наймаа хийхэд хүнд байж болох юм. Учир нь 1000 төгрөгөөр аваад 3000 болгож зардаг хүн өнөөдөр тэгж чадахгүй байгаа нь давагдашгүй хүчин зүйл мэт санагдах байх.

Үйлдвэрлэгчдийн хувьд сайн бодлого, менежменттэй байх хэрэгтэй. Манай компанийн хувьд ажил хэвийн явж байгаа. Гэвч би ажиллагсаддаа хоёр сая төгрөгийн цалин өгч чадахгүй л байна.

Харин манайд нэг сая төгрөг авдаг ажилчин олон бий. Эндээс бидний ашгийн төвшин доогуур гэдгийг харж болно. Бидний зорилго ажиллагсад маань цалин өндөр байж моргейжийн зээлд төвөггүй хамрагддаг болох явдал.

-Өнгөрсөн хавар “Буянт-Ухаа-1” хороолол ашиглалтад орох гэж байна хэмээн нэлээд шуугиуллаа. Танайхаас энд байр авсан хүн бий юу?

-Манай ажилчдад боломж бий. Гэтэл сугалаа явуулчихсан шүү дээ.  Үүний оронд үйлдвэрлэлд тасралтгүй таван жил ажилласан ажилчинд өгмөөр санагдах юм. Хэвлэл мэдээллээс харж байхад буцаагдсан 350 гаруй байранд дахин сугалаа явуулна гэх юм.

Уг нь бид иргэдээ ухаалагаар дэмжээд өгөх хэрэгтэй. Тэгвэл монголын ард түмэн асар их оюуны чадавхитай гэдгийг дэлхий нийтээр харж байна. Залуусаа бид зөв дэмжиж, зөв чиглүүлэх ёстой.

-Эдийн засгаа сэргээхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэх ёстой хэмээн ярьдаг. Харин манай улсын тухайд уул уурхайн бүтээгдэхүүн л гарч байгаа. Мэдээж ноолууран бүтээгдэхүүн гээд ганц нэгийг нэрлэж болох байх. Гэвч хангалтгүй байгааг эдийн засагчид хэлдэг шүү дээ?

-Манай улсад экспортод гаргах боломжтой эко бүтээгдэхүүн маш их тоолоод ч баршгүй.  Зөвхөн гаргаж л чадахгүй байна. Тэгсэн хэрнээ төр засаг саад болоод байна гэх юм. Учраа олохгүй хүн л болохгүй, бүтэхгүй тухай л яриа үүсгэдэг. Бид валютын орлого олох хэрэгтэй. Энэ нь амин хэрэгцээ.

Бүх шатны хүмүүс үүнд л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Манай хоёр хөршийн мөнгөний ханш маш сайн байгаа. Өөрөөр хэлбэл, зургаан юань нэг амдоллартай тэнцэнэ. Харин нэг ам.доллар 1853  төгрөг болж байна. Ийм нөхцөлд яаж тамиртай байх вэ.

Хамгийн сайн тамиржуулах боломж нь Оюутолгой биш оюун санаа, мэдлэг гэдгийг л хүмүүс болон төрийн дээд албан тушаалтнууд ойлгох хэрэгтэй байгаа юм. Мэдлэгийн талд тууштай бай ховийн талд хойш нь суу гэдэг үг бий.

Хоёр хөршийн хүн ам нийлээд ойролцоогоор 1.5 тэрбум гэж бодвол бид тэдний хэрэгцээний дөнгөж таван хувийг л хангана гэхэд манай улсад хангалттай хэмжээний валют орж ирэх үүд нээлттэй байна.

Жишээлбэл, хаяж байгаа хөнгөн цагааны хайлшаар хятад дугуйнд таарах түгжигч хийхэд л хангалттай шүү дээ. Энгийн жижиг зүйлүүдээ бид тоохгүй орхичихоод байх юм. Энэ чинь л эдийн засгийн аврагч болно гэдгийг цаг хугацаа харуулах биз дээ.

-Үйлдвэрлэл эрхлэхэд манай хөрс хэр зөв бэлтгэгдсэн бэ. Зарим хүмүүс төр оролцох хэрэгтэй гэх. Зарим нь огт оролцоогүй байх ёстой гэх юм?

-Үндэсний үйлдвэрлэлээс боссон мөнгө урвадаггүй юм гэдгийг бид ойлгох ёстой. Дэлхий эко зүйлээр дутаж байна. Тухайлбал, гадны орны дэлгүүрийн лангуун дээр эко, эко биш бүтээгдэхүүнийг үнийн ялгаатай тавихад хүмүүс эког нь илүүд үзэж байна. Төр засаг нэгдсэн бодлого гаргаж өгөх хэрэгтэй.

Тэгээд оролцохгүй бай. Манай улсын тухайд эко бүтээгдэхүүн хамгийн их орлоготой байх боломж бий. Монгол мал өвс биш эко аптек л иддэг. Тиймээс мах, сүү нь витамин гэсэн үг. Сайхан ааштай, эрүүл хүмүүсийг хараад, өвөрмөц хоол, ундтай байхад Монголын байгалийг харсан гадныхан түрүүвчээ дундлана даа.

-Уул уурхай шүтэж амьдарсан нь цаг хугацааны эрхэнд буруу байсан гэдгийг бид харж байна. Таны бодлоор?

-Уул уурхайн мөнгө урвадаг юм байна. Ингэж урвадаг мөнгөөр улс орныг удирдаж болохгүй юм байна гэдгийг л харлаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “МCS” гээд олон уул уурхайн компаниуд уул уурхайгаас мөнгө олж болно. Харин улс орон өөрийн мэдлийн өсөж үрждэг хөрсөө маш сайн ургуулж авах хэрэгтэй юм.

Тухайлбал, Тэмээ, Хонины ноос, ноолуур, цагаан идээ, малын мах, төрөл бүрийн ургамалууд гээд ургуулж болох олон зүйл бий. “Сэргэн Мандалт”-ынхан яагаад хогоор юм хийж байгаагаа хэлье. Манай улсын хүн зон нь сэргэлэн, өвс ургамал нь сэргэлэн, хог нь хүртэл сэргэлэн байдаг.

Өөрийн мэдлийн зүйлээ эхлээд тамиржуулах хэрэгтэй. Энэ нь манайх руу урсах одоо чангараад байгаа валют юм шүү. Тиймээс эхлээд өөрийн мэдлийн, уг гарвалаа тамир суулгах ёстой гэдгийг хэзээ ч бүү март. Холивол хог, ялгавал валют гэдгийг бид билгийн мэлмийгээр харж чадсан.

Бидний дээр сууж байгаа хүмүүс уул уурхайг шүтэж болохгүй гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай ойлгохгүй ч гэж дээ ойлгохийг хүсэхгүй байгаа гэвэл үнэнд ойрхон очно. Жишээ нь, баярын өмнө яаран сандран уул уурхайг дэмжих хууль баталчихлаа.

Яагаад 182 хоног манайд амьдарсан гадаад хүнд газраа өгөх ёстой гэсэн хууль санаачлаад байгаа юм бэ учраа олохгүй байна уу энгийн ард иргэдийг басамжилж байна уу?  Бухимдахгүй байх  ямар арга байна. Үүний оронд үндэсний үйлдвэрлэлээ эрс дэмжих Онцгой байдлын хууль батлах ёстой байсан юм.

-Бид юу хийх ёстой вэ?

-Хамгийн энгийн жишээ харж болно. Үндэсний үйлдвэрлэгч бол хаашаа ч явахгүй хэзээд байж л байна. Харин уул уурхайн лиценз эзэмшдэг ноён Жон гараад явчихна. Гэтэл гарч явахдаа манай төр засгийг муу хэлж байна. Муу байж болно. Гэхдээ засч залруулж, сайжруулаад явах хэрэгтэй байгаа юм.

Гараад явсан гадныхныг эргээд ирээч гэхээр Онон туулын бэлчир, Алтай таванбогдын орой дээр чинь очиж алт ухна гэх маягийн нөхцөл тавьж гэдийгээд суудаг байж таарахгүй. Ийм маягаар Монголын эдийн засагт оролцож  байна. Гэтэл бид тэдний залийг мэдэхгүй энгэрээ сул тавиад өгчихөж болохгүй.

Бид “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг цөөн тооны ордуудаа л ашиглана. Хүн ам цөөн байна, тиймээс яарахгүй байна гээд алгуурлаж байгаагаа гадныханд харуулах хэрэгтэй. Тэгэлгүйгээр мөнгө оруулах гэж байгаа нь гээд байдаг баялгаа тавиад туучихаж боломгүй байгаа юм.

Харин одоо цаг алдалгүй эхэлсэн уул уурхайгаа жинхэнэ ёсоор нь өөриймшүүлж бойжуулж нутагшуулах хэрэгтэй. Өргөн, нарийн цариг гээд хүмүүс талцаад л үзэлцээд байх юм. Үүний цаад ганц нийлж байгаа зам нь бүгд нүүрсийг түүхийгээр нь зөөхөөр улайрч байна. Түүний оронд боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр боломжийг эрэлхийлэх ёстой.

-Та эдийн засгийн форумын үеэр Чингис бондын хөрөнгөөс үлдсэн мөнгө байгаа бол үндэсний үйлдвэрлэгч нарт тараагаад өгөөч хэмээн нэлээд бухимдангуй ярьж байсан?

-Тиймээ, би “Чингис бонд”-ын мөнгийг өгөхгүй байгаа гэдгийг маш сайн мэдэж байна. Одоо хүртэл өгөөгүй л байгаа, эсвэл огт мөнгө байхгүй. Үгүй бол маш их харамч хүн тэр мөнгийг атгаад сууж байгаа гэж хардаад байгаа юм. Чингис бондын хөрөнгөнөөс ганц нэг томоохон компаниуд авсан нь үнэн.

Харин жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүртээгүй юм. Гэхдээ тэрхүү мөнгөн дээр суусан хүн өгөх сэтгэлгүй, элдэв шалтаг тоочиж байна. Түүнийг нь харахаар мөнгөгүй юм болов уу гэж бодогддог.

-Манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь эдийн засагт хүнд цохилт болж байна хэмээн эдийн засагчид хэлж байна. Энэ нь бизнест хэрхэн нөлөөлөх вэ?

-Гадны орон манайхыг сайнаар, саараар ч хэлсэн тоохгүй л байх хэрэгтэй. Муу хэлж л байг. Харин бид авдрандаа мөнгөтэй, мөнгөн аягатай л байя. Ер нь биднийг гадныхан яахаараа дүгнэх ёстой гэж. Магадгүй тэд Америктай, Австралитай харьцуулсан байх.

Гадныхны хийсэн дүгнэлтийг шууд хүлээж аваад, улс төрд ашиглах огт хэрэггүй. Магад нэг өдөр тааруу байж болно, маргааш нь сэргээд л ирнэ шүү дээ. “В” гэдэг нь бодвол дунд гэсэн үнэлгээ бололтой. Дунд сурдаг хүүхдүүд маш их зүйлийг хийж, бүтээж чаддаг. Тиймээс монголоос их зүйл гарах юм байна хэмээн бэлэгшээж байгаа.