Компаниуд бизнесийн тогтвортой орчинг хүсч байна
Гишүүдийнхээ төлөө тогтвортой ажилладаг, байнгын уулзалтыг зохион байгуулж тэднийгээ мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж олгодог байгууллага бол Монголын бизнесийн зөвлөл юм.
Энэ байгууллагын гүйцэтгэх захирлаар олон жил үр дүнтэй ажилласан Жим Двайерын халааг Ч.Мэргэн хэмээх чадварлаг залуу авч байна.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргэе!
Баярлалаа.
Энэ байгууллагыг хөгжүүлэх ямар нэгэн бодолтой байгаа гэж бодож байна?
Монголын бизнесийн зөвлөл нь Монголд бизнес эрхэлж байгаа гадаад, дотоодын томоохон ААН-үүдээс бүрдсэн 250 орчим гишүүнтэй байгууллага. Үндсэн зорилго нь гишүүддээ үйлчлэх, хэрэгтэй мэдээллийг өгөх, Монголд хөрөнгө оруулах таатай орчныг бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулах явдал юм. Гишүүнчлэлийн байгууллага гэдэг утгаараа гишүүдээ хооронд нь холбок, хамтран ажиллах боломжийг нь нээж өгдөг. Эдгээр ажлаа улам өргөжүүлнэ гэсэн бодолтой байна.
Бизнесийн зөвлөлийг Ерөнхийдөө МХАҮТ-ын дараа орох байгууллага гэж ойлгож болно.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
Монголд хөрөнгө оруулах таатай орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах гэж та хэллээ. Та бүхний зүгээс яг ямар нөлөөлөл үзүүлэх боломжтой вэ?
Мэдээж бид шийдвэр гаргахгүй. Харин шинээр боловсруулсан хууль, шийдвэрийн төсөл дээр дээр гишүүдээсээ санал авч саналаа хүргэдэг. Хууль боловсруулагчдын олж хараагүй, хөрөнгө оруулагчдад нөлөөлж болох өнцөг, хийдлүүдийг олж харахыг хичээдэг.
Бизнесийн зөвлөлийн гишүүд юу хүсч байна вэ?
Гадаад, дотоод компаниудын аль аль нь бизнесийн тогтвортой орчинг л хүсч байна. Ямарваа хууль өөрчлөгдөхөөр үргэлж нэмэлт зардал гардаг. Монголын хувьд энэ зардал маш өндөр. Хоёрдугаарт Монгол Улс хөгжлийн алсын бодлогынхоо дагуу боловсон хүчнээ чадварлаг болгох хэрэгтэй гэдэг саналыг хэлж байна.
Энэ онд зөвлөлийн зүгээс ямар томоохон ажлуудыг төлөвлөж байна вэ?
Дөрвөн жилд нэг удаа болдог Mine Expo хэмээх уул уурхайн салбарын олон улсын арга хэмжээг АНУ-ын Элчин Сайдын яамтай хамтран Монголын зүгээс зохион байгуулна. Ирэх есдүгээр сард болох уг экспод оролцох гэж буй монгол компани бидэнд хандаж болно.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал асан Жим Двайер:
Тэрээр Монголын бизнесийн зөвлөлийн захиргааны багаас гарч байгаа ч ТУЗ-ын дэд дарга болж буй учраас удирдлагын ажлаа үргэлжлүүлэн хийнэ.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа анх тавьсан зорилгодоо хүрч чадсан уу?
Энэ хугацаанд бид багагүй амжилтанд хүрсэн гэж бодож байна. Анх байгуулагдахдаа 35-хан гишүүнтэй байсан бол одоо 250 орчим болсон. Бидний тэргүүний зорилго бол гишүүддээ сайн үйлчлэх. Тэгэхээр энэ тал дээр амжилттай ажилласан гэж хэлэх байна.
Бизнесийн зөвлөлийн ирээдүйг юу гэж харж байна вэ?
Одоогийн байдлаар нилээд өргөжсөн байгууллага болсон ч цаашдаа бас өргөжих орон зай байгаа бөгөөд гишүүдийнхээ тоог хоёр дахин нэмэх бололцоо байгаа гэж үзэж байна. Мэдээж үүний зэрэгцээ гишүүддээ чиглэсэн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулна.
Уламжлал ёсоор сар бүрийн уулзалтаар шинэ гишүүдээ танилцуулдаг. Сүүлийн хоёр сарын уулзалтаар The British school of Ulaanbaatar сургууль, Матоза ХХК, Mongolian quest, Очир Ундраа групп, Чингис хаан банк гэсэн нийт таван компани гишүүнээр элссэн байна.
The British school of Ulaanbaatar сургуулийн төлөөлөл
"The British school of Ulaanbaatar нь 2010 онд монгол хувь нийлүүлэгчтэй үүсгэн байгуулагдсан сургууль. 1-13 ангитай, Их Британий үндэсний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг онцлогтой сургууль. Уг сургууль нь 2016 оны есдүгээр сараас бэлтгэн бүлгийн анги нээн ажиллуулах гэж байна. Их Британи, АНУ, Канадаас ирсэн мэргэжлийн багш нар хичээл заадаг юм байна.
Монголын бизнесийн зөвлөлд нэгдэх болсон шалтгаанаа хэлэхгүй юу?
Монголын бизнесийн зөвлөл бол олон байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том сүлжээтэй байгууллага. Энэ сүлжээнд нэгдсэнээр хүрээгээ тэлэх боломж байна гэж үзсэн. Зөвлөлийн уулзалт дээр бид сургуулиа танилцуулна. Мөн элсэлтийн улирал эхэлсэнтэй холбогдуулан элсэлтийн саналаа тараах, зөвлөлийн гишүүдэд зориулсан тусгай саналыг танилцуулах гэж байна".
МАТОЗА ХХК-ийн захирал П.Золзаяа:
" Манай компани нь олон улсын худалдаа, аялал жуулчлал, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын хөрөнгө оруулалттай компани. Боловсролын чиглэлээр залуучуудыг гадаадад суралцахад нь тусалж дэмжих, сургалт зохион байгуулах, дадлага хийлгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг. Дадлага хийх хөтөлбөр нь гадаадын компанид дадлага хийх боломж олгодгоороо онцлог. Ингэхдээ боловсролын бүх чиглэлд Герман, Австри, Польш зэрэг Европын орнууд руу голчлон дадлага хийлгэдэг.
Монголын бизнесийн зөвлөлөөс ямар боломж хайж байна вэ?
Энд хүрээгээ тэлэх, үйлчлүүлэгчдээ олох бололцоо байгаагаас гадна бидэнд суралцах зүйл маш их байна ".
Mongolian quest компаний гүйцэтгэх захирал Ё.Бадрал:
"Mongolian quest бол аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Миний хувьд Жуулчин компанийг төрийн мэдэлд байхад нь ажиллаж байсан. Дараа нь “Гурван тэмээ” аялал жуулчлалын компаний захирлаар 18 ажилласан. Хэдийгээр өнөөдөр Монголын бизнесийн зөвлөлийн шинэ гишүүн болж байгаа ч энэ байгууллагыг байгуулагдах цагаас нь холбоотой байсан.
Манай компаний хувьд аялал жуулчлалын салбар дотроо бизнесийн аялал жуулчлалын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл аль болох ахиухан мөнгөтэй хүмүүс оролцсон томоохон арга хэмжээ, хурал цуглааныг зохион байгуулдаг гэсэн үг. Тухайлбал АСЕМ-ын уулзалтын нэг хэсэг болсон Зочид буудлын менежерүүдийн чадавхийг дээшлүүлэх тав хоногийн сургалтын үйлчилгээг хариуцаж зохион байгуулсан. Энэ чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдаг цөөхөн компаний нэг.
Монголын хувьд аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт бага, мэдээллийн бааз суурь бэхжээгүй. Тиймээс аялал жуулчлалд илүү ач холбогдол өгөөсэй, Бизнесийн зөвлөлийн гишүүд энэ талаар анхаарал хандуулаасай гэсэн үүднээс гишүүнээр элсэж байна".
Очир Ундраа группын Стратеги, хөгжүүлэлт хариуцсан захирал Г.Бүжин:
"Очир Ундраа групп нь 2000 онд байгуулагдсан бөгөөд 12 компанитай, 800 орчим ажилтантай. Уул уурхай, барилга, дэд бүтэц, химийн үйлдвэрлэл, худалдаа, санхүү гэсэн үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа уул уурхайн чиглэлд геологи хайгуул, олборлолт, тэсэлгээ, өрөмдлөг, ачилт, тээвэрлэлт, нөхөн сэргээлт гэх зэргээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Манай салбар компани болох МЕРА ХХК нь энэ чиглэлд амжилттай ажиллаж байна. Тэр дундаа тэсэлгээ, өрөмдлөгөөг тэргүүлэх чиглэл болгож дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болох зорилго тавиад үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийдөө бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэн тогтвортой байдлыг эрхэмлэж, олон улсад өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээгээр харилцагчдынхаа талархлыг хүлээсэн, цэвэр тунгалаг, өсөлт, хөгжлийн ундраа байна гэж эрхэм зорилгоо тодорхойлсон.
Монголын бизнесийн зөвлөлд нэгдэх болсон шалтгаанаа хэлэхгүй юу?
Өмнө нь бид аль нэгэн байгууллагад гишүүнчлэлтэй байгаагүй, энэ тал дээр анхаарал хандуулж байгаагүй. Харин Бизнесийн зөвлөлийг бид мэдээлэл авах, хүрээгээ тэлэх, компаниа таниулах боломж гэж харсан учраас гишүүнээр нь элсэхээр шийдсэн" .