Хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх нөхцөл бүрэлдэж байна
Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн хөгжлийн газрын дарга А.Батпүрэвтэй ярилцлаа.
Банкны монополь байдлыг арилгаж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд юу саад болж байна вэ?
Өнгөрсөн хугацаанд санхүүгийн зах зээл хөгжихөд саад болсон хэд, хэдэн зүйл бий. Тухайлбал, макро эдийн засгийн орчин тогтворгүй байсан, инфляци өндөр гэх мэт. Тиймээс ийм байдлыг дагаад зээл, хадгаламжийн хүү өндөр байсан. Мөн санхүүгийн зах зээл төрийн бодлогоос гадуур хаягдсан.
Зах зээлд шударга өрсөлдөөнтэй, ил тод, хуримтлагч, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалдаг хууль зүйн орчин бүрдээгүй байна.
1990-ээд оны өмч хувьчлалаас үүдэлтэй хөрөнгийн зах зээлийн талаарх сөрөг хандлага нийгмийн дунд одоог хүртэл байдаг. Мөн энэ асуудлыг зохицуулж буй байгууллагууд чадавхижаагүй, зах зээлийг хянан шалгах тал руугаа илүү анхаарлаа хандуулдагаас биш хөгжүүлэгч, хөгжлийн бодлого тодорхойлогч гэдэг өнцгөөс огт ханддаггүй. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалаад санхүүгийн зах зээл өрөөсгөл, банк давамгайлсан, активын хэмжээгээр 96 хувийг эзэлж байна.
Монголд санхүүгийн ямар институтиуд хөгжих боломжтой гэж харж байна?
Санхүүгийн салбарууд ямар нэг хэмжээгээр Монголд бий. Гэхдээ чадавхи сул, сайн хөгжөөгүй байна. Банкны салбар, даатгалын салбарт ч тэр урт хугацааны даатгалын компаниуд байгуулагдан ажиллаж эхэлсэн хэдий ч хэмжээний хувьд тогтож төлөвшөөгүй.
Цаашид хөрөнгө оруулалтын сан илүү ирээдүйтэй харагдаж байна. Энэ нь сул чөлөөтэй хуримтлалыг илүү үр ашигтай хөрөнгө оруулалт руу шилжүүлж, эдийн засгийн бодит санаачилгуудыг дэмждэг чухал институци юм. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 онд батлагдан, Санхүүгийн зохицуулах хорооноос дүрэм журмын талаар илүү анхаарч ажилласан.
Цаашид хөрөнгө оруулалтын сан илүү ирээдүйтэй харагдаж байна.
Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд их байгуулагдсан нь сан бий болгож, үр ашигтай ажиллах ирээдүй харагдаж байна. Нөгөө талаас төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын сан байгуулах бүрэн боломжтой. Нийгмийн даатгалын сан, ирээдүйн өв сан, хөгжлийн банк зэргийг мэргэшсэн институцичлал болгох боломжууд бий.
Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна?
Хийхээр төлөвлөсөн маш олон ажил бий. Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол банк, Сангийн яамтай хамтран Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулсан. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хөтөлбөрийн дагуу 2025 он хүртэл гурван үе шаттайгаар олон ажил төлөвлөөд байна. Оролцогчдоо чадавхижуулах, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, дэд бүтэц хөгжүүлэх, макро эдийн засгийг дэмжих бодлого боловсруулах зэрэг хийх ажил их бий.
Санхүүгийн зах зээлийн хөгжил хурдасч, төрөлжиж чадвал Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар үр ашигтай вэ?
Сайн хөгжсөн санхүүгийн систем гэдгийг хүний бие организмтай зүйрлэвэл цусны эргэлт гэсэн үг. Ямар үйл ажиллагаа явагдана тэнд санхүүгийн харилцаа явагдаж байгаа учраас үүргээ гүйцэтгэж л байх ёстой. Харин манайд хүрэх ёстой цэгтээ бүрэн хүрч чадахгүй, хүртээмж муу байна. Жирийн иргэд том компаниудын ашгаас хүртэж чадахгүй байгаа нь хүртээмж муу байгаагийн илрэл юм.
Зах зээл сайн хөгжсөний дараа хүртээмж сайжирч, хүн бүр зах зээлийн идэвхтэй оролцогч болж, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ хөгжүүлж, амьжиргааны түвшнээ сайжруулах боломжтой болно.
Одоогоор санхүүгийн салбарын бүтээж буй нийт баялаг ДНБ-ийн дөрвөн хувьтай тэнцэж байна. Энэ тоо 10 ба түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд энэ салбар эдийн засгийн суурь салбар болон хөгжиж, зээлийн хүү буурч, хугацаа уртсаж, барьцаанд суурилсан системээс зах зээлд суурилсан систем рүү орох боломж үүснэ.
“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумын гол үр дүн юу байсан бэ?
Санхүүгийн зохицуулах хорооноос уг форумыг санаачлан Төрийн ордонд зохион байгуулсан. Гадаад, дотоодын байгууллагууд, мэргэжлийн оролцогчид, төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс гээд 500 гаруй хүн оролцсон.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүд үндэсний хөтөлбөрт тусгагдана.
Хурлын гол зорилго нь санхүүгийн зах зээл цаашид хөгжихөд ямар бэрхшээл байна, бэрхшээлийг хэрхэн давж гарснаар юунд хүрч болох вэ зэрэг боловсруулж буй үндэсний хөтөлбөрийн талаар голлон хэлэлцсэн.
Нэгдсэн хурлын үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги ямар байх талаар болон, санхүүгийн зах зээл ямар үүрэг гүйцэтгэх вэ, хууль эрх зүйн орчин санхүүгийн зах зээлд ямар нөлөөтэй вэ гэсэн сэдвүүдээр дөрвөн салбар хурал хийсэн. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүд үндэсний хөтөлбөрт тусгагдана.