МСҮТ төгссөн залуус их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой болно
2016.05.26

МСҮТ төгссөн залуус их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой болно

Хуулийн нэр: Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

 Өргөн барьсан огноо: 2015.12.30

Хууль санаачлагч, өргөн барихад оролцсон бусад УИХ-ын гишүүд: Г.Баярсайхан

Монгол Улсын Их  Хурал 2002 онд Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийг баталсан. Түүнээс хойш 2009 онд шинэчлэн найруулж 2012 онд бүтэц, зохион байгуулалтын шинжтэй нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.

Харин 2015 онд өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөд зарчмын шинжтэй хэд, хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан байна. Тухайлбал, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлж улсын хэмжээнд мөрдүүлэх, иргэн эзэмшсэн мэргэжил, мэргэшлээрээ хаана ч ажил эрхлэх, цалин хөлс авах, хөрвөж ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, өсч дэвжих боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгохыг зорьжээ. Мөн ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулж, мөрдөх, хяналт тавих талаарх зохицуулалтыг тусгасан байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн, шаардлагатай чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэх аж.

 Иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломж бүрдэх юм байна.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар их дээд, сургууль төгсөгчдөд мэргэжлийн боловсрол эзэмших, хөрвөж суралцах бололцоо нээгдэх бөгөөд мөн МСҮТ төгссөн залуус их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой болно.

Тус хуулиар нийгмийн түншлэлийг бүх түвшинд идэвхтэй дэмжих хэрэгцээ шаардлагыг үндэслэн холбогдох зохицуулалтыг  төсөлд тусгажээ.

Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндэсний тогтолцоог төлөвшүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, иргэдийн ажлын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ажлын байрыг баталгаажуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд  их  ач холбогдолтой  аж.  

Хуульд  нэмэлт өөрчлөлт оруулснаар  мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх тэднийг ажлын байртай болгох боломжийг баталгаажуулахад чиглэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой үр дүн гарна гэж тооцож байна.