Их, дээд сургуулиудын олон нийттэй харилцах ажилтнуудын нэгдсэн сургалт боллоо
Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Олон нийттэй харилцах ажилтны сургалт”-ыг 2016 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр, МИДСК-ын гишүүн сургуулиудын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад зориулан зохион байгууллаа.
Уг сургалтанд МИДСК-ын гишүүн МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, АШУҮИС, ХСИС БХИС гэх мэт 47 сургуулийн төлөөлөл оролцсон олон нийттэй харилцах ажилтнууд сургуулиудын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай сурталчлахад чухал хэрэгцээтэй мэдээлэл авч, олон нийтэд хандсан үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар харилцан мэдлэг туршлагаа солилцож, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, энэ чиглэлийн сургалтыг уламжлал болгон цаашид явуулж байх хүсэлт гаргалаа.
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн PR, сэтгүүлзүйн багш Ц.Чимэддондог, мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Ц.Тамир нар "Олон нийтийн мэдээлэл харилцаанд цахим хэрэгсэл, дэвшилтэт мэдиаг хэрхэн үр дүнтэй ашиглах", "Сошиал медиа - түүнийг ашиглах арга замууд, хэвлэлийн мэдээ хэрхэн бэлтгэх", "Мэдээлэл дамжуулах үйл явцад мэдээлэл түгээгчээс шаардагдах зүйлс" зэрэг сэдвээр лекц уншиж, сонирхолтой дадлага ажлууд хийлгэж зөвлөгөө өгчээ.
Мөн “Best of Mongolia-2015” шалгаруулалтын “Оны шилдэг улсын их сургууль” шагналыг саяхан хүртсэн ХААИС-ийн хэвлэл мэдээллийн ажилтан сургуулийнхаа туршлагаас хуваалцжээ.