Миний улс төрийн нас дуусаагүй байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Та бидний ярилцлага хуулийн салбарын хүрээнд өрнөх байх. Үйл явдлын дарааллаар ярилцлагаа эхлэх үү?
-Болно оо.
-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөөд хориод хонож байна. Н.Ганболд дарга амар жимэр амьдармаар байна, чөлөөлөөд өгөөч ээ гээд өргөдлөө өгсөн.УИХ хүсэлтийг нь хүлээн авсан.Гэхдээ олон түмэнд бол Н.Ганболд дарга шахалтад орчихлоо, өргөдлийг нь өгүүлчихлээ гэж харагдаж байгаа.Та энэ үйл явцыг хэрхэн харж байгаа вэ?
-АТГ өөрөө зовлонтой л доо. Авлига гэдэг хэнийг ч танихгүй, мэдэхгүй, мөнгөгүй, бусдад нөлөөлж чадахгүй хүмүүсийн хийдэг гэмт хэрэг ерөөсөө биш. Харин ч эсрэгээрээ, нөлөөлбөл нийгмийг талцуулж хуваах чадамжтай, ашиглавал эрх мэдэл нь хэнийг ч ажилгүй болгох боломжтой, зарж чадвал их хэмжээний мөнгөний амсар дээр сууж байж мэдэх тийм хүмүүстэй л ярьдаг, юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг тэр хүмүүст хуулийн нэрээр зааж, шийдэж мэдэх тийм л чиг үүрэг бүхий байгууллага. Ийм байгууллагыг удирдана гэдэг хэцүү.Н.Ганболд гэдэг хүн АТГ-ын гурав дахь дарга.Анхны дарга нь гадаадад явж байгаад нас барсан.Хоёр дахь дарга нь өөрөө хэрэгт холбогдсон.Гурав дахь нь “Би амар тайван амьдармаар байна” гээд өөрийн хүсэлтээр явж байна.Хуулийн байгууллагыг зүй ёсоор нь ажиллуулахад ямар их дарамт ирдэг вэ гэдгийг та бүхэн ЦЕГ-ын дарга Р.Чингисээс харж болох байх.
Р.Чингис бол залуу хүн.Өөрийн зөв гэж итгэж байгаа зүйл дээр тууштай бөгөөд зоригтой зогсох тэвчээр байгаа учраас байгаад байх шиг байна.Жаахан нас дээр гарчихсан, залуу байх үеийнх шигээ “галзуу барын аманд гараа хийгээд авахаас сийхгүй” байж чадахгүй нь ээ, амар тайван байя даа гэж байгаа хүмүүст бол “Төвөг дөө, эндээс холдсон нь дээр юм байна” гэж бодох хэмжээний дарамт ирсэн байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ хувь хүн юу бодож өргөдлөө өгснийг би ямар дотор нь орсон биш, мэдэхгүй юм.Зүгээр хийж байгаа ажил нь хэцүү гэдгийг бол мэдэж байна.Энэ хэцүү байдлаас зарим хүн зугтаж гардаг, зарим нь туулж гардаг, зарим нь ялагдаж гардаг.Ийм л гурван хаалга нээлттэй байдаг уулзвар зам даа.Н.Ганболд дарга энэ хаалганы алинаар нь гарч байгааг би хэлж мэдэхгүй.Хийж байгаа ажил нь ийм төвөгтэй учраас хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгох байх.
-АТГ-ын даргыг томилох хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусах байх. Дараагийн дарга хэн байх бол?
-Мэдэхгүй.
-Н.Ганболд даргыг өргөдлөө өгсөнтэй зэрэгцээд л баахан нэрс гарсан л даа. Тэр дунд таны нэр ч байсан.Танд боломж гарвал АТГ-ын даргаар очих уу?
-Ямар ч тохиолдолд үнэнд үл нийцэх таамаг байна. Яагаад гэвэл би хуульч, нөгөө талаас улстөрч хүн.Хуульч хүний хийдэг ажил бол нэг бол өмгөөлөл, үгүй бол прокурор, эс бөгөөс шүүгч.Хамгийн том оргил нь Үндсэн хуулийн Цэц байх.Харин мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд дээр бол мэргэжлийн хууль сахиулагчид очих нь зохимжтой байдаг.Тийм учраас би өөрийнхөө мэдэхгүй ажлыг хийхгүй.Дотрын эмч шүдний эмчээр ажиллахгүйтэй л адилхан байхгүй юу.Миний өөрийн эзэмшсэн мэргэжлийн хувьд тэнд очих боломжгүй.Нэгдүгээр шалтгаан энэ.
-Хоёр дахь шалтгаан нь?
-Хоёрдугаарт би улстөрч хүн. Улстөрчдийг ялангуяа мөрдөн шалгах юм уу, хуулийн байгууллагын орой дээр аваачих маш аюултай.Сайн хүн байж болно л доо.Зөв бодолтой ч байж болно.Гэхдээ л улстөрч бол улстөрч.Улстөрчдийг хуулийн байгууллагын толгойд аваачихаас илүүтэйгээр мэргэжлийн хүнийг аваачих нь зөв гэж би итгэдэг.Тиймээс би өөрийн итгэдэг зүйлийнхээ эсрэг явахгүй.Дараачийн шалтгаан ч бас байна.
-Тэр нь юу вэ?
-Миний улс төрийн нас хараахан дуусаагүй байна. Улстөрчийн ажил бол бодлого тодорхойлох.Бодлого тодорхойлох боломжтой цаг хугацаан дээрээ бидний үе бас байх ёстой газраа байх ёстой.Тэр үүднээсээ улс төрийн амьдралдаа цэг хатгах болоогүй байна.
-Р.Гончигдорж гишүүн бас “Би Үндсэн хуулийн Цэцэд очихгүй ээ” л гээд байсан. Гэтэл төд удалгүй өөрийн гараар бичсэн өргөдөл нь гараад ирсэн…
-Надад тийм юм байхгүй.
-Хүчний байгууллагад үүссэн бас нэгэн дуулиан байна. Та түрүүнд цухас дурдлаа. Цагдаагийн даргыг өөрчлөх тухай. Эхлээд танай намын нэг гишүүн “ЦЕГ-ын дарга болохгүй байна” гэсэн.Дараа нь бүлгийн тань хэсэг гишүүд нийлээд “болохгүй байна” гэлээ. ЦЕГ-ын даргыг солихгүй бол фракцийнхаа сайд нарыг татна гэсэн гайхам мэдэгдэл хийсэн. Ингэж болдог юм уу, энэ зөв зарчим уу?
-Зарчим гээч юм алга болсны л тод жишээ.
-Яахав салбарын сайд нь агентлагийн даргатайгаа хамтарч ажиллахгүй гэдэг санал оруулах эрх бол бий. Гэтэл агентлагийн даргаа солихгүй бол танхимын бүрэн бүтэн байдалтай чинь ярина шүү гэж Ерөнхий сайддаа шахалт үзүүлж, үүнийг нь салбарын сайд нь дэмжээд явж байгаа дүр зураг л харагдаад байна л даа.
-Ямар ч сайд өөрийн салбар дотор байгаа агентлагийн даргыг өөрчилье гэж хэлэх эрхтэй. Түүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ эрх ямар нөхцөлд эрүүл зөв болох вэ гэвэл “Би энэ хуулийн салбарыг, би энэ цагдаагийн байгууллагыг иргэнд зориулж, улс оронд зориулж ингэж өөрчлөх гээд байна. Ийм ийм шинэтгэл хийх гээд байна.Гэтэл энэ өөрчлөлт, шинэтгэлийг энэ хүн хийхгүй гэж байна.Би сонгогдохдоо, томилогдохдоо үүнийг л хийнэ гэж ард түмэнд, УИХ-ын гишүүдэд амлаж гарч ирсэн.Олон нийт үүнийг хүлээж байгаа.Тиймээс энэ бодлогыг маань хэрэгжүүлэхгүй гэж байгаа бол би энэ хүнийг ажиллуулахгүй” гэж хэлж болно.Энэ ардчиллын эрүүл зарчим.
Харин эсрэгээрээ “Цагдаагийн дарга миний хүн байх ёстой, манай фракцийн хүн байх ёстой, манай фракцийн, миний хүмүүсийг шалгаж болохгүй, гэмт хэрэг хийсэн ч нүдээ аниад зогсох ёстой, тэгээгүйнх нь төлөө би огцруулна” гэж байгаа бол өөр зүйл.Нэг нь ардчиллын эрүүл саруул зарчмын тухай яриа, нөгөө нь хуулиас гадуур хулгай хийдэг хүмүүсийг хамгаалах тухай яриа.Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажиллаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө дарга удирдлагыг нь огцруулна гэдэг бол байж боломгүй зүйл.Намайг шалгаад байгаа учир наад хүнээ зайлуул, бидний даргыг, эсвэл бидний эзнийг шалгаж байгаа учир наад хүнээ зайлуул, манай фракцийн сайд учраас чи тэгэх ёстой гэж нэг хэсэг нь шахдаг, нөгөөх нь биелүүлдэг байж болохгүй шүү дээ.Ардчилсан улс оронд огт байж болохгүй зүйл.Тиймээс энэ хоёрын ялгааг олж харах ёстой.Хулгайчийг өмөөрч хуулийн дагуу ажиллаж байгаа хууль сахиулагчдаа “Зайл” гэж хэлбэл хэн нь харин энэ албан тушаалаас, энэ эрх мэдлээс зайлах ёстой вэ гэдгийг ярих ёстой. Хулгайчид өөрөө өөрсдийгөө л гэрэлд гаргаад ирж байгаа асуудал шүү дээ.
-Зарчимгүй шахалтыг Хуулийн сайд нь үзүүллээ. Дээрээс нь танай бүлгийн гишүүд бас дэмжлээ.Та нар чинь нэг нам биз дээ?
-Хууль бус, зарчимгүй, увайгүй гэж хэлж болохуйц ийм шахалтыг сайд нь уу, гишүүд нь үзүүлж байна уу, нэг нам уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалаад зарчмынхаа хоёр талд зогсох ёстой. Сонгогдохдоо, албан тушаал дээр очихдоо энэ талаар гоё ярьдаг мөртлөө авсан албан тушаалаа ашиглан энэ бүгдийгээ нураах гэж оролдож байгаа бол нөгөө талд нь “Уучлаарай, та нар өөрсдөө эхлээд холдох ёстой юм биш үү, өөрсдөө наад эрх мэдлээ өгөөд явах ёстой юм биш үү” гэдгийг хэлэх хэрэгтэй.Зарчим гэдэг юм байгаа бол, үнэт зүйл гэж үнэхээр байгаа бол, Монгол Улсад хууль ёс байдаг бол хуулийнхаа хашаан дотор дүрмийнхээ хүрээнд тоглох ёстой.
-Өөрийн гэсэн Хууль зүйн сайдтай болох гэлээ, болсон ч юм байна гэж та хэлж байсан. Х.Баттулга гишүүнд хувьдаа Хууль зүйн сайдтай байх тийм ямар эрх ашиг байсан юм бол?
-Мэдэхгүй л дээ. Намайг огцруулахаар хуйвалдаж байхад нь би хэлж байсан.Нэг сумыг таван нумаар харвадаг юм байна, сумаа тавьчихаад нумаа нуудаг хүмүүс байна гэж.Цаг хугацаа бүхнийг ил болгосон.Мөнгө өгч, бүх хорыг найруулсан эзэн нь Х.Баттулга гэдэг хүн байсан нь одоо ил боллоо.Тухайн үед хуулийн байгууллагууд дотор шалгалт хийгээд эхлэхэд хамгийн их эгдүүцэж уурласан хүн нь Х.Баттулга.Миний хүмүүсийг халлаа, над руу чиглэсэн ажиллагаа яваад эхэлж байгаа юм биш үү гэсэн өнгө аяс гаргаж байсан.
Би тэгэхэд нь “Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу л ажиллана аа. Хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй бол айж сэрэмжлэх хэрэггүй л гэж хариу хэлсэн.Би гайхдаг юм.Тухайн үед АТГ-аас Н.Алтанхуяг, Л.Гансүхийг шалгаад, Г.Дэнзэнгийн хэрэг гээд бөөн л юм болсон.Тэгэхэд “айх зүйлгүй бол очоод шалгуул аа” гэж байсан хүмүүс тэр үед бусдад хэлж байсан үгээ өнөөдөр өөртөө хэлж чадахгүй байгаа нь сонирхолтой биз дээ.Би энэ бүгдээс юу бодсон бэ гэхээр, тэр үед үнэхээр өөрийн гэсэн Хууль зүйн сайдгүй бол өөрийнх нь хулгай илэрнэ гэсэн айдастай хүмүүс Хууль зүйн сайдаа авах гэж тэмцсэн байна.Тэгээд Хууль зүйн сайдаа авсан ч юм байна.Манай фракцийн сайд учраас энэ асуудлыг шийд, шийдэхгүй бол чамайг өөрийг чинь татна гэдэг үгийг их зоригтой хэлж байгаа нь тэр үеийн үйл явдлын ард хэн байсан бэ гэдгийг их тод харуулж байна л даа.
-Одоо “Огцруулаад өг” гээд байгаа Р.Чингис даргыг тухайн үед Х.Баттулга гишүүн тан дээр “Энэ миний хүн шүү” гээд орж ирж байсан нь үнэн юм уу?
-Үнэн. Би Хууль зүйн сайдаар дөнгөж очоод шинэчлэлийг гардаж хийнэ гэсэн хүмүүсээ томилсон.Тэр үедээ Р.Чингисийг би Хууль сахиулах сургуулийн захирал болгон шилжүүлж байсан юм.
-Цагдаагийн дэд дарга байсан бил үү, тухайн үед?
-ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан шиг санаж байна. Дараа нь “шинэчлэлийг хийлцэнэ” гэж томилогдсон зарим нэг хүн эсэргүүцээд эхэлсэн.Миний цол хэргэмийг алга болголоо, дуртай хүндээ нөлөөлж чадахгүй боллоо гэсэн хэсэг бүлэг нөхөд гарч ирээд “Баянгол” зочид буудалд хуралдаад эхэлсэн.Тэр хүмүүсийг зайлуулангуут мань нөхөр орж ирсэн.Тэгэхдээ гартаа баахан нэртэй орж ирсний дунд Р.Чингис ч байж л байсан.Ямар учиртай тэгснийг нь би бол мэдэхгүй.Харин маш их ууртай байсныг нь бол сайн санаж байна.Өөрийнх нь бизнесийг хамгаалж хууль хүчний үзүүр дээр зогсдог хүмүүс нь юм байгаа биз.
-Хууль зүйн сайд байх хэцүү байсан уу?
-Ямар ч салбарт өөрчлөлт хийхэд хэцүү л байдаг. Өөрчлөлтийг дэмжээд явах нэг хэсэг байна, эсэргүүцээд “Үгүй, би дарга байх ёстой. Эрх мэдэл л надад хэрэгтэй” гэж боддог хэсэг ч байна. Тэр бүгдийг даван туулахын тулд шинэчлэлийг хийж байгаа улс төрийн хүчин өөрөө хатуу зогсох ёстой л доо.Харамсалтай нь тэгж чадаагүй. Тэр үед өгч байсан ярилцлагаа би ч санаж байна.“Би өөрөө өөрөөсөө болж унасан” гэж.Гэхдээ тэрнийхээ төлөө харамсдаггүй.
-Яагаад өөрөөсөө болсон гэж. Таны буруу байсан юм уу?
-Эрх мэдэлтэй, нөлөөтэй, мөнгө төгрөгөөр бүгдийг шийдэж байгаа хэсэгт очоод “Би танай хүн байна аа” гээд хэлчихсэн бол үргэлжлүүлээд дөрвөн жил ажиллах л байсан байх. Гэхдээ надад бас зарчим, үнэт зүйл гэж юм байна аа. Энэ шинэтгэлийг юуны төлөө хийж байгаа вэ гэдгээ баттай мэдэж байсан учраас “Уучлаарай, би хэн нэгний хүүхэлдэй болох гэж Хууль зүйн сайд хийхгүй ээ. Хэн нэгний мөнгөний түрийвч, хулгай зэлгийг нуух гэж тэнд суухгүй ээ” гэдгээ л хэлсэн.Надад тэнд очиж ёслоод албан тушаалдаа үлдэх үү, эсвэл чадахгүй гэж хэлээд өөрөө хөөгдөх үү гэдэг хоёр л сонголт байсан.Хоёр дахь нь нэрэнд цэвэр, сэтгэлд амар байсан.Ядаж л өөрөө өөртөө үнэнч үлдэнэ шүү дээ.Дараа нь миний оронд тэнд очсон хүн ямар байдалтай байгааг харж л байна.
-Таны үед эхлүүлсэн, “Х.Тэмүүжингийн шинэчлэл” гэж хэлэгдтэлээ нийгмийн дэмжлэгийг хүлээсэн тэр ажлууд одоо ямар байдалтай байна вэ?
-Жаахан царцсан, жаахан гацсан. Гэхдээ цаашаа үргэлжилж байна.Зарим шинэтгэлийг буцаах гэж оролдсон.Тэр нь бүтээгүй.Хууль зүйн сайдаар томилогдож байхдаа тэр хүн цагдаад хичнээн хайртай байлаа даа.Одоо байгаа байдлыг нь харахад цагдаад хайртай, хуулийн салбарт хайртай нь албан тушаалд томилогдох тэр хэсэгхэн үеийн л хэрэг байж дээ.
-Уг нь Улсын ерөнхий прокурор гэдэг хуулийн салбарын орой нь биз дээ?
-Хууль зүйн салбар, хуульч мэргэжлийн хамгийн өндөр гурван карьер бий. Ерөнхий прокурор, Дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн.Ийм гурван оргил байна аа.Хууль зүйн сайд гэдэг бол хуулийн салбарын оргил биш шүү дээ.Бодлого тодорхойлдог улс төрийн л ажилтан.Хуулийн салбарын оргил дээрээс сайдын суудал руу үсэрч бууж ирэх ямар хэрэгцээ тэр хүнд байсныг би мэдэхгүй.Хууль зүйн сайд гэдэг бол улстөрчийн ажил, Улсын ерөнхий прокурор бол мэргэжилтний хийдэг ажил байхгүй юу.Мэргэжилдээ үнэнч биш, мэргэжил нь үнэ цэнэтэй биш байна.Гэхдээ Хууль зүйн сайд гэдэг хуульч мэргэжлийн оргил биш ч гэлээ тэнд зарчим гэж юм байх ёстой.Монгол Улсын сайд болохоос нэг фракцийн сайд байж болохгүй.Хулгайг хаацайлах зорилгоор Хуулийн сайдын суудлыг ашиглаж болохгүй.
Гэвч Д.Дорлигжав гэдэг хүнд тийм л хүчтэй барьцаа, тийм их өр байгаа юм болов уу л гэж харж байна.Цаана нь шахаж байгаа шахалтыг ч бас мэдэж л байна.Би түрүүнд АТГ-ын даргын томилгоон дээр хэлсэн.Шахалт бол байдаг юм аа.Тэрийг тэвчээд гарах эр зориг байж л хуулийн салбарт урт хугацаанд явна.
-Өнгөрсөн удаа телевизийн ярилцлагад орохдоо та “хуулийн байгууллагын дарга нарыг эрүүгийн гэмт хэрэгтнүүд томилдог болчихлоо” гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Үнэхээр ийм юм байдаг юм уу.Хуулийн салбар ингэтлээ уналтад орчихсон юм уу?
-Би дарга нарыг гээгүй. Нэг даргын тухайд л ярьсан.
-Ц.Батсүх хурандааг уу?
-Тийм. Эрүүгийн гэмт хэрэгтнүүд хуулийн байгууллагын бүх дарга нарыг томилоод байж чадахгүй л дээ.Гэхдээ тэдний хүсэл бол байнга л тийм байдаг.Өөрийн гэсэн цагдаагийн даргатай, өөрийн гэсэн шүүгч, прокурортой байхыг хүсч байгаа.Тийм боломжийг ардчилсан нийгэм хэзээ ч олгож болохгүй.Хуулийн засаглал, ардчилал гэдэг хоёр үгийн цаана юу байдаг вэ гэхээр, орон нутгийн удирдлага, эсвэл увайгүй улстөрч, эсвэл рецедив гэмт хэргийн бүлэглэлүүд хуулийн дээр гарч болохгүй гэдэг л зарчим.Манайх шиг хэдхэн хүн амтай улсад хэцүү шүү дээ.Ах дүү, хамаатан, танил талын лобби хуулийн дарга нар руу их явдаг.Д.Дорлигжав сайдыг хамгаалж өмгөөлж албан тушаал дээр аваачсан нэг, хоёр хурандаа байдаг юм.Тэр хурандаа нарын хамгийн өндөрт гарсан хүнийг лоббидож явдаг бүлэг нь манайдаа рецедив гэгддэг нэр бүхий гэмт хэрэгтнүүд байдаг юм аа.Тийм хүмүүсийн лоббид орж цагдаагийн даргын томилгоог хийж болохгүй л гэсэн.
-Дандаа болж бүтэхгүй зүйл асууж байгаад уучлаарай. Гэхдээ хуулийн салбарын хувьд үгээ хэлэх эрхтэй хүмүүсийн нэг нь та учраас, бас хуулийн салбарын гажуудал газар аваад байгаа учраас асуухаас өөр арга алга. Үндсэн хуулийн Цэц гэж байна. Таны хэлснээр бол хуулийн салбарын гурван оргилын нэг.Энэ бүтэц сүүлийн үед улстөржлөө, захиалгаар шийдвэр гаргалаа гэсэн шүүмжлэлээс салахаа байлаа. Үнэхээр тийм зүйл байгаа юу?
-Байгаа.
-Яагаад? Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийг улс төрөөс ангид байлгахын тулд, зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд шийдвэр гаргадаг болгохын тулд яах ёстой вэ?
-Үндсэн хууль дээр байгаа нэг үгийг буруу хэрэглээд яваад байгаа юм. Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэчихсэн байдаг.Үүнийг хуульчаас гадна улстөрч томилогдож болно гээд зүтгэчихсэн.Уг нь эхний шалгуур нь хуульч.Хуульч дотроо улс төрийн өндөр мэргэшилтэй, Үндсэн хуулийн чиглэлийн хүн байна гэдэг нь Үндсэн хуулийн үг байсан болов уу л гэж би хардаг. Гэтэл энэ үгийг Үндсэн хууль баталснаас хойш 24 жилийн турш буруу хэрэглэснээс болоод Цэц дээр хуульч очих нь багассан. Ихэвчлэн улстөрчид очиж байна.Улстөрчид очиж байгаа учраас Цэц гэдэг байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах нь их болчихоод байна.Бид анх удаа Үндсэн хуулийн шүүх байгуулах гэж оролдсон 1992 оны Үндсэн хууль маань ер нь юуг дуурайсан юм, юунд зорьж байсан юм гэдгээ эргээд харах цаг болсон.
Үнэхээр Үндсэн хуулийн шүүх юм бол шүүхийн статустай, шүүхийн төвшинд нь хариуцлагатай ажиллуулах ёстой.Улстөрчид тэнд оччихоод шийдвэр гаргахдаа “шүүхийн шийдвэр эцсийнх байна” гэж хэлчихээд, шийдвэр гаргахаас өмнөх бүх үйл явц нь улстөржөөд байхаар Цэц өөрөө шүүх биш болчихож байгаа юм.Тэгээд хуулийн нэмэлтүүд оруулсан.Намрын чуулганаар батлуулсан.Тэгсэн ч нөгөө нөхдүүд маань хуулийн энэ заалт өөрсөд дээрээ үйлчлүүлэхгүй гэдэг дүгнэлт гаргаад явж байна.
-Бусад орон энэ асуудлыг яаж шийдсэн байдаг юм бол?
-Герман маягийн эрх зүйн тогтолцоотой улс орнуудын Үндсэн хуулийн шүүхийн нэгдүгээр шаардлага нь “Та гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэл, үр дагаврыг заавал тайлбарлах шаардлагатай. Үндэслэл, үр дагавар чинь эргэлзээтэй байвал таны шийдвэр өөрөө эргэлзээтэй” гэдэг.Гэтэл Цэц гаргасан шийдвэрийнхээ үндэслэл үр дагаврыг тайлбарладаггүйн гай одоо Сонгуулийн хууль дээр гарч байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц шүүх юм бол ямар гомдлыг авч хэлэлцэх вэ гэдэг нь маш хязгаартай байдаг юм билээ.Дурын иргэн гомдол гаргадаггүй.Иргэн зөвхөн өөрийнх нь эрх зөрчигдсөн тохиолдолд л гомдол гаргана.Өөрийнх нь эрх зөрчигдөөгүй бол, өөрт нь хамааралгүй асуудлаар хандвал Үндсэн хуулийн шүүх нь хүлээж авдаггүй.Яагаад гэхээр Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр бусад шүүхээс хавьгүй том үр дагавартай.Өөрийнх нь эрх зөрчигдөөгүй байхад “Энэ хууль надад таалагдахгүй байна” гээд гомдол гаргачихаар хууль тогтоох эрх мэдэл алдагдчихаж байгаа юм. Сонгуулийн үр дүнд гарч ирсэн 76 хүний гаргасан шийдвэр ямар ч үр дүнгүй болчихож байгаа юм. Ард түмнээс санал авч сонгогдоогүй нэг хүн Цэцийн есөн хүнтэй нийлээд хууль тогтоочихож байна шүү дээ.Сонгуулийн бус замаар хууль тогтоож байна гэсэн үг.
-Сая Сонгуулийн хуулийг УИХ биш, Үндсэн хуулийн Цэц л шийдчихлээ. Гэхдээ захиалагч бол УИХ дотроос байх л даа.
-Сонгуулийн хууль бодит жишээ нь боллоо. Германд бол иргэн өөрийн үндсэн эрхтэй холбоотой асуудлаар л гомдол гаргах эрхтэй байдаг.Харин хууль Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар хоёрхон байгууллага гомдол гаргадаг.Нэгд, хуулийг хэрэгжүүлэх Засгийн газар, хоёрт, УИХ-д сонгогдсон цөөнх.Дурын иргэн ийм асуудлаар гомдол гаргадаггүй.Харин олонхиороо хүч түрээд Үндсэн хууль зөрчөөд хууль баталчихлаа гэвэл цөөнх албан ёсоор гомдол гаргах эрхтэй.Үндэслэл нь маш тодорхой байдаг, улс төрийн хариуцлагаа хүлээдэг.Түүнээс биш манайх шиг улс төрийн намууд нь “сонгуулийн пропорциональ тогтолцоогоо алга болгоё, жижиг 76 тойрогтой болъё” гээд өөрсдөө ил гарахгүй, хариуцлага хүлээхгүйгээр нэг иргэн явуулаад шийдчихдэггүй.Дараа нь “Бид ингээгүй ээ, Цэц л ийм шийдвэр гаргасан” гээд хариуцлагаас зугтаадаггүй.Манайд бол хөшигний ард хийдэг луйвруудаа ил гаргахгүйн тулд Цэцийг ашиглаж байна.Үндсэн хуулийн Цэц хөшигний ард хор найруулдаг улстөрчдийн гол зэвсэг болчихоод байна.Сонгуулийн хууль дээр Цэцийг яг л ингэж ашигласан.
-Сонгуулийн хуулийн захиалагчид нь тодорхой шүү дээ. Ардын нам, Ардчилсан нам хоёрын хуйвалдаан л байсан юм биш үү?
-Захиалагч нь тодорхой. Ардын нам гол дүрд нь, Ардчилсан нам туслах дүрд нь тоглосон.Ер нь Цэцийн шийдвэрийг будлиантуулдаг хоёр л хүн байдаг юм.Нэг нь Н.Жанцан, нөгөөх нь П.Очирбат.Энэ хүмүүст хэн нөлөөлөх вэ гэдгийг бодоод үзэхгүй юу.Германд Үндсэн хуулийн Цэцийн гишүүддээ Дээд шүүхийн шүүгчийн болзол хангасан байх шалгуур тавьдаг.Манайд эсрэгээрээ байгаа учраас Цэц улс төрийн байгууллага болчихоод байна.
-Гэхдээ Цэцийн саяын шийдвэр нэг талаар сайн талтай биш үү. Яагаад гэвэл бид дэлхийг сөрж алхахгүй.Пропорционалийг дараагийн сонгуулиудад ашиглаж л таарна.Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй даалгаврыг дараагийн УИХ-д үлдээж байна гэсэн үг?
-Үндсэн хуулийг өөрчлөхөд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хэрэгтэй. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэмжээний парламент бүрдэх юм болов уу даа.Би хэлж мэдэхгүй байна.Лав ойрын дөрвөн жилийн асуудал биш байх.Магадгүй арав, хорин жил ч хүлээхийг хэн ч мэдэхгүй. Одоо мажоритар тогтолцоогоор, магадгүй 76 тойргоос УИХ-ын гишүүд сонгогдох байх. Жалга довны ийм улстөрчид хэзээ ч Үндсэн хуулийн том өөрчлөлтийг зөв концепцоор харахгүй.Нэгдмэл Монгол Улсын хөгжлийн төлөө тэдний хэд нь алхах юм, хэцүү ш дээ.
-Пропорционалийн сул тал гээд хэдэн гишүүнийг нэр цохоод л “айлгаад” байсан. Дахиад ийм хүмүүс олноороо орж ирнэ шүү гээд.
-Намуудын хариуцлагын л асуудал. Өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх, өөрийн үнэт зүйлийг хамгаалах тэр хэсгээ л жагсаалт руу оруулах ёстой.Гэтэл өмнөх сонгуулиар зарим нам намын даргаа тойрон хүрээлсэн хэсэг нөхдийг чихээд оруулчихсан.Энэ бол пропорционалийн сул тал биш, намуудын сул тал.