Нэр дэвшигчийг тодруулахад цаг хугацааны хувьд амжихгүй болж байгаа тул өөрчлөлт оруулах шаардлагатай
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.
-Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа хойшилж магадгүй гэдэг сургаар СЕХ-ноос асуутал Төрийн байгуулалтын байнгын хороо тайлбар хийнэ гэлээ. Ямар учир шалтгааны улмаас хойшлох байдалд хүрчихэв?
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам Дэгийн болон бусад холбогдох хуулиар зохицуулагдсан байдаг. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хүлээж авсан бол долоо хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох байнгын хороо хэлэлцэн бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал дүгнэлт гарах ёстой. Өнгөрөгч долоо хоногт хоёр байнгын хороо санал дүгнэлтээ гаргасан. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсныг та мэдэж байгаа. Завсарлагааны хугацаа өнөө маргаашдаа дуусчихна. Завсарлагааны хугацаа дуусмагц УИХ-ын чуулганаар хоёр байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэнэ. Мэдээж санал хураалтаар ҮХЦ-ийн тавдугаар дүгнэлтийг хүлээж авах, хүлээж авахгүй байх гэсэн хоёр шийдвэрийн аль нэг нь гарна.
-Хүлээгээд авчихвал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж таарна. Хугацаа давчуу байгаа юм биш үү?
-Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг байнгын хорооноос оруулж нэн даруй шийдэх зайлшгүй нөхцөл тулгарч байгаа. Учир нь Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт явж байна. Уг хуулиар дөрөвдүгээр сарын 30 гэхэд нам, эвсэл, бие даагчид сонгуульд оролцох хүсэлт, мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгсөн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийг тодруулах асуудал тавдугаар сарын 9-нд дуусгавар болох ёстой. Энэ нь санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшигчийг тодруулах ажил эхэлж тав хоногийн дотор дуусгавар болгох ёстой гэсэн хуулийн заалттай. Гэтэл Цэцийн түдгэлзүүлсэн заалттай шууд холбоотой заалт учраас хуулийн энэхүү зүйл заалт нь хугацаандаа хэрэгжих боломжгүй болж байна. Нэгэнт хэрэгжихгүй болж байгаа учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нам, эвсэл, бие даагчдыг нэр дэвшүүлэхийг тодруулах тал дээр цаг хугацааны хувьд амжихгүй болж байгаа тул зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо.
-Тавдугаар сарын 17-ныг хүртэл нэр дэвшигчдийг зарлах хугацаа хойшиллоо гэдэг яриа гараад байна. Яг хэдэн хүртэл хойшлох вэ?
-ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал түүнд тохируулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Тэр үеэр л хэдэнд нэр дэвшигчийг зарлах вэ гэдэг нь тодорхой болно.
-Нэр дэвшигчдийг тодруулах хугацаа хойшиллоо гээд сонгууль хойшлохгүй биз дээ?
Сонгууль хойшлох тухай асуудал байхгүй. Цэцийн дүгнэлт Сонгуулийн тухай хуулийн 7.1.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалт нь Үндсэн хуулийн 21.2, 21.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн хоёрхон заалт Үндсэн хуулийн хоёр заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарсан хэдий ч цаанаа суурь зохицуулалт Нь өөрчлөгдөж байгаа байхгүй юу.
-Суурь зохицуулалт гэхээр...
Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргасан Цэцийн дүгнэлт дээр гурав дахь заалт дээр тодорхой бий. Тэнд юу гэсэн гэхээр “Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалт, 120.3 дахь хэсгийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох зарим заалтыг зөрчсөн хэмээн ҮХЦ шийдвэрлэж сонгуулийн хувь , тэнцүүлэх тогтолцоо суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсугай” гэсэн байгаа юм. Суурь зохицуулалт гэдэг нь нэр дэвших ажиллагаатай холбоотой заалтууд л даа.
Тиймээс яах аргагүй өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Үүнийг бид цаг алдалгүй нэн даруй шийдвэрлээд сонгуулийг хугацаанд нь л явуулах хэрэгтэй.
-МАХН сонгуулийг хойшлуулах гээд байгаа юм биш үү?
-Сонгуулийг хойшлуулах асуудал угаасаа байж болохгүй. Үндсэн хуулиараа УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гээд тов тодорхой заачихсан. Тэгэхээр сонгууль хойшилно гэдэг чинь УИХ-ын гишүүн дөрвөн жилээс хэтэрнэ гэсэн үг. Дахиад л Үндсэн хууль зөрчинө.
Гэхдээ саяхан батлагдсан Дэгийн тухай хуулиар яаралтай горимоор хэлэлцэж буй асуудалд завсарлага өгөхгүй шууд шийдээд явна гээд заачихсан биз дээ. Тиймээс анхнаасаа “Шударга ёс” эвсэлд завсарлага өгөх нь зөв байсан юм уу?
-Н.Батбаяр гишүүний өргөн мэдүүлж батлуулсан УИХ-ын Дэгийн тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар “Хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэх үедээ зайлшгүй завсарлага авах шаардлага гарвал хуралдаан даргалагч уг асуудлыг хугацаанд нь шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлага өгч болно” гэсэн заалт бий л дээ, уг нь. Харамсалтай нь уг хуулийн эцсийн редакцийн найруулга хийгдэж, “Төрийн мэдээлэл" сэтгүүл дээр хэвлэгдээгүй байж таарсан. “Төрийн мэдээлэл” сэтгүүл дээр тухайн хууль гарснаар мөрдөгдөж эхэлдэг.
Дэгийн тухай хууль нь энэ долоо хоногт хэвлэгдэх юм билээ. Хэвлэгдээд гараад ирвэл иймэрхүү цаг тулсан асуудлууд дээр аль болох хугацаанд нь хэлэлцэх боломж бий болж байна гэсэн үг.
-“Шударга ёс” эвслийн бүлэг яг ямар шалтгаанаар завсарлагын хугацааг хойшлуулаад байгаа юм бол. Дахин гурав хоногийн завсарлага авахыг ч үгүйсгэхгүй. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв үү?
-Цэцийн дүгнэлт зөв, буруу гээд хувь гишүүний үүднээс байр суурь илэрхийлэх нь тийм ч зохимжтой бус л даа. УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр Цэцийн дүгнэлт зөв, буруу гэдэг асуудалд кнопоороо хариу өгөх ёстой. Олонхын саналаар хүлээж авах нь зүйтэй Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм бол аль нэг бүлэг, эвсэл, хувь улстөрч юу гэж үзэж байгаагаас үл хамаараад Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор хуульдаа өөрчлөлт оруулна. Хүлээж авах шаардлагагүй гэж үзвэл ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан хуралдах шаардлагатай болно. Энэ хооронд түдгэлзүүлсэн заалт нь хэвээрээ байна гэсэн үг. Сонгуулийн зохион байгуулалтын асуудал хоног хоногоор хойшлогдож, зохион байгуулалтад хүндрэл учрах бэрхшээл бий.
Аль нэг бүлэг эсэргүүцэж болох ч төрийн том ажлаас цаг хожиж, цаана нь сөрөг үр дагавартай ийм зам руу явж болохгүй. “Шударга ёс” эвслийнхэн нэг хувилбар хэлээд байгаа нь жагсаалтын гээд байгаа 28 гишүүнийг заавал намын нэр дугуйлахгүйгээр хүний нэр дугуйлаад хүнд өгсөн саналыг нь нам дээр нь тооцоод явъя гэжбайгаа. Ингэж завсарлага авч байхаар чуулган дээрээ орж ирээд үүнийгээ яриад явах ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр аль нь ч тодорхойгүй ингээд яваад байхаар цаг хугацаа биднийг хүлээхгүй. Ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын ажилд маш их хүндрэл учрах төлөвтэй болчихоод байна.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүД Цэцийн дүгнэлтийг хүлээж авах юм уу. Өнгөрөгч долоо хоногт бол хүлээгээд авчих юм шиг зүйл ярьж байсан ч өнөөдөр (өчигдөр) харин хүлээж авах боломжгүй гэж ярьж байгаа гэх юм. Фракцууд энэ тал дээр санал нэгдэхгүй байгаа юм болов уу гэж харагдаад байгаа?
-Ардчилсан намын бүлэг өнгөрөгч долоо хоногт Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол болохгүй гэдэг ерөнхий байр суурьтай байсан. Гэхдээ бүлгийн гишүүдийн байр суурь харилцан адилгүй байсан юм. 2012 онд ҮХЦ-ийн дүгнэлт гарахдаа яг энэ заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргаагүй мөртлөө өнөөдөр зөрчсөн гээд гарчихсан байна. Үүнийг эргэж нягталбал яасан юм гэдэг байр суурьтай гишүүд нэлээд хэд бий. Түүнээс манай намын бүлэг хайрцаглаад нэг шийдвэрт хүрсэн гэж хэлэхэд түвэгтэй байгаа.