УИХ-ын сонгуульд манай нам нэр дэвшүүлж оролцохгүй, АН-ыг дэмжинэ
2016.05.02

УИХ-ын сонгуульд манай нам нэр дэвшүүлж оролцохгүй, АН-ыг дэмжинэ

Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Танай намын Удирдах зөвлөл хуралдаж энэ удаагийн сонгуульд оролцохгүй. АН-ыг дэмжинэ гэж шийдвэрлэжээ?

-Монгол Үндэсний Ардчилсан Намын Удирдах зөвлөл УИХ-ын сонгуульд оролцох тухай асуудлаар хуралдаж өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, сонгууль тойрсон, эрх зүйн болоод нийгмийн бусад орчны талаар нухацтай хэлэлцсэний эцэст энэ удаагийн УИХ-ын сонгуульд нам нэр дэвшүүлж оролцохгүй, Ардчилсан намыг дэмжинэ гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн.

-АН-ын эвсэх саналыг хүлээж аваагүй мөртлөө тус намыг дэмжинэ гэдгийг юу гэж ойлговол зүйтэй вэ?

-Манай нам, УИХ-д олонхын суудал бүхий Ардчилсан намтай Засгийн газарт хамтран ажиллаж, төр засгийг тогтвортой ажиллуулах, хямралыг сөрсөн бодлого явуулах, улс орны хэмжээний томоохон төслүүдийг хөдөлгөхийг чармайн ажиллаж, багагүй ажлыг бүтээсэн бөгөөд, эхлүүлсэн олон санаачилгаа үр дүнд хүргэхийн тулд Ардчилсан намыг дэмжиж ажиллах нь улс төрийн зарчим хэмээн үзсэн.

-МҮАН сонгуульд оролцохгүй гэснийгхүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. АН-тай цаагуураа тохироо хийсэн гэж харцгааж байна. Сонгуул ийн хуульд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ 2016 оны сонгуулиас татгалзсан гэж үзэж болох уу ?

-Манай намын зүгээс ямар нэгэн нөхцөл тавиагүй, эвсэх, хамтрах талаар ажлын хэсэг байгуулж, хэлэлцсэн, ярилцсан зүйл үгүй. Монгол Үндэсний Ардчилсан намаас улс төрийн намуудад хандаж нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх, тэргүүлэх хүчний төлөө Их Эвсэл байгуулах санаачилга дэвшүүлсэн боловч, жижиг намууд бие биесээ хүлээн зөвшөөрөх, нэгдэж хамтарч ажиллаж чадахгүй нь тодорхой байна.

Цаашид ч ийм байх бөгөөд сонгуульд олон субьект, олон бие даагч оролцох тохиолдолд гуравдагч хүчин хэзээ-ч амжйлтад хүрэхгүй төдийгүй тогтолцооны шинэчлэл хийж чадахгүй болох нь хугацаа нь дуусч байгаа УИХ-ын үйл явцаас илт байна. Ийм нөхцөлд тулхтай намуудад хариуцлага үүрүүлэх ньзүйтэй юм. Цэцийн дүгнэлт ч бүлэг байгуулах хэмжээнд оролцох боломжгүй болгосон. УИХ-д хариуцлага хүлээхгүй олон нам, хүчин суудал авах нь намуудын төлөвшил, улс төрийн тогтолцооны шинэчлэлийг улам л сааруулах төдийгүй олон жилээр сунжруулах нөлөөлөлтэй тул энэ удаагийн сонгуульд оролцох нь манай намын төрөө урлан бүтээх зорилгод харш гэж үзлээ.

-Танай намын энэ шийдвэрийг “МҮАН бодлогын нам гэдгээ харуулж, тооны хойноос биш чанар, шударга ёсны төлөө явдаг гэдгээ харуулсан шийдвэр гаргалаа”гэж магтах нь ч байна?

-Ер нь сайн анзаарвал бид чинь сонгууль болгоноор хийрхэж ард түмнийхээ гурав, дөрвөн жил цуглуулж, хуримтлуулсныг цацаад байгаа юм. УИХ-гүйгээр, сонгуульгүйгээр амьдрал байдаг гэдгийг хаа хаанаа ойлгох болсон. Үндсэн хууль өөрчлөгдөөд УИХ-аас Засгийн газар байгуулагддаггүй болчихвол энэ олон зуун хүн ингэж хамаг байдгаа гөвөн зүтгэх газар УИХ лав биш дээ. Тэнд чинь амьдралын туршлага, ажлын дадалтай, хий хуй нь гарчихсан, намба сууж, нас тогтсон хүмүүс л байх ёстой юм. Залуус хий мэдэмхийрч, хоолойгоо шахаж суух биш хөдөлж, зүтгэж хөдөлмөрлөж, гялалзаж явах газар нь бодпого хэрэгжүүлэх газар, гүйцэтгэдэг газрууд баймаарсан.

-2012 оны сонгуульд танай нам МАХН-тай эвсч Н.Энхбаярын нэр нөлөөгөөр хэдэн суудалтай болсон. Харин одоо дахин тийм боломж үгүй учир АН- ыг бараадлаа гэх хүмүүс ч байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Бид аль эрт хоёр гурван сарын өмнө энэ хэлбэрээрээ оролцохгүй гэсэн чиглэлээ гаргасан. МАХН-МҮАН ын эвсэл хүчин мөхөсдөж байсан.

Илүү өргөн далайцтай, эе зохистой эвсэл байгуулж оролцвол нийгмийн болон төрийн шинэчлэлд онолын хувьд нөлөөлж болох юм. Харамсалтай нь тэгж чадсангүй.

-Цэцээс жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн нь манай улс төрийг нэлээд бужигнуулчихлаа. Та улстөрч хүний хувьд Цэцийн энэ шийдвэр болон үүсээд байгаа асуудлыг юу гэж хүлээж авч байгаа вэ?

-Энэ шийдвэр олон улсын ардчиллын хэм хэмжээ, Монгол Улсын хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр зэрэг олон эрх зүйн акт, суурь зарчмыг зөрчсөн. Үндсэн хуулийн Цэц нэг зүйл заалтаар хоёр өөр дүгнэлт гаргасан. 2012 онд цагаан, 2016 онд хар өнгөөр зурсан.

-Цэцийн уг шийдвэрийг аль нэг намын захиалгат зүйл ч гэж хардаж байгаа?

-Энэ бол захиалгат үйл ажиллагаа. Гэхдээ нэгэнт зарчмын болоод чанарын өөрчлөлт гарахгүй сонгуульд ач холбогдол алга. Хамгийн гол нь ийм байж болохгүй гэдэг бол зарчим.

-Сонгуулийн хуулийг жижиг нам болон шинэ хүмүүсийг гаргаж ирэхгүй байх, тэднийг дарах, хоёр том нам өөрсдөө гарч ирэх боломжийг бүрдүүлсэн хууль болсон гэх юм?

-Яагаад гарч болохгүй гэж. Жижиг намуудаас, бие даагчдаас гарч болно. Хамгийн гол нь хүссэн үр дүндээ хүрч чадахгүй учраас манай нам татгалзсан. Монголын нийгэм Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцооны гажуудлыг засах, манай улсыг болон дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн, банк санхүүгийн хямралын циклийг хохирол багатай даван туулах түүхэн шаардлагатай нүүр тулаад байна. Энэ цаг дор нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн магнайд явдаг улс төрийн хүчний хувьд Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд дэмжигчдэд энэхүү хувьслыг эхлүүлэх дотоод эрч хүч, механизм бий гэдэгт итгэж найдах үндэс байгаа юм.