Улс төрийн сүүдэртэй шийдвэрт Цэц оролцсон
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэх үеэр “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа. Хугацаа тулсан үед энэ асуудлыг чуулганаар хэлэлцэж амжихгүй болчихож байгаа юм биш үү?
-Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуультай холбоотойгоор 05 дугаар дүгнэлт гарсан. Завсарлагын хугацаа ажлын тав хоног үргэлжилдэг. “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага хэзээ дуусахыг хүлээж байна. Цаг хугацааны хувьд маш хүнд байдалтай байгаа. Тавдугаар сарын 5-наас нэр дэвшигчид тодрох ёстой. Нэр дэвшигчид тодрохоос өмнө сонгууль явуулах тогтолцоо, мандат гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Сонгуулийн жил гарснаас хойш Сонгуулийн хуульд гар хүрдэг, өөрсдөдөө зориулж улс төрийн нэг нам хууль өөрчилж байгаа нь буруу. Харин Цэцийн гаргасан хандлага зөв. Можаритар системээр хүнээ сонгоё гэдэг нь зөв юм. “Шударга ёс” эвсэл дотроо хуралдаж чадахгүй байна.
-Хуулийн хугацаанд багтаж Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад өөрчлөлт оруулж амжих болов уу?
-Нэгэнт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан учраас зайлшгүй хуульд өөрчлөлт оруулж, зохицуулалт хийхээс өөр аргагүй. Тиймээс парламент хууль тогтоох байгууллагынхаа хувьд үүнийг шийдвэрлээд явах байх гэж бодож байна.
-Хувь тэнцүүлсэн тогтолцоог арилгах нь жижиг намуудад халтай учраас байж болох бүхий л аргаа “бойкот” хийж байна гэх яриа гарсан. Можаритар тогтолцоогоор 100 хувь сонгуулиа явуулбал жижиг намуудад боломж харагдахгүй байгаа нь үнэн шүү дээ?
-Хэн нэгэн улстөрч болон улс төрийн намд зориулсан хууль гарах ёсгүй. Сонгуулийн хууль бол сонгогч эрхээ, сонгогчдын эрх ашгийг дээдлэх хууль байх ёстой. Сүүлийн үед Сонгуулийн хуулийг хэлэлцэх процессыг харж байхад улс төрийн намд өөрсдөдөө ашигтай байдлаар гаргах гэж оролддог байдал ажиглагдаж байна. Сонгуулийн хууль сонгогч өөрөө төлөөллийн байгууллагаар дамжуулан төрийн эрх барьж буй нэг хэлбэр. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хангасан, сонгогчийн эрхийг дээдэлсэн, үзэл баримтлалд нийцсэн хууль байх ёстой. Тэр утгаараа аль нэг намд Сонгуулийн хууль сайн, муугаар тусан гэх асуудплаар хууль татах нь буруу юм.
Эргээд энэ нь цаанаа цаг хугацааны хувьд сонгогч, улс төрийн намууд, нэр дэвшигч нарт ч сонгуулиа бүрэн гүйцэд явуулахад хүндрэлтэй нөхцөл үүсгэчих шиг боллоо.
-Үндсэн хуулийн цэц дөрвөн жилийн дотор нэг асуудалд хоёр өөр шийдвэр гаргасан гэх шүүмжлэл маш их гарч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсны дараа 14 хоногийн дотор асуудлыг хэлэлцэх ёстой. Үндсэн хууль зөрчсөн бол засч залруулаад явдаг. Цэцийн 2012 онд гаргасан шийдвэр нь тогтолцооны асуудлаар буюу 48 нэр дэвшигч тодроод 28 руу гулсдагийг нь болиулсан болохоос биш жагсаалтаар нэр дэвших нь зөв буруу эсэхэд дүгнэлт гаргаагүй. Түүнээс хойш зарим иргэн жагсаалтын асуудлаар цэцэд хандаж байсан ч тухайн үедээ маргаан үүсээгүй юм билээ. Үүнээс үзэхэд, Үндсэн хуулийн цэц улс төрийн бага зэрэг сүүдэртэй шийдвэрт оролцчихов уу даа гэж бодож байна. Эргээд энэ нь цаанаа цаг хугацааны хувьд сонгогч, улс төрийн намууд, нэр дэвшигч нарт ч сонгуулиа бүрэн гүйцэд явуулахад хүндрэлтэй нөхцөл үүсгэчих шиг боллоо. Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт ч бусад орнуудын жишгийг харахад ч сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаггүй. Харамсалтай нь өнөөдөр эрх баригчид намынх нь рейтинг унаад ирэхээр хүн түшиглэсэн сонгуулийн тогтолцоо буюу можаритар систем рүү шилжвэл тодорхой тойргууд дээр нэр дэвшигчээ түшиглэж сонгууль хийнэ гэж тооцож байна.
-Жагсаалтаар сонгогдох 28-ийг болиулбал тойргоо яаж хуваавал хамгийн оновчтой байх бол?
-Сонгуулийн мандат хуваарилахад хоёр зарчим байх ёстой. Нэгдүгээрт, хүн амын тоо, хоёрт, нутаг дэвсгэрийн хэмжээ. Нийслэлд нийт хүн амынх нь 47 хувь суурьшдаг ч нийт газар нутгийнх нь ердөө гурван хувь байх жишээтэй. Тиймээс бид цаашид Улаанбаатар улс болж болохгүй. Энэ утгаараа нутаг дэвсгэрийн зарчмын хэмжээг барьж явах ёстой. Хөдөө орон нутгийн иргэдийн дуу хоолойг парламентын шийдвэр гаргах төвшинд оруулж ирэх, тэнд очиж төрийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, төр, ард иргэдийн гүүр болдог. Тиймээс бид хөдөө орон нутгийн мандатыг багасгаж болохгүй. Энэ утгаараа 28 мандатыг хуваарилахаар бол наймыг нь нийслэлд, 20-ыг нь орон нутагт хуваарилуулах саналтай байгаа. Өмнө нь жижиг 76 тойргоор сонгууль явуулж байхад 24 нь нийслэлд, 52 нь орон нутагт ногддог байсан. Одоо нийслэлд найман мандат нэмбэл 32 болох нь.
-Засгийн газрын хуралдаанаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирэхэд Ерөнхий сайд Д.Дорлигжавыг сайдын суудлаа өг гэсэн маргаан болсон гэх яриа гараад байгаа. ЦЕГ-ын даргыг байн байн сольж байна. Сонгууль болох гэж байхад хүчний байгууллагын даргыг солих гээд байгаагийн учир шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн түвшинд мэдээлэлтэй байна. Хүчний байгууллагуудыг улстөржүүлж байгаа нь буруу үзэгдэл. Ялангуяа АН Засгийн эрх барих бүртээ хүчний байгууллагын удирдлагуудыг сольж байдаг. Үүний дараа улс төрийн захиалгатай янз бүрийн зүйл хийдэг. Өнөөдрийн ЦЕГ-ыг улстөрийнхний захиалгыг гүйцэтгэхгүй, хууль журмын дагуу ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тиймээс мэргэшсэн, олон жил хүчний байгууллагад алба хашсан, шат шатанд бэлтгэгдсэн боловсон хүчин мэргэжлийнхээ, салбарынхаа байр сууринаас асуудалд хандаад байгаа учраас зарим нэг хүмүүсийн эрх ашгийг хөндөж байна. Монгол Улс цаашид мафижсан улс байхгүйн тулд эдийн засаг, улс төрийг намнасан мафийн гэж хэлж болох бүтцийг цаашид бэхжүүлж, биежүүлэхгүйн тулд хууль журмынхаа дагуу асуудалд хандах ёстой.
-Үндсэн хуулийн цэц, АТГ даргагүй байна. Сонгуулийн дараа ямар нэг маргаан гардаг. Тиймдээ ч энэ байгууллагууд даргатай байх ёстой. Гэтэл толгойгүй байна. Энэ нь эргээд үймээн самуун дэгдээх вий гэх болгоомжлол байна л даа?
-Хүчний байгууллагуудын удирдлагуудыг ойр ойрхон сольж, сонгуулийн өмнө бужигнуулж байгаа нь сонгуулийн дараа гарах янз бүрийн асуудалд хүндрэл учруулж магадгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үеэр ЦЕГ даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй байсан. Тэнд хэвийн үйл ажиллагааг сахиулахад учир дутагдалтай байсан гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Энэ утгаараа мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг хуулийн дагуу томилж, үүрэг чиглэлийг нь тодорхой болгох ёстой. Цаашид бид Монгол Улс тогтвортой төрийн мэргэшсэн албан хаагчийг ажиллуулах эрх зүйн нөхцөл боломжийг байнга хангаж ажиллах шаардлага байна.