Албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоо хязгаарлаж, хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой
УИХ-ын гишүүн С.Одонтуяа төрийн албан тушаалтнууд гадаадад өмч хөрөнө, дансгүй байх тухай санаачлагыг гаргаад байгаа билээ. Энэ тухайд болон цаг үеийн бусад асуудлаар ярилцсанаа хүргэж байна.
-Ойрын өдрүүдэд таны бичсэн “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” нийтлэлийн мөрөөр олон мэдээ, хэлэлцүүлэг өрнөж байна. Төрийн өндөр, дээд албан тушаалтнууд гадаадад өмч, данстай байх эсэх асуудлыг яагаад хөндөх болов?
-Энэ бол жижиг юм шиг хэрнээ маш том асуудлыг хөндөж байгаа хэрэг л дээ. Би өөрөө эдийн засагч хүний хувьд манай улсад мөнгөний нийлүүлэлт ямар чухал вэ гэдгийг харж, ойлгож байна. Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, эдийн засгийн хүндрэлтэй үеийг бид туулж байна. Харин дэлхийн бусад улс, орон ийм нөхцөл байдлыг хэрхэн давсныг судлахад олон янзын гарц, шийдэл байна л даа. Тухайлбал, Тайландад эдийн засгийн хүндрэлтэй үедээ гадны 10 оффшор банкийг улсдаа оруулж ирснээр хүндрэлээс гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл, мөнгийг аль болох татах ёстой гэсэн үг.Тэгвэл манайд хөрөнгө оруулалт буурсан энэ үед мөнгөн урсгал яаж орж ирж байна гэхээр БНСУ-д байгаа монголчууд тэнд ажиллаж, амьжиргаагаа залгуулаад үлдсэн мөнгөө нааш илгээж байна. Гадаадад байгаа манай иргэд улс орны эдийн засагт маш их хувь нэмэр оруулж байгаагийн илрэл энэ шүү дээ.
Тэгэхээр энэ мөнгийг оруулж ирэхээр хичээж байхад манай албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг гадаадад байршуулж болохгүй юм. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг харж байхад ч энэ тухайд шүүмжлэлтэй хандсан олон нийтийн дуу хоолой байдаг. Гэхдээ би энэ нийтлэлээрээ хэн нэгнийг буруутгахыг хүсээгүй. Гагцхүү хөгжлийн тухай, ирээдүйн тухай асуудлаа хэрхэн шийдэх вэ л гэж бодож төрийн өндөр, дээд албан тушаалтай хүмүүс гадаадад өмчтэй, данстай байх хэрэггүй юм байна гэдэг санаачлагыг дэвшүүлж байгаа юм.
Албан тушаалтнууд өөрийн мөнгөө эрсдэлд оруулчих вий гэж бодохоос илүүтэй ард түмний, банкны мөнгийг яаж эрсдэлд оруулахгүй байх вэ, яаж улс орноо хөгжүүлэх вэ л гэж бодох ёстой.
-Тэгвэл энэ санаачлагыг ажил хэрэг болгох шийдэл нь таныхаар юу вэ?
-Судлаад үзэхээр ОХУ-д л гэхэд Авлигын эсрэг хуульдаа заалт оруулж шийдлээ. Манай улсын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль бий. Бид Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль ч гэдэг. Энэ хуулиар нэмэлт заалт, өөрчлөлт оруулж зохицуулах боломж бий.
Мөн Улс төрийн намын тухай хуульд оруулах боломжтой. Хамгийн гол асуудал бол албан тушаалтнууд өөрийн мөнгөө эрсдэлд оруулчих вий гэж бодохоос илүүтэй ард түмний, банкны мөнгийг яаж эрсдэлд оруулахгүй байх вэ, яаж улс орноо хөгжүүлэх вэ л гэж бодох ёстой. УИХ-аар аливаа хуулийн хэлэлцүүлэг явах үед сонирхлын зөрчилтэй нөхцөл харагдах үе бий, тиймээс үүнийг багасгах чухал хэрэгцээ байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг харж байхад олон нийтийн зүгээс УИХ, гишүүд, төр засаг, удирдлагууддаа итгэхгүй өнгө аяс ажиглагдаж байна. Энэ бол аюултай үзэгдэл шүү дээ. Ард түмний татвар төлөх сонирхол буурах, ажил хөдөлмөр шударгаар эрхлэхээ болих, гадагш нүүе гэж залуус дайжих гэхчлэн итгэл суларна гэдэг аюултай үзэгдэл юм.
Ард түмний татвар төлөх сонирхол буурах, ажил хөдөлмөр шударгаар эрхлэхээ болих, гадагш нүүе гэж залуус дайжих гэхчлэн итгэл суларна гэдэг аюултай үзэгдэл юм.
-Олон нийт удирдлагууддаа итгэл алдсанаас болж ардчилалд үл итгэх, ардчиллын өөр хэлбэрийг сонирхох үзэгдэл хүртэл бий болж байна.
-Тийм ээ. Үүнээс болж бид сонгуулийн маш чухал системээс хүртэл ухрах гэж байна. Өмнөх сонгуулиар намын жагсаалтаар парламентад янз бүрийн хүн орж ирлээ. Урьд нь хэзээ ч төрийн ажил хийж үзээгүй, ард түмний дундаас дүүрэг,Нийслэлд сонгогдож үзээгүй хүмүүс орж ирснээр төрийн ажлыг бусниулдаг.Ингээд иргэд “Жагсаалт дэмий юм байна, үүний ард янз бүрийн хүн орж ирдэг юм байна, ерөөсөө шууд сонгодог нь зүгээр юм байна” гэсэн ойлголттой боллоо. Нэг талаас тэдний зөв боловч нөгөө талаас энэ нь сонгуулийн дэвшилтэт хэлбэрээс ухарч байгаа хэрэг юм шүү дээ. Сонгуулийн пропорциональ тогтолцооноос татгалзаж байгаа нь маш буруу хэрэг. Монгол Улс сонгуулийн энэ чиглэл рүү олон жил явсан ч эцэст нь ийм үр дүнд хүрч байгаа нь харамсалтай.
-Энэ тогтолцооноос ухрахын хамгийн том сул талыг та юу гэж харж байна вэ?
-Хамгийн түрүүнд нийгмийн тодорхой бүлгүүдээс парламентад төлөөлөлтэй болох замыг хааж байна. Жишээ нь, намуудын эмэгтэйчүүдийн бүлгийнхэн уулзаад ярилцахад бүгд л намын жагсаалтад эхний 10-15 хүртэл ядаж гурав, дөрвөн эмэгтэй ордог жишиг байна. Тэгэхээр тойргоос сонгогдсон эмэгтэйчүүд дээр нэмэгдээд илүү олон болно. Энэ парламентад ямар олон эмэгтэй сонгогдсоныг бид мэднэ, үүгээрээ ч олон улсаас үнэлгээ авахын зэрэгцээ олон чухал хуулийг батлуулахад оролцлоо. Тэгвэл энэ хүмүүсийн 40 хувь нь жагсаалтаар орж ирсэн юм шүү дээ. Харин дараачийн удаа их хүндрэлтэй болох нь. Хэдийгээр өөрийн тойрогтой, хийсэн зүйлээ тайлагнах, нийгэмд танигдсан хүмүүст асуудал гайгүй ч улс төрд эмэгтэйчүүдийг шинээр оруулж ирэх, чадавхжуулах, тэдний нөлөөллийг нэмэгдүүлэх тал дээр шууд ухралт хийж байгаад л харамсч байна.
-Ер нь жагсаалттай холбоотой олон талын байр суурь байна. Гадны орнуудыг харахад жагсаалт нь тухайн нийгмийн бүхий л бүлгийн төлөөллөөс бүрдсэн байхад манайд гол төлөв удирдлага, лидерүүдийн нэрс л харагддаг.
-Энд Канадын Засгийн Газрын бүтцийг жишээлж болно байх. Тал хувь нь эмэгтэйчүүд, бас уугуул иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа шүү дээ. Яг л үүн шиг бодлогоор дэмжих шаардлагатай бүлгүүдээс жагсаалтад оруулах нь зүйтэй. УИХ-ийн гишүүн Лу.Болд гэхэд чадварлаг залуусыг дэмжих, заавал улстөрчийг дагаж ирэх шаардлагагүй, өөрөө чадалтай, мэдлэгтэй залуусыг дэмжие гэсэн байр суурьтай байна. Миний хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн учраас намынхаа эмэгтэйчүүдийг аль болох оруулж ирэх тал дээр ажиллаж байна. Бусад намын хувьд ч эмэгтэйчүүдээ дэмжих хандлага, бодлого байгаа нь харагдаж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төлөөллөөс жагсаалтдаа оруулах юмсан гэсэн бодол ч бас байдаг. Энэ бүхэн маань нийгмийг илүү хүнлэг, энэрэнгүй болгоход яах аргагүй чухал алхам юм.
-Ер нь улс төрийн оролцоог заавал улс төрийн ажил хийх, хэтийдэн сонирхох гэж тайлбарлах хандлага байдаг. Гэтэл шийдвэр гаргах үйл явцад иргэний өөрийн идэвхтэй оролцоо чухал шүү дээ. Энэ үүднээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог та юу гэж тайлбарлах вэ?
-Эмэгтэйчүүдийн хувьд албан тушаалд горилохоос илүүтэй асуудлаа шийдэх нь илүү чухал байдаг л даа. Өнгөрсөн сард л гэхэд “Эх орны эмэгтэйчүүд” гэсэн клуб байгуулагдаж, УИХ-ын эмэгтэй гишүүдийг урьсан юм. Тэнд очтол нам, эвсэл үл хамаараад улс төр, эдийн засаг, боловсрол, урлагийнхан хамтраад энэ клубыг өргөжүүлэн ажиллах зорилготой байсан нь маш их таалагдсан. Мөн цахим хуудастай болж, эмэгтэйчүүдийн цахим индэр бий болгож байна.
Тэр бүр ордонд ирээд асуудлаа ярьж чадахгүй хүмүүс гэрээсээ, орон нутгаас, гадаадаас гээд дурын газраас хандах боломжтой. Нэг ёсондоо орчин үеийн зөөлөн дэд бүтэц нь бидэнд энэ боломжийг олгож байна. Тиймээс үүндээ тулгуурлаад асуудлаа илэрхийлдэг, хэлэлцдэг байх давуу талтай. Жишээ нь, ээжүүдийн “Mommy Central” гэж фейсбүүк бүлгийг би орж үздэг юм. “Ийм асуудал гарлаа, тэр тосыг хаанаас авах вэ” гэхчлэн тохиолдсон асуудлаа бичээд түүнийгээ хамтаараа шийдэж байгаа нь илхэн харагдаж байна. Гэтэл яг хууль, эрх зүйтэй холбоотой, эрх нь зөрчигдөж байгаатай холбоотой индэр байхгүй байна л даа. Тийм учраас “Эх орны эмэгтэйчүүд” клубыг дэмжсэн юм. Долоо хоног бүр цуглаад асуудлаа ярилцдаг, өнгөрсөн удаад л гэхэд Гэр бүлийн тухай хуулийн талаар хэлэлцсэн. Энэ мэт олон санаачлага гарч байна.
“Эмэгтэйчүүд орж ирснээр өнгө нэмээд зогсохгүй хамгийн хэцүү, нийгмийн салбарын ээдрээтэй, олон жил халгаж явсан хуулиудыг баталж байна”
-Гэхдээ эмэгтэйчүүдийг хэвшмэл ойлголтод тулгуурлаж харах, тэдний ажлын үр дүнг үл тоох хандлага бас бий. Энэ байдал өөрчлөгдөж байна уу?
-Аливаа зүйл хоёр талтай. Нэгдүгээрт, угаасаа эрэгтэйчүүд давамгайлж ирсэн, эрчүүд эзэгнэсэн улс төр л манайд байлаа. Олон нийтийн сэтгэхүйд ч энэ нь дасал болчихсон. Нөгөө талаас эмэгтэйчүүд бас яаж ажиллах, хэрхэн манлайлахаас хамаараад хүлээж авах хандлага нь өөр байдаг. Манай одоогийн парламентын гишүүд “Эмэгтэйчүүд орж ирснээр өнгө нэмээд зогсохгүй хамгийн хэцүү, нийгмийн салбарын ээдрээтэй, олон жил халгаж явсан хуулиудыг баталж байна” гэж хэлдэг. Эмэгтэйчүүд аливаад бодитой ханддаг, зарчимч, ажилсаг тул парламентад олон байх нь зөв зүйтэй юм гэдгийг эрэгтэй гишүүд хүлээн зөвшөөрч байна.
-Тэгэхээр ижил тэгш боломж олгох нь л хамгийн чухал байх нь ээ?
-Тийм ээ. Манай нийгэмд эмэгтэйчүүдийг хүндэлдэг, хэлж байгаа үгийг нь сонсдог. Харин гол асуудал нь улс төрийн тогтолцоонд байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийн нөхцөл байдал болон намын санхүүжилт, сонгуульд ялалт байгуулах нөхцөл нь мөнгөний хүчин зүйлээс багагүй хамаардаг. Тиймээс энд эмэгтэйчүүд яах аргагүй хүчин мөхөсддөг. Эмэгтэйчүүдэд гэр дотор нь мөнгө, санхүүгийн бүх эрх мэдэл байдаг хэрнээ гэрээс гараад л байдаггүй. Тэгэхээр эрчүүдтэй өрсөлдөөд ялалт байгуулах магадлал багасчихдаг. Түүнээс биш эмэгтэй учраас сонгохгүй гэсэн сэтгэхүй тэр бүр байдаггүй.
-Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд намуудын төлөвшлийн асуудлыг их ярьдаг. Намууд хангалттай төлөвшөөгүй учраас пропорциональ тогтолцоо тохиромжгүй юм байна гэсэн хандлага ч байна.
-Манайд зорилгодоо биш боломжиндоо тулгуурлаж ажиллаж байгаагийн илрэл нь энэ шүү дээ. Бидний зорилго бол улс төрийг тогтвортой байлгах, тэгснээр улс орон, эдийн засаг хөгжинө. Тогтворгүй учраас хөрөнгө оруулалтын урсгал саарах зэрэг асуудлууд үүсч байна. Тиймээс улс төрийн намууд төлөвшсөн байх ёстой, зарим оронд бол бүр 100 хувь пропорциональ тогтолцоо ч байдаг. Одоо бол 76 тойрогтой хэвээр байвал тухайн орон нутагт очоод “бужигнуулаад” таарна. Тэгэхээр улс төрийн нам нь удирдлага, чиглэлтэй, эрүүл байснаар нийгэм эрүүл байна. Улс төрийн намгүй бид хаачих вэ. Тийм улс орон ч алга. Миний харамсч байгаа зүйл бол олон жил энэ тогтолцооны төлөө явчихаад сонгуулийн өмнө хэн нэгэнд таалагдахгүйн улмаас өөрчлөлт хийх болж байгаа нь юм. Ялангуяа, Үндсэн хуулийн цэц шийдвэрээ сонгуулийн өмнө ингэж гаргаж байгаа нь нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байна.
-Өнгөрсөн долоо хоногт мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсан. Ажлын хэсгийг ахалсны хувьд үүний ач холбогдлыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Энэ тухай ярихын өмнө энэ салбар дахь төрийн бодлого хааш чиглэх вэ гэдэг ойлголтыг өгөх нь зөв байх. Эрүүл мэндийн салбар бол хүнд ямар нэг сонголт өгдөггүй онцгой салбар шүү дээ. Өөрөөр хэлбэр өнөөдөр та мөнгөтэй байвал машин аваад унаж болно, мөнгөгүй бол нийтийн тээврээр зорчиж болно. Гэтэл хүн өвдөхөд сонголт байхгүй буюу хүссэн, хүсээгүй эмчлүүлэх л ёстой. Тийм учраас монгол хүний эрүүл мэнд төрийн онцгой анхаарал дор байх ёстой. Гуравхан сая хүнийхээ эрүүл мэндийг анхаарч чадахгүй төр гэж байгаад хэрэггүй. Нөгөөтэйгүүр энэ салбарын онцлог нь мэдээллийн хязгаарлагдмал орчинтой гэгддэг.
Учир нь, бусад салбарын хувьд хаанаас ч мэдээлэл авч болох харьцангуй нээлттэй урсгалтай. Харин эмч, өвчтөнг үзээд тодорхой онош, заавар хэлж байгаа нь мэдээллийг хязгаарлагдмал болгодог. Нэг ёсондоо эмчийн үгэнд л итгэхээс өөр аргагүй, өөр эх сурвалж байх боломжгүй. Тиймээс энэ салбарт ажиллагсад өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Төр энд онцгой анхаарал тавин оролцож, шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг нь хийх шаардлагатай.
Тухайлбал, нийт хүн амд хичнээн компьютер томограф, MRI гэх мэт тоног төхөөрөмж, хэрэгсэл байх ёстойгоос эхлээд. Мөн өнөөдөр дэлхий даяар эрүүл мэндийн зардал асар их өсч, иргэдийн орлого үүнийг гүйцэхгүй байна. Тиймээс иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орж байна шүү дээ. Үүнтэй холбогдоод олон улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралт гэдэг ойлголтыг бий болгож, аль болох олон хүнийг хамруулах, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг бий болгоё гэж нэгдмэл санаатай болж байна. Тэгэхээр бид алслагдсан сумын иргэнд ч шаардлагатай үйлчилгээг хүргэхийг зорих ёстой. Тийм учраас л Эмнэлгийн тусламжийн хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг хуулийг батлахаар бид ажилласан.
-Бүхлээрээ цогц ажил шиг харагдаж байна л даа. Тэгэхээр цаашид энэ ажил хэрхэн үргэлжлэх вэ?
-Ер нь энэ салбарт дөрвөн үндсэн чиглэлээр шинэчлэл хийхээр ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин, санхүү, хөрөнгө оруулалт ба тоног төхөөрөмж, хүний нөөцийн шинэчлэл гэж багцалж болно. Мөн миний хувьд үүнд нэмээд сэтгэхүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай юм байна гэж нэмсэн. Хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд олон хууль батлагдлаа. Энэ салбарын үндсэн хууль гэж болох Эрүүл мэндийн тухай хуульд Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр гол чиглэлээр тусламж, үйлчилгээ байна гэж заасан.
Сая бид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг баталлаа. Одоо Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг удахгүй өргөн барина. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Дархлаажуулалтын хууль, үйл явц энэ мэтээр үргэлжлэх учраас энэ салбар удахгүй хөл дээрээ босно. Өмнө нь Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуульд ч эмнэлэг бол төрийн байгууллага гэсэн хэсэг байдаг байлаа. Гэтэл төрийн байгууллага бол бүх хүнд ижил үйлчилнэ.
Харин үйлчилгээний байгууллага бол орж ирж байгаа хүн бүрт тохирсон үйлчилгээг үзүүлэх ёстой, тэр дундаа эмнэлэг маш хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх ёстой. Маш хурдтай ажиллах буюу түргэн, сэхээ гээд янз бүрийн нөхцөл байдал үүсэхэд эмний мөнгө байхгүй, Сангийн яам батлаагүй, төсөв байхгүй гээд сууж болохгүй. Тийм учраас бид эмнэлгүүдийг хагас бие даасан байдал руу шилжүүлж байгаа. Энэ нь байшин барилга, тоног төхөөрөмж нь улсын өмч хэвээр, харин тусламж үйлчилгээ яаж үзүүлэхээ эмнэлэг өөрөө зохицуулдаг байна.
-Энэ өөрчлөлтийг одоогийн нөхцөлд шууд хийх боломжтой юу?
-Манайд байгаа нэг давуу тал бол эрүүл мэндийн салбарын зөв тогтолцоо юм. Нэг ёсондоо өрх болгонд, аймаг, хороо болгонд Өрхийн эмнэлэг бий. Үүгээр анхан шатны үйлчилгээгээ үнэгүй авчихдаг. Тэгээд нэгдсэн эмнэлгүүд байна. Энэ тогтолцоог зөв зохицуулах менежмент л шаардлагатай байгаа. Бас нэг давуу тал нь гурав дахь шатлалын ба дүүргийн эмнэлгүүд нь төрийн өмчид байгаа. Манайхтай адил социалист системд байсан улсууд яараад эмнэлгээ хувьчилтал одоо эргээд хүнд байдалд орж байна. Иргэд эрүүл мэндийн зардлаа дааж дийлэхгүй байна шүү дээ. Тэгэхээр хувьчлаагүйн ач холбогдол одоо мэдрэгдэж байна, бид менежментийг нь сайжруулаад гаднаас нь иргэн хүн харахад хувийн, улсын ялгаагүй үйлчилгээтэй байх ёстой. Харин санхүүжилт нь өөр байж болно. Даатгалаас, төсвөөс, хүмүүсийн төлбөрөөс гэхчлэн янз бүр байна.
-Эмнэлгийн удирдлагуудтай холбоотой өөрчлөлт мөн орж байгаа гэсэн. Томилгоог цаашид хэрхэн хийх вэ?
-Эмнэлгүүд удирдах зөвлөлтэй болж энэ нь эмнэлгийн ажилтнууд, эмч нарын төлөөлөл, эрүүл мэндийн даатгалын газар, иргэдийн холбоод, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Эмнэлгийн даргыг Сайд томилдог байдал үгүй болж, ТУЗ-өөс урт хугацаатай сонгодог хэлбэртэй болно. Санхүүгийн хувьд ч эмнэлэг хагас бие даасан байдалтай байх нь зөв гэж үзсэн. Угаасаа хуулийн нэг гол ач холбогдол нь эмч, эмнэлгийн ажилтнаа үнэ цэнтэй болгох юм. Одоо бол сайн эмч нар өдөртөө улсын эмнэлэгт, орой нь хувийн эмнэлэгт ажилладаг эсвэл маш сайн эмч нар хувийн эмнэлэг рүү шилжиж ажиллах үзэгдэл элбэг болсон. Гэтэл 60, 70 жил болсон улсын эмнэлгүүдийн хариуцлагын соёл, хэм хэмжээ нь хэдийнэ төлөвшчихсөн, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн, шинээр байгуулагдсан эмнэлгээс эрс ялгаатай байна. Тэгэхээр энэ эмч, мэргэжилтнүүдийг алдахгүйгээр цалинг нь сайн өгдөг систем рүү шилжүүлж байгаа.
-Ер нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг хэрхэн шинэчилж байгаа вэ?
-Эмч нарын мэргэжил дээшлүүлэх талд анхаарал хандуулж байна. Эмнэлгүүд бие даагаад гадны эмнэлгүүдтэй гэрээ хийж, солилцоо хийж, олон эмчийн мэргэжлийг дээшлүүлж болно. Ялангуяа, төрийн өмчит эмнэлгийг хараад байхаар эмнэлэг өөрөө стратеги төлөвлөлтөө хийх боломжгүй, 5-10 жилийн дараачийн нөхцөл байдлаа харж чадахгүй болчихдог талтай. Харин шинэчлэлийн хүрээнд өөрсдөө бие даан хөгжих учраас ямар чиглэлээр мэргэшиж, хөгжихөө төлөвлөж түүнд тохирсон мэргэжилтнээ сургах, бэлдэх нөхцөл бий болно.
-Энэ өөрчлөлтүүд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Түргэн эхлүүлэх шаардлагатай учраас баталсан өдрөөсөө эхэлж мөрдөгдөж байна. Гэхдээ хуулийг дагаж мөрдөх журмын дагуу Засгийн газар үе шатуудыг батлах шаардлагатай. Шинэчлэл хаанаас эхлэх вэ, анхан шатнаас уу, эсвэл гурав дахь шатлалын эмнэлгээс эхлэх үү гэдгийг Засгийн газрын журмын дагуу шийднэ. Мөн Азийн хөгжлийн банктай бид урт хугацаанд хамтран ажилласан тул тэдний судалгаа, зөвлөмжийг хамтатган боловсруулж ажиллаж байна.