Би маш их өөдрөг хүн. Тиймээс гутранги төрлийн бүх л үгэнд дургүй
2016.04.22

Би маш их өөдрөг хүн. Тиймээс гутранги төрлийн бүх л үгэнд дургүй

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг.

Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байгаа билээ.  Тэгвэл энэ удаагийн дугаартаа НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэгийн  “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Та өөрийгөө танилцуулаач, жин, өндөр, мэргэжил гээд л?


-Намайг Батсүхийн Саранчимэг гэдэг. Би нэгдүгээр бүлгийн цустай. Бич жилтэй. Удирдлагын автоматжуулсан системийн инженер мэргэжлээр дээд сургууль төгссөн. 

-Та ямар шашин шүтдэг вэ?


-Өглөө болгон зулаа өргөж, бурхандаа мөргөдөг. Тийм болохоор яах аргагүй бурханы шашин шүтдэг. Манай өвөө нутаг усандаа нэр хүндтэй лам байсан. Дээр үед лам нар тийм ч ил байгаагүй. Гэвч хүмүүс байнга ирдэг, хөл дардаг айл байлаа. Би ч багадаа өвөөгийндөө очиж, эмээ, өвөөдөө тусладаг байлаа. Тийм болохоор багаасаа л бурханы шашныг шүтдэг болсон гэхэд болно. 

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?


-Аав, ээж маань Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн харьяат хүмүүс. Дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн хүүхдийн хамгийн том нь би. Миний нөхөр Холбооны инженер мэргэжилтэй. Бид хоёр Новосибирск хотод хамт суралцаж байхдаа танилцсан. Танилцаад 26 жил болжээ. Хоёр сайхан хүүтэй. 

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж бий. Таны хэлэх дуртай үг гэвэл...?


-Санаа зөв бол заяа зөв гэж хэлэх дуртай. Гэхдээ хэлэх дуртай үг гэхээсээ илүүтэй миний амьдралдаа мөрддөг зарчим гэж хэлэхэд болно. 

-Таны сонирхол болон хобби юу вэ?


-Хобби гэдэг бол багаасаа сурсан, юм цуглуулсан, дуртай зүйлээ хийх гэж ойлгож болно шүү дээ. Аав маань багаасаа олон зүйл цуглуулсан. 21 аймаг, хотын тэмдгийг цуглуулдаг. Маркийг он оноор нь цуглуулдаг байсан. Мөн гэрийн зэсэн эдлэл цуглуулдаг байлаа. Аав маань өөд болсноос хойш би аймаг, сумдын тэмдгүүдийг нь аваад, үргэлжлүүлж цуглуулж байгаа. 1000 гаруй тэмдэг бий. Мөн зав гарвал ном унших хоббитой. Ер нь бол олон зүйл сонирхдог. 

-Бүр багадаа эзэмшихийг  хүсч байсан мэргэжил тань юу вэ?


-Миний аав мундаг эдийн засагч байсан. Тийм болохоор аав шигээ эдийн засагч болохыг хүсдэг байлаа. Нөгөөтэйгүүр математикт их дуртай. Жил бүр л математикийн олимпадад оролцож, аймгийн аварга болдог байсан. Тийм болохоор математикч болно ч гэж боддог байсан юм. 

-Одоогийн эзэмшсэн мэргэжлээ сонгоход эцэг, эхийн чинь оролцоо хэр их байв?


-Аравдугаар анги төгссөний дараа хүүхдүүд хуваариа авах гээд сургуулийн гадаа цугларч байсан үе саяхан юм шиг санагдаж байна. Манай аймаг ганцхан 10 жилтэй. 300 гаруй хүүхэд тэр үед төгсч байсан. Тэр үед хүүхдүүдийг сурлагаар нь жагсааж байхад би нэгдүгээрт жагсч байлаа. Тиймдээ ч хамгийн анх хуваарь сонгох эрхтэй болж байсан юм. Тэгэхэд аав маань аль хэдийнэ сургууль дээр ирээд, хуваариудыг тэмдэглэчихсэн, “Охинтойгоо зөвлөе” гээд байж байсан. Тэгээд л аав, ээжтэйгээ зөвлөсөн. Аав маань “Удирдлагын автоматжуулсан системийн инженер гэдэг мэргэжил миний охинд тохирох юм байна. Ирээдүйтэй, компьютертай ойрхон, хэрэгтэй мэргэжил юм” гэж зөвлөж байлаа. Тэгж л мэргэжлээ сонгож байсан даа.  Харин сургуулиа төгсч ирээд УИХ-ын Тамгын газрын дотоод сүлжээг тавилцаж байлаа. Хамгийн анхны веб хуудсыг хийж байсан. Тэр үед веб хуудас хийгээд, Монгол Улсынхаа далбааг хийсгэх гэж нэлээд юм болж билээ. 

-Стресс гэж нэг зүйл байна. Та хэр их стресстдэг вэ?


-Сэтгэл санаагаар унах л гэсэн үг юм даа. Хүн л юм чинь санаагаар унах үе байна. Энэ үед боломжтой бол байгалийн сайханд алхдаг. Боломжгүй бол гэр бүлийнхээ хүнтэй ярилцдаг. Би нэг их дотогшоо биш, нээлттэй хүн. Тийм болохоор хүнтэй ярилцчихаар л сэтгэл уужирчихдаг юм. 

-Та ямар зан чанартай хүн бэ?


-Би өөрийгөө тийм зан чанартай гэж хэлэх хэцүү. Найзууд маань болохоор итгэж болох хүн гэж тодорхойлдог.

-Таны хамгийн дуртай спорт?  

-Дунд сургуульд байхдаа нийгмийн идэвхтэй, спортод сонирхолтой хүүхэд байлаа. 60 метрийн зайн гүйлтийн сургуулийн аварга болж байсан. Сагсан бөмбөг их тоглоно. Тавдугаар ангид сурч байхдаа ахлах ангийнхнаа хожиж, сургуулийн аварга болж байлаа. Тэгэхэд би шилдэг тоглогч болж байсан. Шатрыг багаасаа сурсан. Хүүхдийн баяраар шатрын тэмцээнд орж, түрүүлж, мөнгөн шагнал авна. Түүгээрээ банка авч, найзуудтайгаа хувааж иднэ. Миний шатрын мастер болсон маань багаасаа хөдөлмөрлөснийх юм болов уу гэж боддог. 

-Одоо спортоор хэр хичээллэж байна?


-Долоо хоногт 2-3 удаа фитнесст явдаг. Манай хүү их спортлог. Тийм болохоор намайг спортоор хичээллэ гэж байнга хэлдэг. Спортоор хичээллэж байж эрүүл байна шүү гэдгийг ч захидаг. Гэхдээ бид чинь хөдөө өссөн болоод ч тэр үү, эрүүл мэндийн хувьд харьцангуй гайгүй шүү. Шүд гэхэд л хорхойтоогүй байна гэдэг чинь хатуу ааруул идэж байсны ач.

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?


-Монголчууд архийг идээний дээд гэж үздэг. Оргилуун дарсгүй шинэ жил, нэрмэл, цагаан архигүй цагаан сарыг би төсөөлдөггүй. Ер нь аливаа зүйл зохистой хэмжээ гэж бий. Тийм болохоор зохистой хэрэглэж чадвал тийм ч муу зүйл биш шүү дээ. 

-Таны хамгийн үнэт зүйл?


-Миний хамгийн үнэт зүйл гэр бүл, аав, ээж, эх орон минь.

-Албан тушаал ахихын хэрээр нэр хүнд ирдэг байх. Мөн албан тушаалыг дагаад мөнгө хөрөнгө ирэх үү?


-Би өөртөө ч, хүүхдүүддээ ч хэлдэг.  Хүн зорилготой амьдрах ёстой. Дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Аяндаа л шударга хөдөлмөрийн үр дүнд нэр хүнд, мөнгө төгрөг ирнэ гэдэгт итгэдэг.

-Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?


-Бодит зүйлийг зөвөөр хэлдэг, шүүмжилдэг хүмүүс олон байгаасай гэж хүсдэг юм. Би шүүмжлүүлдэг. Зөв шүүмжлэлийг хүлээж авч, засахыг хичээдэг. Засч байгаа ч гэж боддог. 

-Жил бүрийн хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон хүн очоод, мод тарьдаг. Зураг хөргөө авахуулаад л, бөөн юм болдог. Тэгсэн мөртлөө тарьсан болоод л хаячихаад байгаа харагддаг?


-Мод тарих биш ургуулах ажиллах ёстой юм. Олон хүн мод тарьж байгаа ч тоотой хэд нь эргэж ирж, арчилдаг. Ихэнх нь жилийн дараа л нэг ирдэг байсан. Уг нь мод тарина, ургуулна гэдэг бол хүүхэд төрүүлэхтэй адил. Бид хүүхдээ төрүүлчихээд хаячихдаггүй биз дээ. Түүнтэй адил арчилж, тордож, ургуулах ёстой. Нэг үе Үндэсний цэцэрлэгт хүрээлэн элс, шарилжтай л газар байсан. Тэгвэл одоо ногоон байгууламжийг 23 хувиар бүрдүүлж чаджээ. Ийм судалгаа гарсан. Энэ бол боломжийн үр дүн. 

-Хүн яаж явах нь хэрхэн, юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ?


-Өнөөдөр би, үр хүүхэд маань сайн сайхан явж байгаа нь өвөг дээдсийн заяа түшиж буй хэрэг гэж би боддог.  Ямар үр тарина, түүнийхээ шимийг хүртэнэ гэдэгт би итгэдэг. 

-Таныг хамгийн аз жаргалтай үеэ дурсаач гэвэл?


-Миний амьдрал аз жаргалаар дүүрэн байсан, байсаар ч байгаа. Тэр дундаа эх хүн болно гэдэг үнэхээр сайхан. Хоёр сайхан хүүтэй. Хүүхдээ төрсний дараа нялх үрээ харж байхад хамгийн сайхан байсан.

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?


-Нүднээс нь. Нүд сэтгэлийн толь гэдэг биз дээ.   Ер нь бол нүднээс бүх зүйл харагддаг. Хүний нүд бол хамгийн чухал сэтгэлийн илэрхийлэл.

-Та юугаараа бусдыг өөртөө татдаг вэ?


-Би байгаагаараа л байдаг. Тэр нь л бусдыг илүү өөртөө татдаг юм болов уу.  

-Хайртай хүндээ байнга хэлэхийг хүсдэг ч хэлж чаддаггүй үг байдаг уу?


-Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Үнэхээр сайхан санагдаж, урам өгмөөр байвал хэлж л байх хэрэгтэй. Хэлэхгүй дотроо хадгалах дэмий л дээ. Би их нээлттэй. Хэлье гэснээ байнга хэлдэг. 

-Танд таагүй ханддаг хүн хэр олон байдаг бол?


-Ерөнхийдөө гайгүй болов уу. Хүмүүсээс хандлага нь харагддаг шүү дээ. Тийм болохоор цөөхөн гэж л боддог. 

-Таны анхны цалин хэдэн төгрөг байсан бэ?


-1993 онд 26 мянган төгрөгний цалин авч байсан. Хөл газар хүрэхгүй баярлаад, их олон зүйл авсан. Аваад л байсан, аваад л байсан. Гэвч цаана нь мөнгө үлдэж байсан юм даг. 

-Та өөрт тохиолдож байсан чухал үйл явдлуудыг тэмдэглэдэг үү?


-Би баяр хөөрөө найз нөхөд, гэр бүлтэйгээ хуваалцах дуртай. Баяр болгон, аз жаргал болгоныг ганцаараа эдэлдэггүй. Дандаа л бусадтай хуваалцдаг. Багаасаа л тийм нээлттэй хүүхэд байсан. 

-Ижил хүйстнүүдийн талаар юу гэж боддог вэ?


-Энэ бол байгалийн нэг сонин үзэгдэл. Үүнд уруу татах, дэлгэрүүлэх, сурталчлахыг бол дэмжихгүй. Тэр дундаа манай улс шиг цөөн хүн амтай оронд бол бүр ч хэрэггүй зүйл гэж боддог. 

-Та хэдэн насандаа өөрийнхөө би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ? 

-Миний үзэл бодол бол би гэхээсээ илүү бид гэдэг үзэл бодлоор ханддаг. Багаасаа тийм л үзэл бодол суусан хүн. Гэхдээ тавдугаар ангид байхдаа аравдугаар ангийн хүүхдүүдийн тоог бодож өгсөн юм. Тэр үедээ л “Би ямар мундаг юм бэ” гэж өөрөөрөө бахархаж байлаа. Би гэдгээ илүү их мэдэрсэн үе тэр.

-Таны амьдрал тохиолдож байсан хамгийн хөгтэй явдал?

-Дунд сургуульд байхдаа бүхий л тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Нэг удаа Орос дууны тэмцээнд орлоо. Тэгээд их хэцүү дуу сонгоод, эхлэхдээ нэлээд дээрээс эхэлчихгүй юу. Жаахан дуулаад л хоолой хүрэхээ болиод, таг гацчихсан. Одоо бодоход хүртэл ичдэг юм. Гэхдээ амьдрал хөгтэй явдлаар дүүрэн л байдаг. Одоо бодохоор санаанд орж байгаа зүйл цөөн байна. Би ч маш их идэвхтэй хүүхэд байсан. Оролцож болох бүхий л тэмцээн, уралдаанд оролцоно. Намайг хүмүүс инээдэг Сараа гэж хэлдэг байсан. Би их инээд муутай хүн. 

-Амжилт гэж таныхаар юу вэ?

-Өрнийнхөн амжилт гэдгийг түүнд хүрэх цэгийг хэлдэг юм билээ. Харин дорнынхон амжилтын цэгт хүрэх процессыг хэлдэг. Миний хувьд бол зорилгоо биелүүлэх, санасандаа хүрэх нь амжилт. Сүүлийн үед шинжлэх ухааны үндэслэлээр олон янзаар тайлбарлаж байна. Амжилт олохын 20 хувь нь амкадемик боловсрол. Үлдсэн 80 хувь нь хүнтэй зөв харьцаж, өөртөө зорилго тавихад оршино гээд байгаа юм. Үүнтэй би санал нийлдэг.

-Та хэр амжилттай яваа хүн бэ?

-Миний зорьсон, хүссэн ажлууд бүтэж байгаа болохоор амжилт гэж хардаг.

-Нэг үгээр өөрийгөө тодорхойлооч гэвэл?

-Найзууд маань “Сараа итгэж болох хүн” гэж хэлдэг. Зарим нь “Их зөв хүн шүү” гэдэг. Алинаар нь илүүтэй тодорхойлохыг хүмүүс л хэлэх байх даа. 

-Та хэр сайн ярилцагч вэ?

-Би илүү их сонсохыг хичээдэг. Хүмүүсийн санаа бодлыг сонсч сууна гэдэг гайхалтай.

-Тантай уулзаж байсан хүмүүсээс хамгийн сайхан нь?

-Хөгжим сонсох дуртай. Манай хадам аав хөгжмийн зохиолч. Нөхөртэйгээ сууснаас хойш хөгжимд илүү дурлаж, сонсох болсон. Цагаан суварга гэдэг хөгжмийн бүтээлийг сонсоод биширч байсан. Тэр хөгжмийн бүтээлийг сонсчихоод, Н.Жанцанноров гэдэг хүнтэй танилцах юмсан. Ямар агуу хүн бэ гэж бодож байсан. Дараа нь танилцаад үнэхээр бахархах сэтгэл төрж билээ. 

-Та нууц хэр сайн хадгалдаг вэ?

-Хадгална аа, асуудалгүй. Найзууд маань намайг итгэл даах хүн гэж хэлдэг талаар би ярьсан шүү дээ. 

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгний алийг нь хэлэхэд хэцүү вэ?


-Хайртай, уучлаарай гэдэг үгийг хэлж байх ёстой гэж би боддог. Харин салъя гэдэг бол хэлэхэд хамгийн хэцүү үг шүү дээ. Би амьдралдаа салъя гэдэг үгийг хэлж үзээгүй. 

-Таны хувьд хамгийн чухал баяр гэвэл..?


-Монгол үндэстэн яах аргагүй наадам, цагаан сараа тэмдэглэж байх ёстой. Наадам болохоор л аавыгаа санадаг юм. Аав маань бага байхдаа хурдан морь унадаг байсан. Тийм болоод ч тэрүү морь уралдаад ирэх үед нулимс нь асгардаг байсан. Б.Наранхүүгийн шарга азарга түрүүлэхэд магнай хагартал баярлаж байсныг би мартддаггүй. Цагаан сар ч гэсэн тун сайхан баяр. Би чинь айлын том болохоор цагаан сараар гэрээ цэвэрлэнэ, аав, ээждээ тусална. Бүх зүйлээ цэвэрлээд, цэмцийлгээд л баярладаг байлаа. 

-Аав, ээжийн чинь захиж хэлж байсан сургуулиудаас хамгийн сайхныг нь хэлээч гэвэл?


-Аав, ээж маань хэлж ярихаасаа илүү биеэрээ үлгэр дууриалал үзүүлдэг байсан. Тийм болохоор ингэ, тэг гэж хэлэхээсээ илүүтэй үлгэрлэж үзүүлэх нь илүү юм байна гэж боддог. Манайх чинь өглөөнөөс орой хүртэл ажил хөдөлмөр өрнөсөн айл байлаа. Аав, ээж маань “Хөдөлмөрлө, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханд, ажил эхэлсэн бол дуусга” гэж сургаж, хүмүүжүүлсэн. Эргээд харахад, энэ бүхэн миний амьдралд маш их хэрэг болж байгаа. 

-Та аав, ээждээ хэр ачлалтай охин бэ?


-Маш их хариуцлагатай байлаа. Айлын том охин болохоор гэртээ хоёр дахь ээж л гэсэн үг. Аав, ээж маань надад дандаа л урам өгдөг байлаа. Эргээд бодоход онц сурч байсан маань бага ч гэсэн ачлал байж. Гэхдээ хүн аав, ээжийнхээ ачийг яаж хариулж гүйцэх вэ дээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлаа өгөхийнхөө өмнөхөн би хоёр ээжийгээ аваачиж, мод тариулсан. Мод тарьж байхдаа ээж маань “Миний охин маш их ачлалтай охин шүү. Түмэндээ ачлалтай энэ сайхан бүтээн байгуулалтыг удирдаж хийж, ногоон байгууламжийг ургуулж байгаа нь миний охины хамгийн том ажил шүү” гэж нулимсаа дуслуулан ярьж байсан.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл?


-Борцтой, будаатай, хийцтэй цай. Говийн хүн болохоор манайх өдөр болгон цай чанадаг. Ерөөсөө уйддаггүй. Одоо ч чанадаг. Манай бага хүү маш их дуртай. Амралтын өдрүүдэд байнга борцтой, будаатай цай хийдэг юм. 

-Дэлхийн ирээдүйн хөгжил ямар байх бол?


-19 дүгээр зууны үед улс орнууд эдийн засгаа л бодоод байгаль экологи, хүнээ орхигдуулсан байдаг юм билээ. Эргээд байгаль экологио нөхөх гэхээр олсон мөнгө нь хүрэхээргүй, илүү их зардал шаардагдахаар болчихсон байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ байгаль орчин, хүндээ ээлтэйгээр хөгжих хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Байгаль дэлхий чинь амьтай зүйл шүү дээ. Тэнцвэрээ алдаж байгаагаа янз бүрээр илэрхийлж байна. Цунами болж байгаа. Хар салхи, цөлжилт гээд олон зүйлээр байгаль өөрийгөө илэрхийлж байна. Дэлхийн хөгжлийг би байгаль экологи, эдийн засаг, нийгмийн тэнцвэр хангагдсан байхаар л харж байгаа. 

-Та маш их уурлахаараа яадаг вэ?

-Би үнэнийг нь хэлчихдэг. Ямар зүйлд гомдсон бэ гэдгээ шууд л хэлдэг. Тэр нь амар. Би хэзээч дотроо юм бодоод яваад байдаггүй. 

-Таны хамгийн дургүй үг?

-Би маш их өөдрөг хүн. Тийм болохоор гутранга төрлийн бүх л үгэнд дургүй.

-Гадаад хэлээс хамгийн сайн мэддэг нь?

-Орос, Англи хэл мэднэ. Хойно сургууль төгссөн гэдэг утгаараа орос хэлийг илүү сайн мэднэ. 

-Та хэдэн хүний хамгийн сайн найз бол?

-Би их олон найзтай. Багаасаа л олон найзтай байсан. Одоо ч холбоотой хэвээрээ л байгаа. Ер нь нэлээд олон шүү.

-Тэгвэл хэр олон хүн таныг өөрийнхөө хамгийн сайн найз гэж боддог бол?


-Нэлээд олон хүн тэгж боддог байх гэж итгэж байна. Яагаад гэвэл багаасаа ямар зантай байсан түүгээрээ л байгаа. Хүний ялгаж харьцаад байдаггүй.

-Таны гаргаж байгаа шийдвэр таных уу?

-Бүх шийдвэрээ зүрх сэтгэлээсээ гаргадаг. Гэхдээ мэргэжлийн асуудал дээр холбогдох хүмүүсийнх нь санаа бодлыг тусгаж, өөрөө тунгаагаад шийдвэрээ гаргана. 

-Та хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ, элгээ хөштөл инээв?

-Дөрөвдүгээр сарын 1-нд Инээдмийн баяраар манай хэдэн найзууд цуглаад, бие биенийгээ хуурсан. Түүндээ баясаад, нулимсаа гартал инээсэн. Манай НИТХ-ын нэг төлөөлөгч залууд “Чамайг нэг сонин дээр эмэгтэй хүнтэй холбож бичээд, зургийг чинь тавьчихаж” гээд хэллээ. Гэтэл өнөөх чинь “Шүүхэд өгнө, ямар сонин дээр бичсэн байна” гээд л бөөн юм болсон. Тэгээд л бид баясаад, сайхан инээсэн. 

-Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?


-Би сүүлийн үед түүхийн ном их уншиж байгаа. Цаг зав гарвал л илүү их уншиж байна. Чингис хаан, хатдын түүхийг уншиж байна. 

-Та өөрийнхөө юугаар их бахархдаг вэ?


-Өвөг дээдэс, аав ээж, гэр бүлээрээ бахархдаг. Мөн аливаа ажилд зорилго тавиад, түүндээ хүрээд, хөдөлмөрийнхөө үр шимийг үзсэнийхээ дараа өөрөөрөө бахархдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өдий зэрэгт хүргэхийн төлөө зүтгэсэн. Одоо эргээд харахад сайхан л байдаг юм. Мөн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.
 

-Юунаас хамгийн их айдаг вэ?

-Байгаль экологийн гэнэтийн аюулаас айдаг. Их мэдээлэл авах тусмаа хүн энэ зүйл чинь ийм байх ёстой юм байна шүү гэж боддог. 1960-аад оны үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгаа энэ хэсэгт айхтар үер болж байсан. Тухайн үед барилга барилгажилтаас үүдээд тэр хавийн бүх модыг тайрсан юм билээ. Түүнээс нь шалтгаалаад үер болсон юм билээ. Ер нь байгальдаа ээлтэй л хөгжихгүй бол болохгүй дээ гэж боддог. Саяхан Америкт очоод, нэг их өндөр байшин хараад “Ийм газар ганцаараа байвал яана аа” гэж бодож, айж байлаа. Ганцаардал бол хамгийн аймаар зүйл шүү дээ.

-Энэ цаг мөчид та хэнд хамгийн их баярлалаа гэж хэлмээр байна?

-Хамгийн түрүүнд амьдралыг үзэх үзлийг төлөвшүүлж, сайн сайхан бүхнийг харж чаддаг болгож өсгөсөн ээждээ баярлалаа гэж хэлье. Мөн амьдралын минь түшиг болсон ханьдаа баярлалаа гэж хэлье. Үнэхээр их баярлалаа. Дээрээс нь үр хүүхэд, хамт олон, найз нөхөд, бүх хайртай хүндээ баярлалаа гэж хэлье. 

-Та хэр азтай хүн бэ?

-Азтай. Түүнийгээ би мэдэрдэг. Би өвөөгийн хүүхэд. Өвөө маань намайг тэнгэрээс харж байдаг гэдэгт итгэдэг. Монголд эмэгтэй хүн болж төрснөөрөө би их азтай. Сугалаанд ч азтай. Ер нь их азтай эмэгтэй. Ээж маань их азтай. Дээр үед өвөө маань ээжид таван төгрөг өгөөд, хуушуур авч идээрэй гэж л дээ. Тэгээд явж байтал хоёр төгрөгийн сугалаа байхаар сугалж. Гэтэл тэр үедээ 200 төгрөгийн үнэтэй байсан орыг хожиж байсан юм билээ. Манай хамт олон нэг удаа сугалаа явуулсан юм. Хамгийн том хонжвор нь будаа агшаагч байсан. Тэгээд “Би энэ будаа агшаагчийг нь сугалчихаж магадгүй. Та нар эхлээд сугал” гэлээ. Сүүлдээ хоёрхон сугалаа үлдсэн байхаар нь нэгийг нь автал будаа агшаагч байдаг байгаа. Гэх мэтээр их азтай шүү.

-Гэр бүлээс гадуурх харилцааг та юу гэж боддог вэ?

-Ийм асуудал байсан, байсаар ч байгаа. Хувь хүнийхээ үүднээс энэ асуудлыг дэмждэггүй. Энэ бол хувь хүний хандлага, хүмүүжил, амьдралын нөхцлөөс л хамаардаг байх гэж боддог.

-Та хэзээ өөртөө маш ихээр таалагддаг вэ?

-Би хүнд туслах их дуртай. Хүмүүст туслаад, тэдний баярласан сэтгэлийг харж, мэдрэхээрээ өөрөө өөртөө таалагддаг. 

-Жинхэнэ монгол эр хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол?

-Оногдсон ажлаа хийчихдэг. Амьдралаа аваад явчихдаг, эхнэрээ хайрлаж, урмын үг хэлж чаддаг эр хүнийг жинхэнэ монгол эр хүн гэж хэлэх байх. Миний бодлоор жинхэнэ монгол эр хүн олон байгаа.

-Би таныг хоёр өдрийн хугацаанд эрэгтэй хүн болголоо гэж бодъё. Та тэр хугацаанд эрэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэхийг хүсч байна?


-Сонин л мэдрэмж төрөх байх. Бидний үед залуучууд л бүсгүйчүүдээ эргүүлдэг байж. Одоо бол арай өөр юм шиг байгаа юм. Ганц өдөр ганц бие эрэгтэй хүн болбол өөртөө таалагдсан эмэгтэйг хоолонд уриад, нэг эргүүлж үзье л дээ. 

-Таны мөрөөдөж байсан мөрөөдлүүд хэр их биелсэн бэ?

-Ахлах ангид байхдаа маш их мөрөөддөг байжээ. Бүр мөрөөдөлдөө умбаад, нойр хулждаг байсан үе саяхан санагдаж байна. Тэр мөрөөдлүүдийн ихэнх нь биелсэн. Одоо ч биелж л яваа. 

-Одоо та мөрөөддөг байж таарна. Таны хамгийн том мөрөөдөл...?

-Мөрөөдөл гэдэг бол хамгийн сайхан зүйл шүү дээ. Миний хувьд ард түмэн шударга хөдөлмөрөөрөө авсан цалин нь амьдралд нь хангалттай хүрдэг болох цаг үе хурдан ирээсэй л гэж мөрөөддөг дөө. 

-Та цаг хэр барьдаг вэ?

-Цаг барина аа. Цаг барина гэдэг бол бусдыгаа хүндэлж байгаа нэг хэлбэр. Цагийн менежмент гэдэг хамгийн чухал. Ажлаа чухлаар нь дугаарлаад, цагийн менежентээ зөв хийвэл хэрэгтэй зүйл.

-Танд далдын хар малгай өглөө гэж бодъё. Тэгвэл та юу харахыг хүсч байна?

-Далдын хар малгай өмсөөд хүмүүс дээр очино гэж бодохоор нэг л буухгүй байна. Яагаад гэвэл би хүнд итгэдэг. Найзууд маань ч намайг итгэл даах хүн гэж хэлдэг. Итгэж байгаа бол итгэснээрээ л дуусах ёстой. Заавал далдын хар малгай өмсч, хүн амьтан тандаж явмааргүй байна. Итгэснээрээ л байя.

-Нэг өдрийн төлөвлөсөн ажил тэр өдөртөө багтдаг уу?

-Ерөнхийдөө багтдаг. 

-Өөрт тохиолдсон онцгой үйл явдлуудаа тэмдэглэгдэг үү?

-Тэмдэглэдэг. Дунд сургуульд байхаасаа л тэмдэглэж байсан. Хурц ухаанаас хулсан бийр хүчтэй гэж үг байдаг даа. Тийм болохоор тэмдэглэдэг юм. 

-Та ямар үед өөртөө хамгийн их итгэлтэй байдаг вэ?

-Багаасаа л өөртөө итгэж ирсэн. Үргэлж өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсдог. Үргэлж өөртөө итгэлтэй байдаг гэж хэлж болно. 

-Цаг хугацааны машин байвал та хаашаа явах вэ?

-Ирээдүй рүү л явмаар байна. 2035 онд очъё. Хэрвээ өнгөрсөн рүү явах ёстой гэвэл аавтайгаа, өвөө, эмээтэйгээ уулзчихаад ирмээр байна. 

-Та хэнийг бишрэн шүтдэг вэ?

-Өвөөгөө. Миний өвөө бол үнэхээр агуу хүн. Намайг бага байхад өвөө маань үлгэр уншиж өгдөг байсан. Шидэт хүүрийн үлгэр гээд зузаан ном байсан. Тэрийг уншаад, олон зүйл захиж хэлдэг байлаа. Дүү нартаа бас ярьж өгнө өө, тэр үлгэрээ. 

-Таны хамгийн их харамсаж явдаг зүйл?

-Байгаль экологийн доройтлоос болоод хүүхэд багачууд гэлтгүй олон хүний аминд хүрч байна. Үүнд би эмэгтэй хүний хувьд харамсаж явдаг. Өөрчлөхийн төлөө ч тэмцэж яваа. 

-Та ямар нэг ажил хийж байхдаа шантарч байсан уу?

-Урам хугарах, шантрах зүйл бас байлгүй яахав. Гэхдээ тэр бүхэн намайг хурцалж, урагшлах шалтгааныг бий болгож өгдөг. 

-Сайхан монгол орон хэр ойрхон байна?

-Ойрхон байна. 2035 он гэхэд сайхан болно.

-Мөнгө таныхаар юу вэ?

-Арилжааны хэрэгсэл. Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ. 

-Хайр таныхаар?

-Хамгийн сайхан мэдрэмж, амьдрал, нэмэх нь итгэл.

-Та хүн болж төрөөгүй бол ямар амьтан болох байсан бол?

-Тэр талаар бодож үзээгүй юм байна. 

-Та одоогийнхоо амьдралд хэр сэтгэл ханамжтай байна?

-Өмнө нь 100 хувиас илүү байсан. Одоо ч тийм.

-Танд одоо яг мэдрэмж төрж байна?

-Гайхалтай.