“Хөрөнгө оруулагчид аливаад сэтгэл хөдлөлөөр ханддаггүй”
Монголын Бизнесийн Зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт
2016.04.21

“Хөрөнгө оруулагчид аливаад сэтгэл хөдлөлөөр ханддаггүй”

Дотоод, гадаадын хувийн хэвшлийн төлөөлөл, бизнесийн салбарын экспертүүд, бодлого шийдвэр гаргах түвшнийхэн яг одоо чуулж байна.

МБЗ-Анхдугаар чуулга уулзалтад оролцож буй зочид, төлөөлөгчид

Энэ бол “Монголын бизнесийн зөвлөл”-ийн анхдугаар чуулга уулзалт. Чуулга уулзалтыг нээж тус зөвлөлийн ТУЗ-ын дарга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үг хэллээ. Олон улсын санхүүжилт, уул уурхай ба ханган нийлүүлэлт, эдийн засгийн хямралын үе дэх бизнесийн стратеги, хөрөнгийн зах зээл, бизнесийн шинэлэг чиг хандлага, төрийн удирдлагуудад хүргэх санал гэсэн таван салбар хуралдаанаар өнөөдрийн турш чуулга уулзалт өрнөх болно. Энэхүү чуулга уулзалт зохион байгуулж буйн гол зорилго нь:  

-Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага, мэргэжлийн хүмүүст ирээдүйд өсөж, хөгжихөд нь хэрэг болохуйц өргөн хүрээний, чухал бөгөөд шинэлэг мэдээллийг хүргэх
-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газарт анхаарвал зохих асуудал, шийдлийг гаргаж өгөх
-Чуулга уулзалтаас гарах санал зөвлөмжийг улс төрийн нам, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулах

"Монголын бизнесийн зөвлөл"-ийн ТУЗ-ын дарга, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Бямбасайхан

Чуулга уулзалтын эхэнд “Эрдэнэс Монголын шинэчлэл” сэдвээр тус компанийн гүйцэтгэх захирал, ноён Б.Бямбасайхан танилцуулга хийсэн. Тэрээр “Эрдэнэс Монгол” бол төрийн өмчит, алдагдал ихтэй компаниас арилжааны шинж чанартай жинхэнэ бизнесийн байгууллага, компани болох шилжилтийн үедээ явж байна гэдгээ онцлон дурдаад нэгдсэн консерциум хэлбэрээр компанийн бүтцийг өөрчилснөөр олон улсын туршлагыг нэвтрүүлэн ажиллах боломж бүрдсэнийг дуулгалаа.

Одоо “Эрдэнэс Монгол” компани сайн ажилладаг, хувьцаа эзэмшигчдээ үр ашгаа хүртээдэг компани болохын төлөө ажиллаж байна гэдгээ хэлсэн. Мөн тэрээр “Манай компани шилдэг татвар төлөгч хэвээрээ байгаа. Цаашид ч Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байх юм” гэж мэдэгдсэн юм.

“Эрдэнэс Монгол” компанид энэ онд томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Үүний нэг нь “Азийн хөгжлийн банк”-ны техник туслалцааны төсөл болохыг ноён Б.Бямбасайхан танилцуулгынхаа үеэр онцоллоо. Компанийн хувьд ирээдүйд сайхан болно гэсэн итгэл найдвар тээж биш бодит судалгаа шинжилгээ, нөхцөл байдалд тулгуурласан шийдвэрүүд гаргаж ажиллах юм байна.

Чуулга уулзалтад оролцогч

Түүний танилцуулгын дараа чуулга уулзалтад оролцогч гадны төлөөлөгч түүнээс “Эрдэнэт юу болсон бэ? Хэдий төрийн өмчийн хороо татан буугдсан ч ирэх сонгуулиар шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд төрийн өмчийн хороо дахин сэргэж Эрдэнэс монгол төрийн харьяа болгохгүй гэсэн баталгаа байна уу?” гэсэн хоёр асуулт асуусан.

"Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Бямбасайхан

Энэхүү асуултад “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан маш товч хариулт өгсөн. Тэрээр “Манай багцад Эрдэнэт үйлдвэр ордоггүй. Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр “Эрдэнэс Монгол” компанийн багцад орох, орохгүй нь шийдэгдэнэ. Одоогоор манай багцад “Багануур”, “Шивээ-Овоо”, “Оюутолгой”, “Тавантолгой” компаниуд багтаж байна” гэсэн юм.

Б.Бямбасайханы танилцуулга, илтгэлийн дараа “Монголын бизнесийн зөвлөл”-ийн анхдугаар чуулга уулзалтын  эхний салбар худалдаан эхэлсэн. Энэ бол “Олон улсын санхүүжилт”.

"Монгол дахь Америк Их Сургууль"-ийн ТУЗ-ын дарга Питер Морроу

"Олон улсын санхүүжилт": Өрийн удирдлага хэсгийн даргалагч, илтгэгч нар

Энэ хэсгийг Монгол дахь Америк Их Сургуулийн ТУЗ-ын дарга Питер Морроу даргалсан юм. Олон улсын санхүүжилтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол Улсын өрийн удирдлагын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, байр суурь, үзэл бодлоо солилцохоор Азийн хөгжлийн банкны төслийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкулов, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтын ажиллагааны газрын захирал Ө.Азжаргал, Олон улсын санхүүгийн корцорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Тюен Д.Нгуен нар ирсэн байлаа.

“Олон улсын санхүүжилт” хэсгийг даргалагч ноён Питер Морроу Азийн хөгжлийн банкнаас “Эрдэнэс Монгол” компанид өгч буй зээлийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг тус банкны төлөөллөөс хүслээ.

Азийн хөгжлийн банкны төслийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкулов:

“Эрдэнэс Монгол” компани нь төрийн өмчит компаниас хувийн арилжааны компани болж буйд баяртай байна. Бид энэ ч үүднээс “Эрдэнэс Монгол” компанид хөрөнгө оруулахаар шийдсэн. Одоо тус компанид хараат бус гурван төлөөлөгч ажиллаж, хөндлөнгийн аудит хийлгэн, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн тайлан гаргах боломжтой болж байна.

Манай банкны зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн зөв зүйтэй санал санаачилгыг санхүүжүүлж байна гэж ойлгож болно.

Уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг учраас тус компани байгаль орчинд ээлттэй, нийгмийн сөрөг нөлөөллийг багасгах ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь бидний шийдвэрт ихээхэн нөлөөлсөн.

Олон улсын санхүүгийн корцорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Тюен Д.Нгуен

Монгол Улс бизнесийн орчиндоо шинэчлэл хийхэд бэлэн байна. Энэ бол маш сайн зүйл.

Манай корпорацийн зүгээс Оюу Толгой компанид урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт хийж байна. Хөрөнгө оруулагчид сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаггүй. Зөвхөн аль нэг салбарыг бус улс орныг бүхэлд нь харж, хөрөнгө оруулахаа шийддэг.

Маш удаан хугацаанд судалж, бодож боловсруулсны үндсэн дээр зөв гэсэн зүйлд хөрөнгө оруулдаг. Энэ ч үүднээс бид Оюу толгойг олон улсад өрсөлдөхүйц төсөл гэж үзсэн. Өртөг зардлын харьцаа бага, хэмнэх боломжтой гэсэн маш том давуу талыг бий болгож чадсан төсөл учраас санхүүжүүлж байна.

Монгол Улс шинэчлэлдээ тууштай байх хэрэгтэй. Ирэх жилүүдэд эхний ээлжинд 1 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх төлөвтэй байна. Нөхцөл байдлыг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт тийм ч амар нэмэгдэхгүй байх. Тиймээс энэ цаг үед Засгийн газар зөв бодлого баримтлах нь маш чухал.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтын ажиллагааны газрын захирал Ө.Азжаргал

Манай банк ЖДҮ-ийг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Учир бид энэ салбарыг хөгжлийн нэг хөшүүрэг, хурдасгуур гэж хардаг. Цаашид ч ЖДҮ, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлсээр байх болно. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн орнуудтайгаа 3 жилийн хамтын ажиллагаа өрнүүлдэг. Санхүүгийн байгууллагууд бол хандивын, буяны байгууллага биш. Бид маш сайн судалдаг. Миний харж ойлгож байгаагаар Монгол Улсад төсвийн сахилга бат сул байна.

 Монгол Улс зээлийг шингээж чадна. Харин дааж чадах эсэх дээр оновчтой бодлого баримтлах ёстой. Хэзээ хөрөнгө босгох вэ, хэзээ хөрөнгө оруулалт хийх вэ гэх зэргээр цаг хугацааны хувьд ч тэр, нөхцөл байдлын үүднээс ч тэр сайтар бодож боловсруулах хэрэгтэй.

Чуулга уулзалтад оролцогч

Энэ мэтчилэн талууд байр сууриа илэрхийлсний дараа чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдөөс нэгэн эрхэм “Монгол Улс гадаадаас хөрөнгө босгоод байгаа нь зөв үү, эсвэл...” гэдэг асуулт асуусан. Энэ асуултад мэргэжилтнүүд хариулахдаа: “Ер нь Монгол Улсын гадаадаас хөрөнгө босгож буй шалтгааныг хараад байхад төсвийн алдагдлаа санхүүжүүлэх зорилготой байна. Тиймээс ирэх сонгуулиар амлалтаа зогсоох хэрэгтэй. Зээлийн эргэн төлөлтүүдээ сайтар төлөвлөж, эрэмбэлэх хэрэгтэй” гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм. 

Энэ хэсэг ийнхүү өндөрлөж, чуулга уулзалт түр завсарласан. Энэ үеэр зочид, төлөөлөгчид кофе ууж, энгийн яриа өрнүүлэхийн сацуу чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгч, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллага, "Монголын Бизнесийн Зөвлөл"-ийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжоор хангасан байлаа. Эдгээр байгууллагууд чуулга уулзалт оролцогчдод өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байлаа. 

Чуулга уулзалтын "Platinum Sponsor"-оор "Transwest Mongolia" LLC, "Gold Sponsor"-оор Эрдэнэс Монгол, Porsche, ELC LLP Advocates Өмгөөллийн компани, "Silver Sponsor"-оор Monployment, Худалдаа хөгжлийн банк, Valiant Art Interiors зэрэг компани, бизнесийн төлөөлөл ажиллаж байна.

Чуулга уулзалтын завсарлагааны үеэр