Канадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Хятадууд ноёрхож байна
2016.04.15

Канадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Хятадууд ноёрхож байна

Канадын Ванкувер, Торонто хотууд баян хөрөнгө оруулагчдын орогнох газар болоод байна.  Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд “үнийн хөөс” бий болохоос өмнө хувийн орон сууц, байшинтай байсан дундаж давхаргынхан өнөөдөр алтан дээр сууж байна.

Томоохон хотуудыг чиглэсэн хөрөнгө оруулалтын их нүүдэл

Канадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын очих дуртай газар болоод нэлээдгүй хугацааг өнгөрөөж байна. Тэр тусмаа хүн ам шигүү суурьшсан Торонто, Ванкувер хотыг тэд илүүтэй сонирхох аж.

Канадын МакДонал Реалити үл хөдлөх хөрөнгө, брокерийн компанийн хийсэн судалгаагаар 2015 онд 2,1 сая ам.доллараас дээш үнээр зарагдсан байрны 70 орчим хувийг эх газрын Хятадууд худалдан авсан байна. Тэдний хувьд тансаг зэрэглэлийн амины орон сууцыг илүүд үздэг байна.

Ванкуверийн тансаг зэрэглэлийн амины орон сууцны дундаж үнэ 2,4 сая ам.доллар. 

Энэ мэт хөрөнгө оруулалтын далайц нэмэгдсэнээс болоод тус хотуудын байрны үнэ тэнгэрт хадаад байна. 2015 оны байдлаар Ванкувер хотын байрны үнэ 27 хувиар, Торонто хотынх 25 хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарч байв.

Демографиа үл хөдлөх хөрөнгийн судалгааны компаниас ‘Орон сууц худалдан авахад хамгийн хэцүү хот’-уудыг жагсаахад Ванкувер хот хоёрт оржээ.  Мөн Deutsche Bank тооцоолсноор Торонто, Ванкувер хотууд дахь байрны үнэ нь бодит үнээс 63 хувиар илүү үнэлэгдэжбайна .

Хятадууд дан ганц Канад улсыг сонгосонгүй. Тэд Австрали улсыг ч бас сонирхох болсон. Тэдний орон сууцны нийт худалдан авалтын 80% нь Сидней, Мельбурн гэх төв хотуудыг чиглээд байна.

Сүүлийн гурван жилд л гэхэд эдгээр хотууд дахь үл хөдлөх хөрөнгийн үнэ 44 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Demographia”-ийн  гаргасан “Худалдан авахад хамгийн хүндрэлтэй хотууд”-ын жагсаалтын гуравт Сидней хотын нэр бичигджээ.

БНХАУ-ын чинээлэг иргэд Сингапур улсыг олон жилийн туршид сонирхож ирсэн. Сингапур бол Хятадын хөрөнгө оруулагчдын  хувьд Ази тивийн хамгийн дуртай газруудын нэг (Сингапурын өмнө Хонг конг ордог болохыг дурдах нь зөв болов уу). Гэхдээ Хонг конг бол БНХАУ-ын тусгай захиргааны бүс тул хөрөнгө оруулагчид гадны орнуудыг илүү таашаадаг цаанаа учиртай юм.

Хятадуудын хувьд  гадны оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад илүү хялбар, чирэгдэл мөн эрсдэл бага байдаг билээ.

Экономист сэтгүүлийн үзсэнээр ‘Сүүлийн арван жилд Сингапур, Канад, Австрали улсуудын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эрчимтэй өсөж  байна’. (АНУ-ын зах зээл том учраас Хятадын хөрөнгө оруулагчдын үзүүлэх нөлөөлөл хязгаарлагдмал байдаг.)

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид гадны орнуудад үл хөдлөх хөрөнгө худалдан авах болсон нь цаанаа олон шалтгаантай. Өөр зах зээл, мөнгөн тэмдэгтэд хөрөнгө оруулах нь эрсдэлийг төрөлжүүлэх нэг арга билээ. 2015 оны наймдугаар сараас эхлэн БНХАУ-ын юань үнэгүйдэж, тус улсын эдийн засаг суларч эхэлсэнтэй холбогдон ‘төрөлжүүлэх явц’ улам газар авах болсон.

Түүнчлэн баян хятадуудад эх орноо даруй орхих хэрэг гарвал амьдрах газар хэрэг болно. Тэдний хувьд элэг нэгтнээ бараадан амьдардаг онцлогтой. Канад улсад Хятадын баячууд хэдийн суурьшиж, тухалсан байгаа. Мөн тэдний сонгосон байршил нь амьдрахад таатай нөхцөлтэй байх учиртай. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол багатай, улс төрийн орчин нь тогтвортой буюу урьдаас тааварлаж болохуйц мөн боловсролын систем сайтай газрыг эрэлхийлдэг.

Гэхдээ БНХАУ-ын эдийн засаг удаашрал нь гадаадын үл хөдлөх хөрөнгө худалдан авалтыг ч бууруулах нь тодорхой. Хятадын Засгийн газраас гадагш гарч буй мөнгөний урсгалыг хэдийнэ мөшгиж эхэлсэн бөгөөд гадагш мөнгө урсах явц улам л нууцлалтай болж байна. Саяхныг хүртэл танил сайтай хүмүүс хүссэн хэмжээний мөнгө гадагш төвөггүй гаргадаг байсан бол одоо байдал өөрчлөгдөж байна. 

Энэ оны эхээр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинь нэгэн шинэ хууль баталсан. Тус хуулийн дагуу “БНХАУ-ын иргэд жилдээ 50,000 ам.доллартай тэмцэх мөнгөн тэмдэгтийг гаргах эрхтэй” гэж заасан. Гэтэл баячуудын хувьд энэ тоо тоглоом мэт сонсогдоно.

Ванкуверийн үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Томас Дэвидоффийн өгүүлсэнчлэнВанкувер хотыг сонирхох нь аргагүй юм. Ирээдүйд таны хөрөнгө аюулгүй байна. Хөрөнгөө аюулгүй байхыг мэдэх нь Хятад мэтийн оронд амьдардаг хүмүүсийн хувьд маш чухал асуудал юм гэжээ.

Канадын залуу үеийнхэнд дэндүү ахадсан Торонто, Ванкувер хот
Канадын залуу үеийнхний хувьд цалингаа цуглуулж байр авна гэдэг дэндүү том мөрөөдөл болжээ. Тэд хувьдаа байр авч чадахгүй тул түрээсийн орон сууцыг сонгох болсон.

Гэтэл орон сууцны үнэлгээ, түрээсийн орон сууцны ханш өсөх тусам Канадын хориос гучин насны залуучууд төрсөн хотоо орхиход хүрч байна. Канадын статистикийн газар-ын тооллогоор өнгөрсөн онтой харьцуулахад 18-24 насны залуучуудын тоо 884-р буурсан байхад 25-44 насны хүмүүсийн тоо 1,300-р тус тус  буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ бол 2007 оноос хойш ажиглагдсан хамгийн том бууралт юм. 

Иймээс Канад улсын засгийн газрын зүгээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дэх гадаадын хөрөнгө оруулалтыг ихэд анхаарах болсон. Canada Mortgage & Housing” үндэсний орон сууцны агентлагийн тооцооллоор ‘Ванкувер хотын төв орчмын нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн 10 гаруй хувь нь гадны иргэд байна’ гэсэн үр дүн гарчээ.

“Канадын үндэсний банк”-ны хийсэн албан бус тооцооллоор ‘Ванкувер хотын орон сууцны зах зээлийн 33 хувийг Хятад иргэншилтэй хүмүүс эзэмшиж байна гэсэн тооцоо байна.

Канадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нарийн тооцоололгүй, бүрхэг байдаг. Энэ байдлыг арилгах үүднээс “Канадын статистикийн агетлаг”-т 500,000 ам.долларын төсвийг төрөөс олгож, гадаадын худалдан авагчын талаар судалгаа хийх үүргийг өгчээ.