Дархан-Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн цогцолбор байгуулах ажлын явц 80 хувьтай байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг өргөтгөн, Дархан-Сэлэнгийн бүсийн Төмөртолгой, Төмөртэй, Баянгол, Хуст-Уулын төмрийн ордуудыг түшиглэн 2010-2015 онуудад “Уул уурхай-хар төмөрлөгийн цогцолбор” байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Төмөрлөг дэд станц, Нойтон соронзон баяжуулах үйлдвэр, Төмөртэй Хуурай соронзон баяжуулах үйлдвэр, Төмөр толгой Хуурай соронзон баяжуулах үйлдвэр, Дархан терминал, Ерөө дэд станц, Төмөртэйн ордоос хандгайт өртөө хүртэл 33,4 км төмөр зам, Хандгайт терминалыг барьж байгуулан, Төмөртэйн ордын Зүүний Зүүн уурхайн олборлолтыг эхлүүлээд байна.
2015 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Жавхлант, Ерөө сумуудыг дайрсан 4 замын уулзвар хүртэлх нийт 102.8 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлсэн.
Дархан хотод байгуулах төмөрлөгийн цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шаардагдах 1.6 сая ам.долларыг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна. ТЭЗҮ-ийг боловсруулах I шатны ажлын тайланг хүлээн авч, II шатны ажлыг эхлүүлсэн.
“Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн Газрын 2014 оны 69 дугаар тогтоолоор Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 2015 онд үйлдвэрлэлийг өргөтгөн хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар “Кью Эс Си” ХХК-тай хамтран ажиллаж, одоогоор 81,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Тус үйлдвэр Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн шинээр уурхай нээх, үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэй төмрийн хүдрийн ордыг түшиглүүлэн жилд 1 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэрийг барьж Улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэр барих, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн гангийн үйлдвэрт хийгдэх өргөтгөлийн ажлуудад шаардлагатай хөрс, ус, геофизик болон гидрогеологийн судалгааны төсөл хэрэгжиж байна.
II шатны ажлын хүрээнд “Дархан Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн ордуудын төлөөлөх дээжээр төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэн туршилтад илгээх компанийг сонгон шалгаруулах” болон “Төмрийн хүдрийн нойтон баяжмалаар аргалж, хорголж үйлдвэрлэх хагас үйлдвэрлэлийн туршилт хийх компанийг сонгон шалгаруулах” ажлын техникийн даалгаврыг баталж, “Монгол ган” нэгдэл, БНХАУ-ын Бээжин Шоуганг компаниудтай гэрээ байгуулан, ажлыг эхлүүлээд байна.