Төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулж чадсан уу?
2012 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 98 аж ахуйн нэгжийн 37 нь алдагдалтай ажиллаж байсан бол 2013 онд 24 болж буурсан байна.
2012 оны жилийн эцэст нийт 63 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан компаниудыг 2013 онд нийтэд ил тод зарлаж, шинэ менежмент хэрэгжүүлсний үр дүнд алдагдлыг 6 тэрбум төгрөг (91 хувиар) болгон бууруулжээ. Тухайлбал, алдагдлыг эрчим хүчний салбарт 12 тэрбум төгрөгөөр, банк, санхүүгийн салбарт 38 тэрбум төгрөгөөр, зам тээврийн салбарт 7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.
2013 оны жилийн эцэст нийт 51,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан компаниудад 2014 онд үе шаттай арга хэмжээ авч ажилласны үр дүнд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 28,8 тэрбум төгрөг (54 хувиар) болгож бууруулсан байна. Тухайлбал, алдагдлыг уул уурхайн салбарт 10 тэрбум төгрөгөөр, эрчим хүчний салбарт 1,1 тэрбум төгрөгөөр, зам тээврийн салбарт 1 тэрбум, бусад салбар 10,7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулав.
2013 оны жилийн эцсээр 5893,6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан “ДЦС-3” ТӨХК, “Өмнөд бүсийн ЦТС” ТӨХК, “Дорноговь АЗЗА” ТӨХК, “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК, “Увс АЗЗА” ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, “Эрчим корпораци зэрэг 7 аж ахуйн нэгж 2014 оны 3 дугаар улирлын тайлан тэнцлийн дүнгээр 2689,6 сая төгрөгийн ашигтай гарсан.
...2015 оны хагас жилийн байлаар Төрийн өмчийн хорооны төлөөлөл хэрэгжүүлж буй нийт 79 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна...
2014 оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгө 5,1 их наяд төгрөг, нийт өр төлбөр 1,84 их наяд төгрөг байна. Харин ашиг 216,8 тэрбум төгрөг, алдагдал -89,5 тэрбум төгрөг байсан. 2014 онд нийт 73 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулсан.
...2015 оны хагас жилийн байдлаар нийт хөрөнгө 5,2 их наяд төгрөг, нийт өр төлбөр 1,8 их наяд төгрөг байна. Харин ашиг 32,4 тэрбум төгрөг, алдагдал -40,4 тэрбум төгрөг байна...
Засгийн газраас “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлуулав.
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолоор баталсан.
Жагсаалтад заасан хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг холбогдох яамтай хамтран хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, явц үр дүнг сар тутам танилцуулж байхыг Сангийн яам, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус даалгажээ.