Энэ удаагийн сонгуульд МАХН-тай эвсэхгүй
2016.04.21

Энэ удаагийн сонгуульд МАХН-тай эвсэхгүй

МАН-ын Бага хурал хоёр өдөр хуралдсаны дүнд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН дангаараа оролцох болж, сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хүргүүлэх болсон талаараа МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд МАН-ын дарга М.Энхболд "МАН, МАХН эвсч УИХ-ын сонгуульд оролцох хүрээнд хоёр талаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж МАН-ын зүгээс 80:20 гэсэн санал тавьсан. МАХН 60:40 болгохыг хүссэн. Хоёр талаас байгуулагдсан ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж тохиролцсон санамж бичигт 33:67 болсон. МАН МАХН- ын саналд илүү хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсан. Мөн энэ санамж бичигт “Тогтсон зүйлүүдээ өөрчлөхгүй, түүнээсээ буцахгүй, гэрээгээ байгуулж, эвслийн мөрийн хөтөлбөрөө баталъя” гэж тохиролцсон боловч өөрчлөх асуудал тавьсан нь итгэл алдруулсан. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд бид эвсч орж чадаагүй ч гэсэн цаашдаа эвсч нэгдэхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Төрийн ордонд гурван цаг уулзаж ярилцсан. Уг уулзалтаар яг юу ярьсан бэ?

МАН-ын дарга М.Энхболд: -Бид МАХН- ыг 16:00 цагт эвсэх эсэх асуудлаар эцсийн хариугаа өгөөч ээ. Сонгуулийн хуульд заагдсан ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж бололцоогоо тооцсон ч гэсэн цаг хугацаа давчуу болж байна. Эвсэх бол хамтарсан мөрийн хөтөлбөрөө, үгүй бол дангаараа оролцох мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой гэдгийг сануулсан. Гэвч 17:00 цаг хүртэл хүлээсэн, ямар ч хариу өгөөгүй. Харин 18:00 цагийн үед манай намд МАХН-аас бичиг ирж, хоёр намын даргыг ажлын хэсэгтэй уулзуулах санал тавьсан. Бид Бага хурлаа өндөрлүүлэх гэж байсан боловч түр завсарлуулсан.

Төрийн ордонд очиж, ажлын хэсгийн гишүүдтэйгээ хоёр намын дарга уулзсан. МАХН- ын дарга өөрийн саналыг хэлсэн. Нэгдүгээрт, орон нутагт манайх үнэхээр хүнд байна гэсэн. Хоёрдугаарт дөрөвдүгээр сарын 20- нд багтаан Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг заавал Аудитад өгөх ёсгүй гэсэн. Гуравдугаарт, УИХ-ын сонгуультай холбоотойгоор пропорционалиар нэр дэвшихээр МАХН-д оногдсон 10 суудлын зургааг нь эхний 15-д заавал бичнэ. Мажоритараар МАХН-аас нэр дэвших 15 хүн эхлээд мажоритарын 48 тойрог дээр сонголтоо хийнэ. Үлдсэн 33 дээр танайх хүнээ тавина шүү

гэсэн. Ийм саналыг дахин нэмж тавьж байгаагаас нь үзэхэд МАХН-ын удирдлага эвсэх тал дээр хичээл чармайлт гаргах бодолгүй юм байна. Асуудлыг улам хүндрүүлж байгаа нь биднийг хойш суулгах бодлого барьж байгаа юм байна гэж үзээд “Сонгууль зохион байгуулах байгууллага дөрөвдүгээр сарын 20-ны 17:30 цаг гэж цаг өгчихөөд байхад бид 24, 25-нд мөрийн хөтөлбөрөө өгч чадахгүй” гэдгээ хэлсэн.

-Таны ярианаас эвсэх асуудал нээлттэй үлдсэн гэж ойлголоо. Энэ яг юу гэсэн үг вэ?

-УИХ-ын сонгуулийн үр дүн яаж гарахыг хэн ч мэдэхгүй. Хэрвээ сонгуулийн дараа олонх бүрдэхгүй УИХ бий болбол МАН хэнтэй ч эвсэж энэ улс орны төлөө зүтгэхэд бэлэн. Өчигдөр муудсан, өнөөдөр ярихгүй гэдэг юм байхгүй. Улс орны эрх ашгийн төлөө, ард түмний эрх ашгийн төлөө хэнтэй ч шинэ асуудал үүсгээд хамтраад явах бололцоотой.

-МАХН мөрийн хөтөлбөрөө хоёр янзаар боловсруулсан гэсэн мэдээлэл бий. МАН бас мөрийн хөтөлбөрөө хоёр өөрөөр боловсруулсан байсан уу?

УИХ дахь МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогт: -МАХН-ын мөрийн хөтөлбөрийг Ц.Цолмон сайд хариуцаж байсан. Эвсэх асуудал эрчимтэй явж, ажлын хэсэг тодорхой тохиролцоонд хүрээд ирсэн үед бид мөрийн хөтөлбөрөө хэдийд яаж нэгтгэх вэ, эвссэн тохиолдолд эвслийн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой гэж үзээд энэ дээр ямар байр суурь баримтлах вэ гэдэг дээр бид Батлан хамгаалах яаманд очиж уулзсан. Нэг өдрийн дотор хоёр талын мөрийн хөтөлбөрөө нэгтгэх цаг хугацааны боломж байх юм байна гэж үзсэн. Өчигдөр (уржигдар) 18 цаг хүртэл МАН-ын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байсан. Гэтэл МАХН 15:00 цагт мөрийн хөтөлбөрөө баталсан байсан гэлээ.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ‘МАН дангаараа ямар нэг эвсэл болохгүйгээр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох болж байна. Бид гишүүддээ эерэг хариу өгөх юмсан гэсэн сэтгэл зүтгэлээр ажилласан. Гэөч эвсэх асуудал нь улс төрийн тохиролцоо наймааны хэрэгсэл болж хувиран, хүлээж авахын аргагүй болзол тавьж байсан учраас МАН шийдвэрээ гаргасан" хэмээн мэдэгдлээ.

Сонирхуулахад, Бага хурлаараа 2015 оны шилдэг намын байгууллагаа шалгаруулсан байна. Энэ удаа "Шилдэг намын байгууллага"- аар Нийслэлийн намын хороо нь шалгарчээ. 2015 онд тус намын хороо "Эрүүл иргэн- эрүүл хот" өдөрлөг, "Зүрхний Улаанбаатар-90" арга хэмжээ, "Зүрхнээс зүрхэнд" хандивын аян зэрэг олонд хүрсэн арга хэмжээ зохион байгуулсан юм байна.