“Давхар дээл”-ийг тайлах төслийг дэмжлээ
2016.04.06

“Давхар дээл”-ийг тайлах төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2016.04.06/ Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Хэрэгжих хугацаа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөнө.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Сонгуулийн тогтолцоо нь холимог байгаа нөхцөлд аль нэг нам, эвсэл нийт сонгогчийн 50 гаруй хувийн санал авах боломжгүй. Эвслийн Засгийн газар байгуулагдана. Тийм учраас 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар нь цаашдаа яаж тогтвортой ажиллах вэ гэдгийг бодолцож энэ хуулийг гаргах ёстой. Үүний тулд зарим сайд нарыг УИХ-аас томилох шаардлага бий” гэдгийг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох шаардлагатай” гэснийг УИХ-ын дэд дарга Л.Цог эсэргүүцэв.

Тэрээр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох шаардлагаггүй. УИХ-ын Тамгын газрын даргатай адил төвшинд ажилладаг” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Ерөнхий сайд нь УИХ-аас томилогддог. Бусад сайд нь мэргэжлийн хүмүүс байх ёстой” гэсэн саналыг тус бүр илэрхийлсэн юм. Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учраас чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна.

Сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр тогтоов

Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.  Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээтэй харьцуулахад ойролцоо тусаж буй юм. Тодруулбал, 2012 онд сонгуулийн зардлын хэмжээг 16.8 тэрбум төгрөгөөр зааж өгч байсан аж.  Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд сонгуулийн зардлын задаргааг тодорхой болгохыг хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын өгч байгаа тайлбараар 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.