Би Эрдэнэтийн ирээдүйг их өөдрөгөөр хардаг
УИХ-ын гишүүн, аймгийн Ардчилсан намын дарга Мигэддоржийн Батчимэг
2016.03.10

Би Эрдэнэтийн ирээдүйг их өөдрөгөөр хардаг

Бид энэ удаагийн “Уулзах цаг” буландаа УИХ-ын гишүүн, аймгийн Ардчилсан намын дарга Мигэддоржийн Батчимэгийг урьж оролцууллаа.

- УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Энэ намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн хамгийн чухал асуудлууд юу байв гэдгээс яриагаа эхлэх үү?

- Энэ намрын чуулган нэлээд завгүй ажилласан, ачаалал ихтэй чуулган байлаа. Тоо дурдахад бие даасан 29 хууль, нэмэлт өөрчлөлтөөр 36 хууль, УИХ-ын 38 тогтоол хэлэлцэж баталжээ. Гэхдээ тооноос илүүтэй чуулганы хугацаанд гарсан шийдвэр, баталсан хуулиудын чанар, үр өгөөж нь өндөр байлаа. Хэд хэдэн бүлэг чухал асуудлууд шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, иргэдийн амьдралд шууд өгөөжөө өгөх шийдвэрүүд. Засгийн газраас гаргасан орон сууцны хямд хүүтэй зээл олгох шийдвэр, Хамтын тэтгэврийн хууль, Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хууль, Хүүхдийн эрх, хамгааллын хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гээд.

Хоёрт, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд үр дүнгээ өгөх чухал хууль, бодлогын баримт бичгүүд гарлаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Тариалангийн тухай хууль, Барилгын тухай хууль, Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоол зэрэг. Гуравт, хуулийн салбарын суурь хуулиуд шинэчлэгдлээ. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гарснаар иргэддээ улам ойр, хүний эрхийг дээдэлсэн шударга хуулийн засаглалыг буй болгоход нэг том алхам хийлээ. Энэ бол цаг хугацааны явцад үр дүн нь мэдрэгдэх маш том шинэчлэл. Хаврын чуулганаар энэ том шинэчлэл үргэлжилж хэд хэдэн хууль нэмж батлагдана. 

Ажил орлоготой өрх бүр таван хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж болно

- Үнэхээр энэ чуулганы хугацаанд шийдэгдсэн асуудлуудаас иргэдийн анхаарлыг ихээхэн татсан нь орон сууцны хямд хүүтэй зээлийн асуудал байлаа. Таван хувийн хүүтэй зээл хэзээнээс олгогдож эхлэх вэ?

- Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан хамгийн чухал асуудлын нэг нь иргэддээ хямд хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломж олгох асуудал байсан. Засгийн газраас найман хувийн зээлийн хүүг таван хувь болгож бууруулах шийдвэр гаргалаа. Энэ бол Монгол Улсын иргэдэд мал, орон сууц, газрыг нь хувьчилж хувийн өмчтэй болгох түүхэн шийдвэрүүдийн араас гарсан бас нэг түүхэн шийдвэр.

Ажил орлоготой бүх хүн орон сууцтай болох, эсвэл амины хашаандаа бага хүүтэй зээлээр тохилог орон сууц барьж амьдрах боломж нээгдэж байна. Ер нь бол цаашид заавал орон сууц гэх биш, манайх шиг газар нутаг томтой орны хувьд хөгжингүй орнуудын жишгээр дэд бүтцийг нь төрөөс тавьж өгөөд, бага хүүтэй зээл олгоод иргэн бүр өөрийн тохилог хауст амьдрах боломжийг нээх нь зөв гэж би боддог. Таван хувийн хүүтэй зээл олгох нарийвчилсан журмыг Засгийн газар, Монголбанк хамтран боловсруулж байна. Журам боловсруулж дуусаад 4 дүгээр сараас таван хувийн хүүтэй зээл олгогдож эхэлнэ гэж үзэж байгаа.

- Орхон аймгийн хувьд газар хомс болохоор энэ ажил хэрэгжих аль хэр боломжтой бол? Цаашид иргэдэд газар олголтыг нэмэгдүүлэх, хил заагласан газар нутгийг тэлэх ямар боломж бий гэж та үзэж байна вэ?

- Одоо амины хашаатай, ажил орлоготой айл бүр тохилог хаус барьж амьдрах санхүүгийн боломж бий болно гэсэн үг. Орхон аймгийн хувьд гэр хорооллын дэд бүтэц, цэвэр усны хангамжийн асуудлыг боломжоороо нэлээд шийдээд явж байгаа. Цаашид ч цэвэр, бохир усны шугам, дулааны хүртээмж гээд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ирэх он жилүүдэд ийм ажил хийгдэнэ.

Газрын нөөцийн хувьд аймаг орон нутгийн удирдлага байгаа газрын нөөцөө улам сайн ашиглах, хөрш зэргэлдээ Булган аймагтай харилцан ойлголцож иргэддээ газар эзэмших боломж нэмэгдүүлэхийг хичээж ажиллаж байна. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд газар төлөвлөлтийг зөв хийвэл газар багаддаггүй. Дэлхийн эдийн засаг, соёл урлаг, загварын төв болсон Нью–Йорк хот Орхон аймгаас бага газартай, 8 сая 500 мянган хүн амтай. Гэтэл Эрдэнэтийн хүн ам одоо л 100 мянга хүрч байна.

Аймгийн газрын 1/3–ээс бага талбай 90 гаруй мянган хүнтэй Баян–Өндөр суманд, үлдсэн хэсэг нь 3000 хүнтэй Жаргалант суманд харьяалагддаг. Тиймээс Орхон аймагт газар хүрэлцэхгүй байна гэхээс илүү өнөөдрийг хүртэл газар төлөвлөлт хийж ирсэн арга барилдаа хувьсгал хийж, дэд бүтэц бүхий, иргэд оршин суух боломжтой газрын нөөцийг нэмэгдүүлэх цаг болсон.                                                           

    - Газар төлөвлөлтөд хувьсгал хийх хэрэгтэй гэж та сонин санаа хэллээ. Жаахан тодруулахгүй юу?

- Өнгөрч буй 3 жилийн хугацаанд Засгийн газар, Ардчилсан намын зүгээс бодлогоор хэрэгжүүлсэн нэг том ажил бол газар ашиглалтын шинэчлэл. Монгол Улсын нийслэл, бүх аймгийг хамарсан тоон системд суурилсан газар ашиглалт, бүртгэл, төлөвлөлтийн цогц мэдээллийн бааз хийгдэж дуусч байна. Одоо энэ нарийн мэдээлэлд тулгуурлан хотуудын шинэ суурьшлын бүс, үйлдвэр, аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын бүсүүдийг шинжлэх ухааны аргаар шинээр зөв төлөвлөх боломж бий боллоо. Газрыг энэ үзэл баримтлалаар дахин төлөвлөх, зөв ашиглах суурь тавигдахаар Орхон аймагт ч газар төлөвлөлтийн хувьсгал хийх боломж нээгдэж байна.

Өнөөг хүртэл хотын газар төлөвлөлт гэдэг зүйл одоо байгаа дэд бүтэцтэй багахан газрын хүрээнд л яригддаг, олон жил өөрчлөгдөөгүй хуучинсаг сэтгэлгээгээр явж ирсэн. Үүнийг өөрчлөх цаг болсон. Ингэснээр Орхон аймгийн газрын сангийн нөөц эрс тэлнэ, иргэн бүрт газар хувьчилж авах, эзэмших хангалттай нөөц бүрдэнэ. Энэ бол хэрэгжүүлэх боломжтой ажил. 

Хүн бүрm өгөөжтэй хөгжлийг бий болгохын тулд засаглалаа засах ёстой

- Та Үндсэн хууль, Төрийн албаны хууль, Улс төрийн намын хууль гээд төрийн тогтолцооны гол хуулиудад их анхаарч ажилладаг. Эдгээр хуулиуд намрын чуулганаар нэг л сайн урагшилсангүй. Ойрын үед батлагдах магадлал хэр байна вэ?

- Өнөөдөр төрийн ажилд байгаа олон алдаа дутагдал хүнээс гадна хууль дүрэм, тогтолцооныхоо гажуудлаас их хамаарч байгаа. Засаглалаа засахгүйгээр ямар ч эдийн засгийн өсөлт улс оронд, айл өрхөд, хүн бүрт хүссэн өгөөжийг өгч чадахгүй. Бид асуудал юундаа байна вэ гэдгийг нэлээд хэмжээнд ойлгож, засахын төлөө ажиллаж байгаа нь сайн хэрэг. Монгол хүн бууриа цэвэрлээд нүүдэг. Дараагийн дөрвөн жилд төр илүү үр бүтээлтэй ажиллаасай, улс орон улам хөгжөөсэй, хөгжлийн үр шим хүн бүрт хүртдэг болоосой гэвэл бид нэн түрүүнд засаглалаа л засахыг хичээх ёстой, энэ удаагийн Их хурал энэ гурван хуулийг заавал батлах шаардлагатай гэсэн байр суурьтай явж ирсэн.

Харамсалтай нь Үндсэн хууль, Улс төрийн намын хууль хэт улс төржилт, намуудын толхилцооноос болоод явсангүй. Төрийн албаны хууль харин овоо ахицтай байна. Байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Хаврын чуулганаар батлагдана гэж найдаж байна. Үндсэн хуулийн хувьд дараагийн УИХ бүрдэнгүүтээ өөрчлөлт хийчихнэ гэсэн баталгаа байхгүй. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг энэ жил болох аль нэг сонгуультай хамтатган ард түмнээсээ асуумаар байгаа юм. Иргэд дэмжсэн нөхцөлд харин энэ ажил дараагийн Их хуралд даалгавар болж очино.  

- Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хамгийн гол үндэслэл, шаардлага нь юу гэж та үздэг вэ?

- Монголд өнөөдөр дээр дооргүй бүх шатанд хариуцлага үгүйлэгдэж байна. Үүнийг бий болгохын тулд хийх хамгийн чухал ажил бол Үндсэн хуулийн өөрчлөлт гэж харж байна. УИХ, Засгийн газрын ажил үүргийн зааг ялгаа байх ёстой хэмжээндээ байхгүй байгаагаас бие биеийнхээ хийх ажилд хутгалдчихсан дээд байгууллагууд эргээд хэн хэнээсээ хариуцлага нэхэх, хяналт тавихад хэцүү болчихжээ. Манайх шиг парламентын засаглалтай оронд уг нь Ерөнхий сайд гэж нэг хүнд Засгийн газраа удирдах гол эрх мэдэл нь байдаг. Ерөнхий сайд сайд нараа өөрөө мэдэж томилж, огцруулдаг. Төсөв мөнгө зарцуулах гол эрх мэдлийг барьдаг. Япон, Герман, Англи гээд парламентын засаглалтай орнуудад ийм л байгаа. Гэтэл манайд Засгийн газрын тэргүүнд байх ёстой энэ гол эрх мэдлүүд УИХ-ын 76 гишүүнд хадгалагдаж байна.

Дөрвөн жилд нэг л удаа өөрчлөгдвөл өөрчлөгддөг, сонгогдсон хугацаа нь дуусахаас нааш хариуцлага тооцох боломжгүй 76 хүнд шүү. 76 толгойтой улс хөгжих үү? Цаашид энэ хэвээр байвал улам л амаргүй болно. Хариуцлага хүлээх хүн олдохгүй байх нь аргагүй. Би өнгөрсөн онд судлаачидтай хамтарч 30 гаруй орны Үндсэн хуульд харьцуулсан судалгаа хийсэн. Манайх шиг тогтолцоотой улс бараг байхгүй байна. Дээр нь нэмээд Засгийн газрын тогтвортой байдлын асуудал байна. Засгийн газартаа илүү хамгаалалттай, тогтвортой ажиллах боломж олгодог, бусад оронд байдаг Үндсэн хуулийн зохицуулалтыг бид авах хэрэгтэй байгаа юм.

Бид 25 жилд 14 Ерөнхий сайдын нүүр үзсэн. Дундажаар 2 жил ч тогтвортой ажиллаж чадахгүй байгаа Ерөнхий сайдаас урт хугацааны тогтвортой эдийн засгийн бодлого хүлээх аргагүй. Энэ мэт тогтолцооны алдааг засахгүйгээр бид хэт улс төржиж засаглалаа хямраадаг, хариуцлагагүй улс төрийг цэглэж чадахгүй. Энэ мэт олон өөр шаардлага бий. Үүн дээр нэмж хэлэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бас нэг чухал шаардлага нь Эрдэнэт, Дарханы хотын статусыг Үндсэн хуулиар зохицуулах асуудал.

- Төрийн албанд сонгууль бүрийн дараа хавтгайрсан халаа сэлгээ хийж намууд ээлжилж өмчилдөг жишиг тогтоод удаж байна. Одоо хэлэлцэгдэж байгаа хууль батлагдахаар энэ байдал засарна гэж та нэг ярилцлагадаа дурдсан байна лээ?

- Энэ хууль батлагдсанаар төрийн алба хаагчид тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Одоо мөрдөж байгаа төрийн албаны хуульд төрийн албан хаагчид улс төрөөс ангид тогтвортой ажиллана гэсэн заалт байдаг ч нарийвчилсан зохицуулалтыг тусгаагүйгээс дээрх заалт нь ердөө зарчим, тунхагийн шинжтэй. Бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийж болдог, төрийн албанд ажиллаж байгаагүй хүмүүс гаднаас гэнэт орж ирээд дарга болдог буруу жишиг хаа сайгүй байна.

Шинэ хуулиар төрийн албан хаагчид шатлан дэвшдэг, төрийн албанд наад зах нь 10-15 жил ажиллаж байж яамны газар, хэлтсийн даргын түвшинд ажиллах зэрэг дэвтэй болдог болно. Төрийн нарийн бичгийн дарга болохын тулд төрийн албанд доод тал нь 20 жил ажилласан байх ёстой. Энэ мэт нарийвчилсан заалт бодитой дэвшил авч ирнэ. Түүнчлэн төрийн албан хаагчид гурван жил тутамд аттестатчилсан шалгалт өгдөг, тогтоосон хугацаанд давтан сургалтад хамрагддаг болно. Ингэснээр төрийн алба хаагчдын мэдлэг, ур чадвар нь сайжирна.

- Улс төрийн намын хууль гарвал намуудын үйл ажиллагаа сайжирна гэх баталгаа бий юу?

- Аливаа байгууллагын ажил нэг талдаа хүнээс, нөгөө талдаа хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль, дүрэм журмаас хамаардаг. Хүмүүс нь болохгүй байна гээд солилоо гэхэд дүрэм журам нь тодорхойгүй, зөрчилтэй хэвээр байвал байдал засрахгүй. Тиймээс л шаардлага хангахгүй болчихоод байгаа намын хуулийг өөрчлөх хэрэгтэй гээд байгаа юм. Өнөөдөр улс төрийн намын нэр хүнд нийгэмд сайнгүй, намууд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж иргэд шүүмжилдэг. Монгол Улс төрийн байгууллагуудын, тэр бүү хэл аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ерөнхий хүрээ, чиг үүргийг хүртэл хуулиар тогтоож өгсөн байдаг. Гэтэл одоо үйлчилж байгаа улс төрийн намын хуульд нам гэдэг байгууллага ямар үүрэгтэйг тодорхой тусгаагүй баахан эрх л заасан байдаг.

Шинэ хуулиар намыг үүрэгжүүлж, бодлого боловсруулах, улс төрийн боловсон хүчний нөөцийг бэлтгэх, төр, иргэдийн хооронд гүүр болж ажиллах гээд хууль ёсны үүргийг нь зааж өгөх ёстой. Мөн санхүүжилтийн механизмыг нь боловсронгуй болгож, төрөөс санхүүжилт авч байгаа нам шилэн дансны хуулийг мөрдөх ёстой. Санхүүжилтийг нь чиг үүрэгт нь нийцүүлж зорилтот хэлбэрээр олгодог болох учраас намууд хийх ёстой ажлаа хийдэг болно гэж үзэж байна. Энэ мэт олон санал Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд тусгагдсан. Харамсалтай нь энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж чадалгүй буцлаа. Цаашид хугацаа алдахгүй батлах нь чухал.

-Та намрын чуулганы хугацаанд өөр ямар хууль дээр ажиллав?

-Нэлээд хэдэн хуулийн ажлын хэсэгт ажилласан. Сонгуулийн хууль, Төрийн албаны хууль, Төрийн батлан хамгаалах бодлого, Хяналтын тухай хууль, Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх арга хэмжээний тогтоол гэхчлэн. Мөн Төрийн гадаад харилцааны тухай хуулийг санаачлан боловсруулж, өргөн бариад байна. Монгол Улс нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой.

Аль нэг яам юм уу аймгийн гадаад бодлого, бие даасан гадаад харилцаа гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад харилцаа үрэлгэн, замбараагүй биш, улс орныхоо аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн, цэгцтэй байх ёстой. Төрийн байгууллагуудын гадаад харилцааг журамласан нарийвчилсан хууль манайд өдий хүртэл байхгүй явж ирсэн. Хоёр жилийн өмнөөс ажилласан хуулийн төслөө дуусгаж Засгийн газраас санал авахаар явуулчихаад урамтай сууж байна. Хаврын чуулганаар батлагдчихвал олон дэвшил авч ирэх хууль болно оо.

 Улс орны амьдрал ухраагүй, урагшилж байна

- УИХ дээр гарч байгаа хууль, шийдвэрүүдийн талаар ярилцлаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байна?

- Эдийн засгийн хувьд бодитой бэрхшээл байна. Хамгийн том шалтгаан бол манай улсын гаднаас орж ирдэг орлого их хэмжээгээр буурсан. Нэг үе 8000 ам.доллар давж байсан тонн зэсийн үнэ 4500 ам.доллар руу орчихлоо. Тонн нь 200 ам доллар хүрч байсан нүүрс 30 ам.доллар хүрч уналаа. Энэ бүхэн манай эдийн засагт хүндээр нөлөөлж, бид эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэхгүй бол зөвхөн гадаад зах зээлээс хамааралтай уул уурхай шүтээд тогтвортой хөгжихөд хэцүү гэдгийг харуулж байна. Гэхдээ төр засаг эдийн засаг хямарч байна гээд барьц алдаад эсвэл учраа олохгүй хараад суугаагүй. УИХ-аас эдийн засгийг дэмжих нэлээд олон чухал шийдвэр гаргасан. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Гацууртын ордын хөрөнгө оруулалт орж ирэхээр боллоо. Дагаад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдэнэ гэж харж байна. Япон гэж дэлхийн гурав дахь том эдийн засагтай оронтой татваргүй худалдаа хийх хэлэлцээр байгуулж чадсан нь том үйл явдал боллоо. Татварын шинэ орчин бүрдэж эхэлж байна.

Жижиг аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болсон. Өмнө нь 3 тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгж 25 хувиар татвар төлдөг байсан бол энэ босгыг 10 тэрбум болгож өсгөхөөр болж байна. Энэ нь цаашид аж ахуйн нэгжүүдэд томрох, ажлын байраа нэмэгдүүлэх боломж олгоно. Хувийн хэвшлийнхээ хөгжлийг ихээхэн дэмжинэ гэсэн үг. Жижиг аж ахуйн нэгжүүдийн татвар тайлагналтыг маш хялбар, дарамтгүй болгохоор ажиллаж байна. Ер нь бизнес эрхлэх татварын орчин нэлээд сайжрахаар байгаа. Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сайн бодлогууд гарч хэрэгжиж эхэлж байна. Эдийн засгийн хүндрэл энэ ондоо хурдан саарчихгүй байх, ирэх оноос өсөлт нэмэгдэж эхэлнэ гэсэн дотоод, гадаадын эдийн засагчдын таамаг бий.

- Таны яриаг сонсоход урамтай, төрийн ажил, улс орны амьдрал тодорхой хэмжээгээр урагшилж л байна гэж бодогдож байна. Гэтэл нийгмийн сэтгэлзүй зарим талаар гутранги байх шиг?

- Бидний амьдралд, төрийн ажилд бүх юм сайн сайхан байна гэж би хэлэхгүй. Сүүлийн хоёр жилд эдийн засгийн өсөлт саарсан нь хүмүүсийн бизнест, ажил эрхлэлтэд, амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. Ядуурал, баян ядуугийн ялгаа их байна. Төрийн тогтолцоонд гажуудал байна. Нийгэмд ёс суртахууны доройтол их байна. Энэ бүхэн бол бодит байдал. Гэхдээ үүний нөгөө талд монголчууд хийж бүтээж, тасралтгүй урагшилж байна. Зарим талаар эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч хоёр гуравхан жилд барьсан зам, боссон бүтээн байгуулалтуудыг харахаар чамлахаар чанга атга гэдэг үг санаанд ордог. Асуудал байна уу. Байна. Олж хараад байгаа бол барьж аваад шийдэхийн төлөө л ажилла.

Хоосон муулаад юу ч өөдлөхгүй. Хийж бүтээсэн зүйл бага мөртлөө бүхнийг болохгүй бүтэхгүй гэж байнга усан амлаж, үгүйсгэж явдаг хүмүүст би дургүй. Өөдрөг хүн, өөдрөг улс үндэстэнд л тасралтгүй урагшлах эрч хүч байдаг. Саяхан УИХ Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг баталсан. Энэ бодлогод эдийн засгийн тогтвортой өсөлт, тэр дундаа хүн бүрт, өрх айл бүрт хүртээмжтэй өсөлтийг бий болгохыг эрмэлзсэн, тооноос илүү чанарыг чухалчилсан сайн зорилтууд туссан. Эдгээр зорилтууд одоо шинэ хуулийн шаардлагын дагуу намуудын мөрийн хөтөлбөрт тусна. Хөгжлийн бодлого төлөвлөх шинэ хуультай болсноор намууд юу дуртайгаа амладаг, тэнгэрийн амлалт өгдөг байдал энэ жилээс хумигдаж эхэлнэ.

 Эрдэнэтэд хөгжлийн боломж маш их бий

- Улс орны ажил амьдралын талаар нэлээд ярьлаа. Орхон аймгийн тухайд ажил амьдрал ямар байна вэ? Та аймагт эрх барьж байгаа намын даргын хувьд өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

- Эрдэнэтийн иргэд 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намд итгэл өгч хариуцлага хүлээлгэсэн. Алдаа доголдол огт байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ л энэ хугацаанд орон нутгийн удирдлага чамгүй сайн ажилласан гэж боддог. Зам харгуй, гэр хорооллын дэд бүтэц, гэрэлтүүлэг, цэвэр усны хангамж, хот тохижилт, орон сууцны орчны ая тух, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, хотын өнгө үзэмж гээд олон дэвшил хүмүүсийн нүдэн дээр ил байна. Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг 95 хувьд хүргэж чадсан ганц аймаг бол манай аймаг. Улсын төсвийн хөрөнгөөр хоёр шинэ сургууль баригдлаа. Гурав дахь нь, Эрдэнэт цогцолборын өргөтгөлийн барилгын ажил энэ онд эхлэх ёстой.

Хүүхдийн шинэ эмнэлэг барих төсвийг бид он дамжин нэлээд хөөцөлдөж байж 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж чадлаа. Удахгүй ажил нь эхэлнэ. Орхон аймагт 1983 онд одоогийн БОЭТ-ийн барилга баригдсанаас хойш эмнэлэгт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй явж ирсэн. Сүүлийн 3 жилд төрөхийн засвар, Өрхийн эмнэлгүүдийн нэгдсэн байр, Уламжлалт, дотор, хөнгөвчлөх эмнэлгийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын асуудал гээд нэлээд олон асуудал шийдэгдлээ. Энэ эрчээ алдахгүй урагшлахад Эрдэнэт улсынхаа нүүр царай болсон том хот болох суурь сайн тавигдаж яваа гэж боддог. Энэ онд аймаг байгуулагдсаны 40 жилийн ой болно. Энэ ойг орон нутгийн удирдлага иргэддээ тайлагнах олон бүтээлч ажилтай угтах гэж байна.

- Манай аймаг дэлхийд томоохонд тооцогддог үйлдвэрийг дагаж сүндэрлэсэн. Гэтэл үйлдвэр 6 мянган хүнийг л ажлын байраар хангадаг. Энэ нь 100 мянга орчим хүнтэй хот суурин газрын хувьд бага тоо. Ажлын байрны хүрэлцээ муу. Тэгэхээр ажилгүйдлийг бууруулах, ямар арга зам байна вэ?

- Өмнө хэлсэнчлэн сүүлийн хоёр жилд эдийн засаг саарсан нь ажлын байр хумигдахад нөлөөлж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд амаргүй цагийг туулж байгаа. Хамгийн сүүлийн статистикаар Орхон аймагт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2200 гаруй байна гэсэн тоо гарсан байна лээ. Цаашид ажлын байр нэмэгдүүлэх өргөн боломж бий. Юуны өмнө зэсийн гадаад зах зээлийн байдал дунд болон урт хугацаандаа өөдрөг байгаа юм билээ. Тэгэхээр Эрдэнэтийн бүү хэл Монголын ард түмнийг тэжээж ирсэн энэ том үйлдвэрт өргөн боломж бий. Эрдэнэтэд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнхийг орон нутгаасаа худалдаж аваад байхад л орон нутгийн иргэдийн бизнес, ажил эрхлэлтэд мэдэгдэхүйц нөлөөтэй.

Эрдэнэт үйлдвэрийн одоогийн удирдлага энэ талаар сэтгэл гарган ажиллаж байгаа гэж боддог. Өнгөрч буй 3 жилийн хугацаанд Орхон аймагт 60 шахам жижиг дунд үйлдвэр үүдээ нээсний нэлээд нь Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Цаашид зэсийн үнэ ханш сайжраад ирэхэд улам нэмэгдэх боломжтой. Эрдэнэт үйлдвэрийн хаягдал зэсийн овоолгыг ашиглаад орон нутгийн иргэдийн хувь оруулсан үйлдвэр баригдах гэж байна. “Зэс эрдэнийн хувь” компанийн ажил овоо урагшилж байна. Би энэ талаар Алтанхуяг захиралтай уулзаж Аж үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай холбож өгч ажлыг нь дэмжиж байгаа.

Цаашдаа ч дэмжиж ажиллана. Эрдэнэт өрсөлдөх чадвараараа аймгуудаас нэгдүгээр байрт яваа. Дээр нь дэд бүтэц, газар зүйн байрлал сайтай учраас цаашдаа Эрдэнэтэд олон үйлдвэр шинээр нээгдэх боломж бий. Энэ бол уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт байгаа боломж. Эрдэнэтийн онцлогийг харвал аялал жуулчлал, хүлэмжийн аж ахуй, барилгын салбар хөгжих асар их боломж байгаа.

- Ямар боломж байна, жаахан тодруулах уу?

- Эрдэнэтийн хувьд юуны өмнө эдийн засаг наашлахын хэрээр дотоодын аялал жуулчлалын нэг том төв болох боломж байна гэж хардаг. Улаанбаатараас Хөвсгөл руу аялах гол магистрал зам Эрдэнэтээр дайран өнгөрч байгаа нь ийм боломжийг нэмэгдүүлж байгаа. Мөн Эрдэнэт медикал гэж улсын хэмжээнд байхгүй шахам орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжтэй эмнэлэг баригдлаа. Удахгүй албан ёсоор нээгдэж ажиллаж эхэлнэ. Үйл ажиллагаа нь жигдрээд ирэхэд тэр хэрээр олон газрын хүмүүс ирдэг болж, худалдаа, үйлчилгээ ажлын байр нэмэгдэхэд нөлөөлнө.

Ер нь аялал жуулчлал, үйлчилгээ бол манайх шиг өсөх ирээдүйтэй эдийн засагтай оронд хамгийн цэвэр, өргөн боломжтой салбар. Манай Жаргалант сум уламжлалт газар тариалангийн нутаг. Монголд өвлийн цагт шинэ ургацын ногоогоор зах зээлийг хангах ихээхэн эрэлт хэрэгцээ байгаа. Ямар сайндаа л өвөл болохоор улаан лооль, өргөст хэмх, ногоон сонгиноо Хятад, Солонгосоос зөөж байх вэ. Жаргалантад одоо явж байгаа аж ахуйгаа дэмжээд, дээр нь өвлийн хүлэмж байгуулж эхэлбэл Улаанбаатар, Дарханы зах зээл хажууд байна шүү дээ. Энэ тал дээр орон нутгийн иргэдэд бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой.

Жаргалант сумын удирдлага тариалан эрхлэх нөөц талбайгаа нэмэгдүүлж, сумын иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зөв бодлого барьж ажиллаж байна. Тариалангийн хууль шинээр батлагдсанаар тариаланчид газраа 15 биш, 40 жилээр эзэмших боломжтой болж байна. Орон сууцны зээлийн хүрэлцээ нэмэгдэхээр ирэх он жилүүдэд барилгын салбарт ч ажлын байр бас нэлээд нэмэгдэх боломжтой. Товчхондоо би Эрдэнэтийн ирээдүйг их өөдрөгөөр хардаг.

- Хүүхэд залуусын цагаа өнгөрүүлэх газар, тэднийг хөгжүүлэх хомс гэдэг. Залуусыг хөгжүүлэхэд оюунд нь, мэдлэгт нь тус нэмэр болохоор зүйл хийх хэрэгтэй. Үүнтэй та санал нийлэх үү...?

- Санал нийлэлгүй яах вэ. Эрдэнэт бол залуусын хот. Тиймээс кино театраас эхлээд залуусын урлаг соёл, спортын сайхан цогцолборууд мэдээж хэрэгтэй. Ирэх он жилүүдэд үүнд чиглэсэн ажил хийгднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Би өнгөрсөн онд Монголын хөлбөмбөгийн холбоонд санал гаргаж, Орхон аймгийн хөлбөмбөгийн холбооны оролцоотойгоор хөлбөмбөгийн хоёр талбай байгуулах ажлыг энэ хавар эхлүүлүүлэхээр тохиролцсон. Энэ талбай залуусын очих дуртай газруудын нэг болох байх аа. Мөн аймгийн удирдлагаас хоёр ч газарт хүмүүсийн очиж амарч салхилах таатай орчин бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилго тавиад зарим ажил эхэлж байгаа. Энд Улаанбаатарт байгаа үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг дугуйн замтай, амарч тухлах орчин бүрдүүлсэн залуусыын болзох дуртай газар байгуулж болно гэж харж байна.

 Гэр бүл сайн сайхан байж л улс үндэстэн хөгжинө

 - Та аюулгүй байдал, төрийн тогтолцоо, хэл соёл гээд их өргөн хүрээтэй асуудлаар судалгаа хийж, хуулийн төсөл санаачилдаг. Сүүлийн үед гэр бүлийн асуудлаар нэлээд идэвхтэй ажиллаж байх шиг. Энэ талаар Орхон аймагт хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар яривал сонин болов уу.

- Би бүр эрт, судалгааны байгууллагад ажилладаг байсан цагаасаа, 2003 оноос Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хүмүүнлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд оролцож эхэлж байлаа. Амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулийн насны хүүхдүүдийг дэмжих хөтөлбөрт арван жилд арван мянга шахам хүүхэд хамрагдсан байдаг. Энэ ажлаа одоо ч олон чиглэлээр үргэлжлүүлж байна. Гэр бүл судлаач эрдэмтэн багш нартай хамтарч Улаанбаатарт, Эрдэнэтэд нэлээд олон сургалт, лекц зохион байгуулсан.

Хүмүүс гэр бүлийн лекцэнд ирэх их дуртай байдаг. Хоёр жилийн өмнө аймгийн цагдаагийн хэлтсээс эхэлсэн сургалт, лекцэнд нэлээд олон байгууллага, хүмүүс хамрагдаад байна. Ямар ч асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Мэргэжлийн хүний яриа, зөвлөгөөг бүх л хүн амьдралд хэрэгтэй гэж сонирхон сонсдог юм. Улаанбаатараас ирэх багш нар хүн бүхэнд хүрч чадахгүй болохоор өнгөрсөн оноос эхлээд гэр бүлийн сургагч багш бэлтгэх ажлыг аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Эхний 50 багш гурван шатны сургалтаа дүүргэж сургагч багш болох гэж байна. Хүмүүсээс, ялангуяа эмэгтэйчүүд, ахмадуудаас гэр бүл рүү чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажлаа өргөжүүлээч гэсэн хүсэлт зөвлөгөө их ирдэг.

Тиймээс Номин телевизтэй хамтарч гэр бүлд тохиолддог янз бүрийн зовлон бэрхшээл, тэдгээрийн шийдлийг хөндсөн “Айл” нэртэй бүтэн жилийн цуврал нэвтрүүлгийг эхлүүлээд явж байна. Мөн орлого багатай 50 өрхийг сонгон авч тэднийг гэр бүлийн асуудлаар соён гэгээрүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж ахуйгаа өөд татахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг орон нутгийн байгууллагуудтай хамтарч эхлүүлээд жил гаруй болж байна. Үр дүн их сайн байгаа. Бага зардлаар олон хүний амьдрал ахуйд тус дэм өгч байна.

- Таны санаачилж эхлүүлсэн дулаан баригч хэмээх түлшний зарцуулалт багасгадаг төхөөрөмж айлуудад хүргэх төсөл аль хэр олон айлд хүрч байгаа вэ?

- Айл өрхийн түлшний зарцуулалтыг өвөлдөө 40 гаруй хувиар бууруулдаг, энэ хэрээрээ утаа багасгадаг авсаархан төхөөрөмжийг Улаанбаатарын гэр хорооллын айлуудад олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас хүргэж байгаа мэдээллийг би өнгөрсөн намар авсан юм. Жилдээ цөөн тоогоор үйлдвэрлэдэг болохоор хүссэн газар бүрт хүргэж чадахгүй байгаа юм билээ. Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага нь харин бидний хүсэлтийг хүлээж авч Эрдэнэтэд энэ төслөө хэрэгжүүлж эхэлсэнд их баяртай байгаа. Энэ хавартаа багтаад 3000 өрхөд дулаан баригч нийлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Маш хөнгөлөлттэй үнээр борлуулдаг энэ төхөөрөмж өвөлдөө айлын түлшний зардлаас дунджаар 500 – 600 мянган төгрөг хэмнэж байгаа гэж бодохоор хүмүүст өгөөжтэй ажил болсон гэж бодож байгаа.

- Та ер нь яагаад хүмүүнлэгийн ажил, тэр дундаа гэр бүлийн асуудал руу орох болсон юм бэ?

- Хүмүүнлэгийн ажлаас, тэр тусмаа хэрэгцээтэй хүнд бодитой тус дэм хүргэдэг ажлаас их урам авдаг. Хүмүүсийн төлөө улам ихийг хийхсэн гэсэн хүсэл төрдөг юм. Эмэгтэй хүмүүс угаасаа л нийгмийн дунд, амьдрал дунд явдаг. Их хуралд гэр бүл, нийгмийн чиглэлээр ирж байгаа өргөдөл, хүсэлт ихэнх нь л эмэгтэй гишүүдэд хаяглагдсан байдаг. Тиймээс би эмэгтэй хүнийхээ хувьд зайлшгүй дунд нь явах ёстой талбар гэж боддог. Нөгөө талаас надад нэг мэргэжлийн итгэл үнэмшил байдаг. Улс орон айл гэрээс эхэлдэг. Айл гэр амгалан байж улс орон аюулгүй, амгалан оршино. Монголын ирээдүй гэр бүлдээ л төлөвшиж торнино. Тиймээс гэр бүлийн сайн сайхны төлөө ажил бол нөгөө талаар улс үндэстний сайн сайхны төлөө хийх хамгийн чухал ажлын нэг гэж боддог.

- Төгсгөлд нь асуухад УИХ гишүүн, орон нутгийн намын даргын ажил гээд энэ завгүй их ажлын хажуугаар эмэгтэй хүний хувьд ар гэрийн амьдралаа яаж зохицуулдаг юм болоо гэж бодож суулаа?

- (Инээв) Мэдээж эрчүүдтэй адилгүй, ээжийн үүрэг, эзэгтэйн үүрэг гэж орлуулж болдоггүй том хариуцлага бий. Гэр бүлийнхэн маань ойлгож, дэмжиж явдаг болохоор болоод л байдаг юм. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж сайхан үг бий. Би ганцаараа зүтгэх биш дээ. Баг, хамт олонтойгоо ойлголцоод гар нийлээд ажиллахад олны хүчээр ажил урагшлаад л байдаг. Ер нь хүмүүс бие биеэ ойлгож, дэмжиж, гар нийлж, бэрхшээлээс илүү боломжийг нь томоор харж явбал амьдрал ажил үйлс бүтэмжтэй, улам өөдлөөд л явна шүү дээ. Сайн санааны үр жаргал авч ирдэг юмаа миний хүү гэж хэлдэг ээж аавынхаа сургаалиар энэ яриагаа өндөрлөе дөө.