Хүн ёс байхгүй цагт шударга ёс, хууль ёсны талаар яриад хэрэггүй
2016.03.10

Хүн ёс байхгүй цагт шударга ёс, хууль ёсны талаар яриад хэрэггүй

Шихихутуг ХЗДС-ийн багш, хуульч, лектор Ц.Амарсанаа

Би ингэж боддог ...

Хүний амьдралд амлалт биш бодитой хэрэгжих бодлого чухал. Амлалт бүтэх боломжтой байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр хүмүүс логик сэтгэлгээнээс илүү  сэтгэл хөөрлөө илүүтэй дагадаг. Бидэнд  бодитой бий болох зүйлс л хэрэгтэй. Хууль нь хүртэл хийсвэр,  амьдрах чадваргүй болж байна. Хууль нь сайн хэрэгжихгүй болохоор Үндсэн хуулийг буруутгаж байгаа нь харамсалтай. Монгол улсын гавьяат хуульч, доктор Б.Чимид асан Үндсэн хуулийн гол амин сүнс бол улс орны тусгаар тогтнол гэж нэгэнтээ хэлсэн.

... Бид хэт хөөсөрсөн зүйлсийг хэрэгжүүлэх гэж үндэс сууриа сийрэгжүүлэх, савлуулах алдаа гаргаад байх шиг ... 

Энэ нийгэмд шударга ёс, хууль ёс, хүн ёс байх учиртай гэж боддог. Гэхдээ шударга ёсны талаар одоо ярих нь тохиромжгүй. Яагаад гэвэл энэ тухай хүн ёс бий болсон үед л ярих хэрэгтэй  болов уу. Хууль ёс бол мөн адил эндээс урган гарч буй ойлголт, хэмжүүр. Нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол хүн ёс. Миний бодлоор энэрэн хайрлах, уучлах, нэгнээ гэх сэтгэл гээгдсэн мэт санагдах боллоо. Хүмүүстэй ярилцахад байнга ямар нэгэн хардалт мэдрэгддэг. Нөхөрлөл гэдэг үгний үнэ цэнэ ч устаад эхэллээ. Хүн ёс байгаа цагт л шударга ёсны  хэмжүүр бий болдог.

Бид магадгүй нэг л амьдралын төлөө бус тасралтгүй үргэлжлэх Монголын төлөө амьдрах  хэрэгтэй. Үүнд хүн бүрийн оролцоо  хэрэгтэй байна.