Зудын хүндрэлтэй байгаа сумдад өвс, тэжээл хүргэх талаар мэдээлэл солилцов
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амарыг өнөөдөр /2016.03.07/ хүлээн авч уулзан цас, зудын талаар цаг үеийн мэдээлэл авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн 2016 оны 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зудын хүндрэлтэй байгаа Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдад ажиллаж, өвөлжилтийн хүндрэлтэй газар дээр нь танилцаад иржээ. Тэрээр эдгээр сумдад цасны зузаан малын бэлчээрт 30 см-ээс дээш байгаа учраас мал бэлчих боломжгүй болж, малчид өвс тэжээлийн нөөцөө дуусаад байгаа талаар дуулгаад, хангайн бүсийн энэ сумдад хаврын хүндрэл 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг учраас мал төллөх үлдсэн 2 сард өвс, тэжээлгүйгээс мал хорогдох нөхцөл бүрдсэн байна.
Иймд хангай бүсийн зудтай сумдад нэмэлт өвс, тэжээл хүргэх асуудлыг тасралтгүй авч ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ малчдын орлого хомсдож, төлбөрийн чадваргүй болсон байдлыг харгалзан үнэ өртгийг тогтоох талаар холбогдох шийдвэрийг гаргах шаардлага байгааг хэллээ