Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжил
2016.03.01

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжил

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас хэвлэлийн бага хурал хийж, цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээлэл болон хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэв. Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээллэх секторын эрхлэгч Ж.Цогт, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян нар мэдээлэл хийлээ. 

Энэ сарын 2, 3-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа нь зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. 

Иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. 

 

Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авч ажиллах аж. 

Малчдын хувьд малын бэлчээрлэлтэд онцгой анхаарч, малыг ойрын бэлчээрт, нөмөр, нөөлөг газар бараадуулах, их салхи шуурганаас урьтаж хаших, салхи шуурганы үед өвс, тэжээл өгч бэлчээрлүүлэхгүй байхыг зөвлөж байна. 

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 18 аймгийн 98 сум "цагаан зуд"-тай, 20 аймгийн 113 сум "цагаанаар зудархуу" зэрэглэлд байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 аймгийн 205 суманд 248.910 толгой мал хорогдоод байна. 

2016 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    

2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 2-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 3-наас баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.