Хөдөлмөрийн яам "малчдад туслах аян" өрнүүлжээ
Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагынхан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Аяны эхний ээлжинд цугласан хандивын мөнгө, эд материалын зүйлсийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр МУЗН-ийн Гамшгийн менежментийн багт өглөө.
Хөдөлмөрийн яамны хамт олон “Малчдад туслах аян”-ы хүрээнд нэг өдрийнхөө цалинг хандивласан бол яамны харьяа 37 МСҮТ, Политехник коллежийн багш ажиллагсад, оюутан сурагчид малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379, бээлий 1316 ширхгийг оёж, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, саван 686 ширхэг зэрэг 21,5 сая төгрөгийн 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйлсээс гадна бэлнээр 9,9 сая төгрөг цуглуулсан нь нийтдээ 31,5 сая төгрөгийн хандив болжээ.
Тус аяныг нийслэл, дүүрэг, аймгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна харьяа хоёр агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд өрнүүлж буй бөгөөд аймаг орон нутгийнхаа Онцгой байдлын албаар дамжуулан тусламжаа малчдад илгээх ажлыг ойрын өдрүүдэд хийх аж.
Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс малчдад нэн хэрэгцээтэй эсгий гутал 100 хосыг худалдан авснаа энэ өдөр МУЗН-т хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр хандивыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байгаа МУЗН-ийн Гамшгийн менежментийн багийнхнаар дамжуулан малчдад хүргэх юм байна.