Ахмадыг хамгаалах хуулийн төсөл боловсруулна
Өнгөрсөн намрын чуулганаар нийгэм хамгааллын чиглэлээр баталсан хуулиудын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өглөө.
Намрын чуулганаар баталсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд нь хүүхэд хамгаалах эрх зүйн орчин болоод нийгмийн хамгааллыг сайжруулах боломж бүрдэж байгааг С.Одонтуяа гишүүн хэллээ.
Монгол Улсын хэмжээнд 113 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Жил ирэх тусам олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар тэгш хөгжих боломж бүрдэх аж.
Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдснаар тэтгэврийн даатгалын сан урт хугацааны найдвартай баталгаатай байх суурь тавигдаж байна гэж С.Эрдэнэ хэллээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сүүлийн үед өндөр настай ахмадууд хүчирхийлэлд өртөх боллоо. Үр хүүхдүүд нь тэтгэврийн зээлээр барьцаалж дарамтлах, хүчирхийлэх тохиолдол нэг биш гарч байна. Энэ байдалд анхаарал хандуулж байна уу?
-Тийм. Ахмадууд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэх хандлагатай байна. Аав ээжийнхээ тэтгэврийг олон сар жилээр авчихаад өөрсдийнхөө машин тэрэг, байр орон сууцны зээлээ хийчихдэг, эсвэл ууж идчихээд сууж байдаг үр хүүхдүүд ч байна. Гэтэл орлогогүй болсон хөгшчүүд өлөн, зөлмөн амьдрал, хүчирхийлэл дунд өдөр хоногийг өнгөрөөж байгаа тохиолдол олон бий. Тиймээс Ахмадын эрхийн тухай хуулийн төсөл боловсруулахаар бэлдэж байна. Энэ хуульд үр хүүхдүүд нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх асуудлыг тусгана. Мөн тэтгэврийн зээлийг ямар шалтгаан нөхцөлөөр авах гэж байгааг судалж нухацтай байдлаар ханддаг тогтолцоог бий болгоно.
-Сайн дурын даатгалаа сар бүр төлөх хүндрэлтэй байна гэж иргэд хэлдэг. Учир нь, даатгалаа төлөх мөнгөтэй болоод очихоор төлөх хугацаанаасаа нэг, хоёр сараар хэтэрчихсэн байдаг. Тиймээс энэ даатгалыг нөхөж өгөх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх боломж байна уу?
-Сайн дурын даатгалыг нөхөж төлөх боломжгүй. Харин 2015 оны долдугаар сарын 1-нээс иргэн хүн сайн дураар нийгмийн даатгалаа улирал, жилээр урьдчилж төлөх боломжтой болсон. Энэ асуудал дээр иргэд өөрсдөө хариуцлагагүй ханддаг. Аливаа хуулийн хэрэгжилт дууссаны дараа янз бүрийн өргөдөл гомдол гаргадаг. Өргөдөл санал гомдол гаргасны дагуу гурван удаа сунгасан. Нэг удаа нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж олон хүүхэдтэй ээжүүд тэтгэвэрт гарах хугацааг нөхөн тооцуулах заалт оруулж өгсөн.