МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.03.03

Зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон

УИХ дахь МАН-ын бүлгээс малчны, цалингийн, тэтгэврийн, жижиг дунд үйлдвэрлэлийн гэх мэт бүх төрлийн зээлийн хүүг бууруулахыг удаа дараа шаардаж, Засгийн газарт саналаа хүргүүлж, энэ чиглэлээр холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байсан билээ.

Тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 11.25, цалингийн зээлийн хүүг 20.4 хувиас 12.75, малчны зээлийн хүүг 26.5 хувиас 16.5, жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг 7 хувиас 4.37 хувь болгон бууруулж, ард иргэдийн нуруун дээр ирж буй дарамтыг багасгахыг шаардаж байсан. Үүний дагуу өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар бүх төрлийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанк, эдийн засагчид, төрийн холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна гэж тус хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. 

Тэрээр сонгогдсон тойрог Ховд аймагтаа ажиллаад ирсэн бөгөөд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр "Зээлгүй иргэд байна уу" гэхэд танхимд цугларсан хүмүүсээс гар өргөх хүн ганц ч байхгүй байгааг хэлсэн юм. 

Монгол Улсад өргүй, зээлгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байхгүй болсон байна. Өр зээлийн асуудал төрд ч, иргэн, аж ахуйн нэгжид ч дарамт болж байна. Авсан зээлээ иргэн, аж ахуйн нэгж төлөх үүрэгтэй. Гэхдээ зээлийн хүүний дарамтыг багасгах боломж төр засагт бий. Энэ тал дээр МАН-ын бүлгээс тодорхой шаардлагыг удаа дараа тавьсан гэж МАН-ын бүлгийн дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгээс дэвшүүлсэн бүх төрлийн зээлийн хүүг бууруулах асуудалд Өргөдлийн байнгын хороо анхаарч нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа энэ аж.