Цаашид хэрхэн нэгдэж, хамтрах вэ гэдгээ ярих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингөөс тодрууллаа.
-МАН, МАХН хоёр “Эх орончдын баяр”-аа хамтран тэмдэглэж байна. Олон хүний хүлээлт тайлагдаж байна гэж харж болох уу?
-Сайхан байна. Энэ жилийн хувьд “Эх орончдын баяр” онцлог болж байгааг харж байгаа байх. Хаврын энэ сайхан едөр тэнгэр хангай ч сайхан байна шүү дээ. Ноднин, уржнан ийм сайхан байсан бил үү дээ. Цаанаасаа нэг зүйлийг хэлээд байгаа юм биш үү.
-“Эх орончдын баяр” гэсэн нэр нь эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүрт хамаатай гэж ойлгож явтал хоёр намын баяр мэт сурталчилгаа хийгээд явчих юм?
-“Эх орончдын баяр” гэж сүүлд нэрлэсэн л дээ. Уг нь бол гуравдугаар сарын 1 чинь улс төрийн ууган хүчин байгуулагдсаны баярын өдөр юм. Хэдэн жилийн өмнөөс ч билээ дээ, хамтатгаад “Эх орончдын өдөр" болгон тэмдэглэдэг болсон.
-Энэ өдөр л ганцхан эх орноороо бахархаад өнгөрөх ёстой юу. Зарим улстөрчдийн зүгээс ийм хандлага ажиглаад байх юм?
-Эх орончид хийгээд эх орны тухай асуудлыг ганц хоёр өдөр яриад өнгөрдөг зүйл биш. Жилийн 365 хоног байнга л эх орныхоо тухай, эх орноо хэрхэн яаж хөгжүүлэх тухай, ямар байдлаар хамгаалах вэ гэдэгтээ санаа зовж байх ёстой л доо. Энэ өдрийг зөвхөн кампанит ажил болгоод өнгөрч болохгүй байгаа юм.
Хоёр нам хамтарч энэ өдрийг тэмдэглэж байгаа нь яах аргагүй онцлох зүйл мөн. 2010 оноос хойш ингэж “Эх орончдын баяр”-ыг тэмдэглэж байгаагүй байх аа. Ингэж баярлах нь бүү хэл энэ хоёр том нам хамтарч томоохон арга хэмжээ хийж байгаагүй.
-“Эх орончдын баяр”-ыг хамтатган тэмдэглэснээр МАН, МАХН хоёр нэгдэх хоёр процессын эхний алхам гэж харах хүн байна л даа. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой яваа вэ?
-Нэгдэнэ гэдгийг хүмүүс янз янзаар л ойлгож байна. Зарим нь нэгдэж нэг нам болно гэж байхад нөгөө хэсэг нь эвсэл болж хүчээ нэгтгэхийг ч сануулж байгаа юм. Энэ мэтчилэн янз бүрээр л ойлгож байна л даа. Аль нь ч байлаа гэсэн агуулгын хувьд ялгаагүй. Хугацааны хувьд ямар нэгэн асуудал байж магадгүй. Тэгээд ч хүчээ нэгтгэх цаг болсон.
Угаасаа МАН, МАХН хоёр чинь нэг нам байсан. Гэсэн хэдий ч хоёр тусдаа нам болоод явж байна. Эндээс хэн хохирсон юм. Мэдээж ард түмэн хохирсон. Одоо ч ард түмэн хохирсоор л байгаа. Энэ бүхэн дээрээ дүгнэлт хийх цаг болсон. Цаашид хэрхэн нэгдэж, хамтрах вэ гэдгээ ярих л хэрэгтэй. Уг асуудал дээр нууж цэрвээд байх зүйл байхгүй. Бусдаас болгоомжпоод бүр ч хэрэггүй. Учир нь энэ чинь нийгмийн захиалга, ард түмний хүсэл шүү дээ.
-Сүүлийн үед жагсаалтын 28 мандатын зургааг нь нийслэлд нэмэхээр болсон талаар яриа гарч байна. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад найман мандатын асуудал хөндөгдсөн ч дэмжлэг аваагүй шүү дээ?
-Үүнийг сонсоогүй болохоор мэдэхгүй байна. УИХ-ын ганц хоёр гишүүн тийм хуулийн төсөл санаачлаад явж байна гэж дуулсан. Гэхдээ чуулган завсарлачихсан шүү дээ. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хорьсоор удсан. Хэрамсалтай нь сая баталсан Сонгуулийн хуульдаа энэ хугацааны хэсгийг нь авчихсан юм байна. Үүнийг ашиглаж зарим хүмүүс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа юм биш үү.
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулбал дэмжих үү?
-Энэ тийм амархан зүйл биш байх аа. Улс төрийн нам өөртөө тааруулаад Сонгуулийн хуульд гар хүрээд байж болохгүй. Энэ чинь сонгогчдын эрхэнд халдаж байгаа асуудал.
-Сонгуулийн хуульд өмнө нь зургаан сар гэдэг хугацааг ямар зорилгоор суулгаж өгч байсан юм бэ?
-Анх 2001 онд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр гэж батлагдсан юм. Түүн дээр хүний эрхийг хамгаалах, хангах үүднээс сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гээд заагаад өгчихсөн. Дараа нь харин хууль болгосон. Ийм л түүхтэй эд байгаа юм.
-Ээлжит бус чуулганыг дахин зарлана гэсзн яриа гараад байна. Ээлжит бус чуулганаараа Цэцийн асуудал болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх байх гээд байгаа л даа. Та энэ талаар сураг ажиг дуулав уу?
-Миний хувьд Их хурлын удирдлагад байдаггүй болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна.
-Өмнө нь ээлжит бус чуулган зарласан. Дахин ээлжит бус чуулган зарлаж болох уу?
-Саяын болоод өнгөрдөг шиг ээлжит бус чуулган хийвэл ямар олиг байхав дээ. 20 гаруй асуудал төлөвлөчихөөд ганцхан асуудал шийдээд тарна гэдэг чинь тоглоом, тохуурхал шүү дээ.