АТГ-ын биш Ерөнхий сайдын хариуг сонсмоор байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.02.25

АТГ-ын биш Ерөнхий сайдын хариуг сонсмоор байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Н.Энхбаярыг Шадар сайдаар томилохгүй бол МАХН-ынхан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэж УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд орж албан бусаар хэлсэн гэх мэдээлэл байна. Та энэ талаар мэдэж байна уу?

-Энэ асуудлыг мэдэхгүй байна. Сая л сонслоо. Ерөнхийдөө, МАХН өнөөдөр АН-тай хамтарч Засаг барьж байгаа. Энэ утгаараа манай намд оногдсон сайдын квот суларсан тохиолдолд гэрээ­нийхээ дагуу дараагийн сайдыг харилцан тохиролцох ёстой. 

Мэдээж, Эрүүл мэнд, спортын сайдын суудал эзгүй байгаа тул орны хүнээр хэнийг томилох талаар биднээс санал авсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр шүү дээ. Харин манай намынхан Засгийн газрын ажлыг удаахгүйн тулд хариуг нь маш хурдан өгсөн. Гэтэл Ерөнхий сайдын зүгээс ямар нэг албан ёсны хариу өгөхгүй байсаар, өнөөдөр хоёрдугаар сар сүүл мушгиж байна. 

-Танай намын зүгээс Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Оюунбаатарыг, түүний оронд Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах шийдвэрээ эргэн харсан уу. Ер нь, сайдын суудлын асуудлаар хуралдаж байгаа юу?

-Монгол Улсын Ерөнхий сайд сайдад горилогчийн нэрийг УИХ-д оруулж, хэлэлцүүлэх ёстой. Ингэхийн өмнө зөвшилцсөн субъект гэх ойлголтыг мөн авч үзэх ёстой л доо. Хэдийгээр АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдын суудалд тэнцэхгүй гэх хариу ирсэн гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулж байгаа ч Ерөнхий сайд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
 
-Урьд нь ял шийтгэл эдэлж байсан, ялгүйд тоо­цогдох хугацаа нь дуусаагүй байсан ч хамаагүй гэж үү? 

-Шийдвэр гаргах субъект нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Иймээс бидэнд ямар нэгэн хариу ирүүлэх л ёстой. Гэтэл таг чимээгүй байгаад байна. Ийм тохиолдолд Ерөнхий сайдын өмнөөс бид шийдвэр гаргаж, “Энэ хүн болохгүй юм байна, дараагийн сайдын нэрийг өгье” гэсэн зүйл ярьж болохгүй л дээ. Уг нь, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газарт нь сайдын орон тоо гарсан бол 30 хоногийн дотор дараагийн сайдын асуудлыг шийдсэн байх ёстой. 
Үүгээр нь тооцвол өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Засгийн газар цэгцэрчих байсан. Гэтэл Ерөнхий сайд өөрөө нэрээ өргөн барихгүй, хуулийн хугацааг хэтрүүлж, хууль зөрчөөд байна. Энэ нь түүний чадамжгүйг л харуулж байгаа хэрэг.

-Өчигдөр (уржигдар) Ерөнхий сайдыг халз мэтгэлзээнд дуудсан байна лээ. Үндэслэл нь юу юм бэ?

-Би 2012 оны наймдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Тэр үед сэтгүүлчид та хэрхэн ажиллах вэ, гэж хамгийн түрүүнд асуухад би “нийгэм дэх шударга ёс, хуулин дахь шударга ёсыг хангая...” гэж хариулж байсан. Хуулийн цоорхой, зөрчилтэй байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага хангасан хуулийн төсөл санаачилж, өргөн баръя л  гэсэн үндсэн санаа байгаа юм. Жишээ нь, 25 жил шүүгчээр ажилласан бол нас хамааралгүй тэтгэвэрт гаргадаг. Тэгвэл 25 насандаа шүүгч болсон залуу 50 хүрээд тэтгэвэрт гарна гэсэн үг. Гэтэл Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 60 нас хүрсэн эрэгтэй хүн тэтгэвэрт суухаар заасан байгаа. Энэ бол хуулийн зөрчилдөөн. Энэ мэт маш олон хуулийн зөрчилдөөн байдаг. Би өнгөрсөн хугацаанд 32 хуулийн төслийг санаачилсан. Эдгээр нь миний хувийн сонирхол болоод үзэмжтэй ямар ч холбоогүй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн түвшинд, судлаачид, төрийн бус байгууллага, иргэд, ажлын хэсэг гээд маш олон процесс байдаг. 

Олон дамжлагаар тухайн хуулийн шүүсийг шахаж байна гэж зүйрлэж болно. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн хуулийн төслүүдийг дэмжээгүй. Иргэдийн эрх ашгийг шингээсэн хуулийн төслүүдэд яагаад үгүй гэж байгааг би ойлгохгүй байгаа тул Ерөнхий сайдыг үндэслэлээ тайлбарла гэж халз мэтгэлзээнд дуудсан юм. Би яагаад хэрэгтэй гэдгээ, харин Ерөнхий сайд яагаад энэ хуулийн төсөл хэрэггүй гээд буйгаа тайлбарлаж, дундаас нь ард түмэн өөрсдөө дүгнэлт хийх боломжтой.