Эдийн засгийн байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулжээ
Эдийн засгийн байнгын хороо
2016.02.24

Эдийн засгийн байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулжээ

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажил нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төрийн мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, эдийн засгийн бодит салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг тус тус батлах, 2016 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл болон 2015 оны төсвийн тодотголын талаар санал, дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, үүрэг чиглэл өгөх зэрэгт чиглэгджээ.

Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо нийтдээ 20 удаа, ажлын хэсгүүд 70 гаруй удаа хуралдсан байна.

Энэ хугацаанд Эдийн засгийн Байнгын хороо давхардсан тоогоор 50 гаруйасуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 30 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 7 ажлын хэсэг байгуулан ажилуулсан байна.

Байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 2 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, 5 хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан нийт 30 хууль, бусад шийдвэрийн 3 нь шинэчилсэн найруулга буюу шинээр батлагдсан хууль, 17 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, 10 нь Улсын Их Хурлын тогтоол байжээ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2016 оны эцэст 7 хувь, 2017-2018 онд 5-7 хувийн хязгаарт тогтворжуулах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байх нөхцөл болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжлүүлэх зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлсон байна.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн шинэ орчинг бий болгох, төлөвлөлтийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлан гаргажээ. Энэхүү хууль батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, харилцан уялдаатай, хэрэгжих үндэслэлтэй болж, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа юм.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан нь эрчим хүчний хэрэглээг хангахад шинэ эх үүсвэр бий болгохын зэрэгцээ эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах зэргээр эдийн засаг, нийгмийн суурь салбаруудад эерэгээр нөлөөлөх боломжийг бүрдүүлжээ. Тус хуульд эрчим хүчний хэмнэлтийн үндсэн бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллага, зохицуулах чиг үүргийг эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл тус тус хэрэгжүүлэх, улмаар эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүчний хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг тус тус зохицуулахаар тусгасан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт зөвшөөрсөн тогтоолыг хэлэлцэн батлав.

Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Ээлжит чуулганы хугацаанд өмнөх чуулганы үед байгуулагдсан 2 ажлын хэсэг үргэлжлэн ажилласан байна. “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг, мөн олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжсэн төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц, байдлыг шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шалгалтын ажлын хэсэг тус тус ажилласан байна.

Орон сууцны ипотекийн зээлийн талаар болон инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсох ажлыг зохион байгуулж, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүс, Говь-Алтай, Ховдын усан цахилгаан станцууд болон Өмнөговийн Оюутолгой, Ховдын Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан байна.

Байнгын хороо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг иргэдэд тайлбарлан сурталчлахад зориулан арга зүйн хялбаршуулсан гарын авлага боловсруулж, хэвлүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийн үндэсний форум-2016” сэдэвт форум, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажиллагааг тус тус зохион байгуулсан байна