УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн бага хурал хийлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.02.23

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн бага хурал хийлээ

Улсын Их Хурлын О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд урьж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр Ерөнхий сайдад явуулсан албан бичигтээ, Улсын Их хурлын гишүүн О.Баасанхүү миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/10048, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 7/10619 тоот албан бичгээр тус тус хүргүүлж байсан билээ.

Гэвч Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2415, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/62 тоот албан бичиг болон хуралдааны тэмдэглэлээр миний санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай мэдэгджээ. Улсын Их Хурлын гишүүний хувьд хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд тодорхой тооны хуулиудыг санаачлан хуулийн дагуу Засгийн газраас санал авахад урьд өмнө нь ч, одоо ч үргэлж татгалзсан хариу ирүүлсээр байна. Аливаа хуулийг УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж байгаа хэдий ч энэхүү хуулиудыг боловсруулахад тооцоо судалгааг нь мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагууд болон ард иргэд хамтран оролцож боловсруулдаг бөгөөд дан ганц Улсын Их Хурлын гишүүний санаа бодол байдаггүй гэдгийг та болон танай Засгийн газрын яам агентлагууд ойлгож байгаа гэж найдаж байна.

Иймд олон нийтийн өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор нөгөө талаасаа ард түмэнд бодит мэдээллийг өгч Засгийн газрын зүгээс санал өгөхдөө хэт хөнгөмсгөөр ханддагийг нотлох үүднээс таныг 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19:00 цагт халз мэтгэлцээнд урьж байна хэмээн дурдсан байна