Өрх толгойлсон ээж, аавуудыг "анхаарна"
Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийн талаар танилцуулах илтгэл тавьж, оролцогчидтой ярилцсан юм.
Сүүлийн гурван жилийн дунджаар Монгол улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувь аж. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40 мянга гаруй ээж байгаа бол 7971 аав байна гэлээ.
Тэгвэл эдний 80 гаруй хувь нь тав хүртэл насны хүүхэдтэй байгааг дуулгав. Өрх толгойлсон болон ганц бие, хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хүртээмжгүй байгааг энэ үеэр хөндөв. Хуулиараа гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулалт бий. Гэхдээ энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 10-15 хувьтай байдаг гэнэ.