Монголын төр хоёр дахь удаагаа өршөөсөн
Хуулийн хэрэгжилт 2016 оны хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болсон.
2016.03.01

Монголын төр хоёр дахь удаагаа өршөөсөн

Хуулийн нэр: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль

Өргөн барьсан он, сар, өдөр : 2014.06.09

Батлагдсан он, сар, өдөр: 2015.08.07

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн: 2015.08.07

Хувь хүн, хуулийн этгээд бүр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон цаашид ч санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангаа үнэн зөв, шударгаар гаргах хэрэгтэй болж байна.

Энэхүү хуулиар 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаар хязгаарлан 2016 оны хоёрдугаар сарын 20-ны дотор хувь хүн, хуулийн этгээдийн компанийн болон орлогын мэдүүлгээ сайн дурын үндсэн дээр шинээр гаргах боломж нээж өгсөн юм.

Анх хууль батлагдахад тухайн оны 31-ний дотор шинээр тайлангаа ирүүлэхийг шаардаж байсан ч иргэд, аж ахуйн нэгж харьцангуй идэвх багатай, нөгөө талаар сунгаж өгөх хүсэлтийн дагуу дараа оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан нь энэ.

...Тайлангаа шинээр мэдүүлсэн хувь хүн, аж ахуйн нэгж эрүүгийн болон захиргааны хэргээс нэг удаа чөлөөлөгдсөн юм...

Хуулийг хэрэгжилтийг хангах үүднээс татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, гааль, санхүүгийн тайлангийн асуудлаар тус бүрт тусгай утас ажиллуулж, холбогдох дуудлага нууцын зэрэглэлтэй байсан юм.

Өмнө нь 2008 онд Татварын өршөөлийн тухай хууль гарч байсан.

Энэ хуульд 4000 гаруй хувь хүн, хуулийн этгээд хамрагдаж, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө орлого ил болж байсныг өнөөдрийн ханшаар тооцвол 8 их наяд гаруй төгрөг юм.

...Зургаан сар гаруй хэрэгжсэн хуулийн хүрээнд урьдчилсан тооцоогоор 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж, 8,3 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байна...

Эцсийн тоо хараахан гараагүй ч нэг их өөрчлөгдөхгүй байх гэдгийг Сангийн сайд хэлж байсан. Энэ хэрээр далд эдийн засгийн хувь хэмжээ буурч, татварын бааз суурь нэмэгдэж байгаа ч цаашид эргээд далд хэлбэр рүүгээ орохгүй байхыг үгүйсгэхгүй учраас үргэлж ил тод байхад анхаарч ажиллах нь зүйтэй болов уу.

...Татвар, санхүү, нягтлан бодохтой холбоотой асуудлаар сүүлийн гурван жилд санаатай болон санамсаргүй үйлдлээсээ болж, 10 мянга гаруй компанийн захирал, нягтлангууд хууль хяналтын байгууллагад шалгагдаж, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл заалтаар байцаагдаж байсан гэсэн тоо бий...

Тиймээс энэ тоог бууруулах, татвар, санхүүгийн аливаа дарамтыг үгүй болгох, дарамт шахалт болон ашиг хонжоо хайснаас үүдэлтэй авлигыг таслан зогсоох нь хуулийн бас нэг зорилт байв.

Орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулаад байна.

Нөгөө талаас нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн санд 15,6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.