Хохирогч эмэгтэйг ажлаасаа гар гэж дарамталсан уу?
2016.02.29

Хохирогч эмэгтэйг ажлаасаа гар гэж дарамталсан уу?

Төрийн албан хаагч эмэгтэй ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад зэрлэгээр хүчирхийлүүлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хэрэг олны анхаарлын төвд байсаар. Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Ц.Байгалмаа гэх эмэгтэйг хүчирхийлж амь насанд нь халдахыг завдсан хэргээр Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын орлогч Б.Ханбаатар татагдан, шалгагдаж байгаа.

Б.Ханбаатар нь бусадтай нийлж, айлд архи ууж, халамцсаныхаа дараа хохирогч эмэгтэйг малын гоц халдварт өвчин гарчихлаа хэмээн дуудуулж авчраад ийм зэрлэг хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдэг. Гэтэл хохирогч эмэгтэйн биеийн байдал маш хүнд, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж хэд хэдэн удаагийн хагалгаанд орж байх хойгуур цомхотголд оруулж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэхээр завдаж байжээ.

Тодруулбал, хохирогч Ц.Байгалмааг “Сумын Засаг даргын Тамгын газраас ажлаасаа гарах өргөдөл өг” гэх зэргээр дарамталж, хохироож байгаа талаар ноцтой баримт хөндөж, энэ асуудлыг анхааралдаа авч тодорхой арга хэмжээ авахыг хүссэн гомдол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна. Ингээд гомдлын мөрөөр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд Төв аймгийн Баянчандмань сумын засаг дарга Б.Баярнэмэхийг өөрийн биеэр хүрэлцэн ирж тайлбар өгөхийг хүсч иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс ирүүлсэн гурван хуудас гомдлыг хавсарган явуулсан байна. Гомдол үнэний ортой болохыг ч сумын Засаг дарга хүлээсэн байна. Чингэхдээ хохирогч эмэгтэйн эрүүл мэнд болон сэтгэл санааг засаг даргын тамгын газраас тодорхой хүрээнд дэмжиж ирсэн гэдгээ мэдэгдсэн гэнэ. Тэгсэн атлаа ажлаас нь чөлөөлж цомхотгохоор завдаж байсан нь хачирхалтай.

Уг нь төрийн албан хаагч ажлаа үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн үед тусламж үзүүлэх эрхзүйн зохицуулалт байдаг. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан энэ зохицуулалтыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд Баянчандмань сумын засаг дарга Б.Баярнэмэхт сануулсан байна. Хохирогч эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа үед цомхотголд оруулахыг урьтал болголгүй хүний эрхийнх нь талаас юу дутагдаж гачигдаж байгааг нь асууж лавлаж аймаг сумынхаа түвшинд шийдвэрлүүлж ажиллан хариу мэдэгдэхийг Баянчандмань сумын засаг даргаас Хүний эрхийн дэд хорооны дарга хүссэн байна.

Дашрамд дурдахад энэ жигшүүрт хэрэгт сумын засаг даргын орлогч Б.Ханбаатартай хамт холбогдон шалгагдаж байсан Г.Ариунболд ажилдаа эргэж орсон нь олны дунд шуугиан дэгдээж иргэдийн дургүйцлийг хүргэж байсан. Тэгвэл энэхүү дуулианы цаагуур Г.Ариунболд ажилдаа орсонтой холбоотойгоор хохирогчийг цомхотгох санаархал гүйсэн байж болох. Азаар иргэний нийгмийн байгууллагынхан хандах ёстой газраа хандаж чадсанаар энэ асуудал ийнхүү олны сонорт хүрч байгаа юм.