Эмнести Интернэшнлээс таны эрхэд аюул нүүрлэж байгааг анхаарууллаа
Эмнести Интернэшнл дэлхийн хүний эрхийн төлөв байдлын Тайлан 2015/16-г хэвлэн гаргалаа.
Засгийн газрууд ичгүүргүйгээр олон улсын хуулийг зөрчиж, хүний эрхийг хамгаалдаг институтуудыг санаатайгаар нухчин дарж байна.
“Зөвхөн бидний эрхэнд ч биш, эрхийг хамгаалдаг хууль, тогтолцоонд заналхийлж байна” хэмээн Эмнести Интернэшнл анхаарууллаа.
Аюулгүй байдал нэрийн дор үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж байгаа хатуу арга хэмжээ, түр зуурын үндэсний ашиг сонирхол зэргээс хүний эрхийн олон улсын хамгаалалт задрахад хүрээд байна хэмээн Эмнести Интернэшнл дэлхийн хүний эрхийн нөхцөл байдлын тайлангийнхаа нээлтийн үеэр хэллээ.
Дэлхий даяар хүний эрхэд заналхийлж байна
Засгийн газрууд санаатайгаар бидний эрхийг хамгаалж буй институтуудыг үл ойшоон, халдаж, хүний эрхийг дордуулсан нуугдмал, гэтсэн хандлага гаргаж байгааг Эмнести Интернэшнл анхаарууллаа.
70 гаруй жилийн шургуу хөдөлмөр, хүний хөгжил эрсдэлд ороод байна. Засгийн газрууд дотоодынхоо тайлан мэдээг хянуулахаас зугтаж НҮБ, Олон улсын Эрүүгийн шүүх, Европын Зөвлөл, Америк хоорондын Хүний эрхийн тогтолцоо зэрэг олон улсын болоод бүс нутгийн механизмуудын хүчийг сулруулж байна.
Үндэсний түвшинд заналхийлэлд өртөж байгаа эрх
2015 онд хичнээн засгийн газар олон улсын хуулийг ичгүүргүйгээр зөрчсөнийг Эмнести Интернэшнл баримтжууллаа. 122 улсад хүмүүсийг эрүүдэн шүүж, зүй бус харьцаж, 30 гаруй улс дүрвэгчдийг аюул нүүрлэж буй улс руу буцаажээ.
Засгийн газрууд хүний эрхийг хамгаалагч идэвхтнүүд, хуульчид руу халдаж, довтлох нь нэмэгдэх хандлагатай байгааг Эмнести Интернэшнл анхаарууллаа. Шийдвэрлэх алхам авч хэрэгжүүлэхийн оронд олон засгийн газар санаатайгаар шүүмжлэлийг багалзуурдаж байна. Тэд өөрсдөө хуулиа зөрчиж, иргэдийнхээ эсрэг хахир арга хэмжээ хэрэгжүүлж байна. Засгийн газруудын үндэсний аюулгүй байдлын эсрэг заналхийлэлд үзүүлж буй хариу үйлдэл нь хувийн нууцтай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж, иргэний нийгмийг нухчин дарж, хүний эрхийг муучлахаар оролдож байна.
НҮБ-д хийх шаардлагатай дахин шинэчлэл
НҮБ, хүний эрх, дүрвэгчдийг хамгаалах албууд нь 2015 онд хөшүүн засгийн газруудын дайсагнал ба хайхрамжгүй байдалд нэрвэгдлээ. “НҮБ нь ’дайны зовлонгоос дараагийн үеийг хамгаалах’-аар байгуулагдсан ч асар том сорилтуудтай нүүр тулгарч, эмзэг болжээ гэдгийг Эмнести Интернэшнл онцоллоо.
Олон засгийн газар НҮБ-ын хоморголон устгахаас сэргийлэх, гэмт үйлдэлд хариуцлага тооцох үйл ажиллагаанд нь санаатайгаар тээг учруулж, дотооддоо хүний эрхийг сайжруулахыг зөвлөсөн зөвлөмжийг нь хүлээн авахаас татгалзаж, үл тоомсорлож байна.
Тогтолцооны гажуудлын улмаас хариуцлагыг баталгаажуулах, олон улсын хууль ба эрхийг баталгаажуулах чухал үүргээ НҮБ хэрэгжүүлэхгүй байгаагийн гамшигт үр дагаварын жишээ нь Сирийн мөргөлдөөн юм
Үйл ажиллагаанд уриалах нь
Өнөөдөр дэлхий ертөнц улс төрийн тоглолт хийсэн засгийн газруудын олон сорилттой тулгараад байна. Дүрвэгчид хэдэн саяараа өргөн тархаж байгаа мөргөлдөөнд нэрвэгдэж, зэвсэгт бүлэглэлүүд санаатайгаар энгийн иргэд рүү халдаж, ноцтой зөрчлүүдийг үйлдэж байна. Засгийн газрууд бидний эрхэнд халдахаа зогсоож, хамгаалалтын орчныг бэхжүүлэх ёстой. Хүний эрх чимэглэл биш хэрэгцээ шаардлага юм.
Эмнести Интернэшнл НҮБ-ын гишүүн улс, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 2017 оноос ажиллаж эхлэх НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргыг сонгох үйл ажиллагаанаас эхлэн цаашид шинэчлэл хийх асуудлаар зоригтой шинэлэг алхам хийхийг уриаллаа. Мөн засгийн газруудыг хүний эрхийг хамгаалах, олон улсын хуулийг дэмжих тогтолцоог бүрэн санхүүжүүлж, улс төрийн дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
2015 онд иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн эрхийг ноцтой зөрчсөн улс орнуудын жишээ:
- Тайланд: тайзны тоглолт, Фээсбүүкийн коммент, графити бичлэг зэргээр тайван замаар шүүмжлэгчдийг баривчилж, эрх баригч цэргийн хүчнийхэн “аюулгүй байдал” нэрийн дор өөрөөр сэтгэгчдийг нухчин дарах, эрхийг хязгаарлах зэргээр эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг шаардсан олон улсын шаардлагыг үл ойшоожээ.
- Израйль: 1,8 сая хүн амтай Газын зурваст цэргийн хорио тогтоож, Палестины адил 2014 онд Газын зурваст болсон мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн дайны гэмт хэрэгт хариуцлагатай мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар НҮБ-д амласнаа үл хэрэгжүүлэв.
- Сири: хорих газар дахь эрүүдэн шүүх үйлдэл, эмх замбараагүй бөмбөгдөлт, байлдааны техник хэрэгслээр олон мянган энгийн иргэдийг хороож, иргэдийн амьдарч буй газрыг удаан хугацаагаар бүсэлж, иргэдэд хүрэх олон улсын тусламжийг саатуулсан байна.
- Хятад: хүний эрхийн хамгаалагчдын эсрэг эрс хурцадмал арга хэмжээ хэрэгжүүлж, ‘үндэсний аюулгүй байдал‘ нэрийн дор “шүүрдэх” хуулиуд гаргасан
- ОХУ: иргэний нийгмийг дуугүй байлгахыг оролдож, хэт туйлшралын эсрэг хууль тогтоомж, үндэсний аюулгүй байдал нэрийн дор хэлмэгдүүлэлт явуулж, Сирид энгийн иргэдийг хороосноо үл хүлээн зөвшөөрч, Сирийн асуудлаарх Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд саад тотгор учруулжээ
- Их Британи: терроризмтэй тэмцэх нэрийн дор олноор нь тагнаж, чагнахаа үргэлжүүлэн, Хүний Эрхийн Европын Шүүхийн хяналтаас зугтахыг оролдов
- АНУ: “терроризмийн эсрэг дэлхийн дайн”-ы гамшигт үр дагаварын жишээ болсон Гуантанамо хорих газрын үйл ажиллагааг үргэлжлүүлж, хүчээр сураггүй болгосон, эрүүдэн шүүсэн хэрэгт хариуцлага тооцсонгүй.